Хуулиа зөрчсөн эмийн сангуудад 16 сая төгрөгийн торгууль тавьжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад “Нийгмийн даатгалын тухай”,”Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгажээ.
Шалгалтад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 нь хамрагдсан байна.
“Нийгмийн даатгалын тухай” хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл зарим эмийн сангууд илэрчээ. Баянгол дүүргийн “Хаадын тун”, “ЭНТО”, “Эм Би Би Жей”, “Бейсан” , Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сүхбаатар дүүргийн “Тавин-Ус”, “Монос”, ‘Лхадаш хайрхан” , Сонгинохайрхан дүүргийн “Хар хорин Евро фарма”, “Арцад фарма” эмийн сангууд ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод оногдох шимтгэлийг төлдөггүй байжээ. Мөн эмийн сангийн ихэнх хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 134 төрлийн эмийн хангалт дутуу, эмийн үнийг дээд хязгаараас хэтрүүлэн тооцон олгосон, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага “Хүн хүчний хангамжтай” байхаар зөвшөөрөл авсан боловч ихэнх эмийн сангуудад боловсон хүчний хангалт дутуу байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 16 сая төгрөгийн төлбөр, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар 126 заалт бүхий 32 улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.