Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 14

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.10-2014.11.14/

 

ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар: Эмнэлгийн долоон барилгын ирээдүй тун бүрхэг байна
Огт баригдахгүй, асуудалтай долоон барилга бий. Царцсан арван барилга дотор заримынх нь нэр явж байна. Нэгдүгээр эмнэлгийн “Б” корпусын барилгын төсөвт өртөг нь хэт өндөр буюу 47 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардсан. Улс орны эдийн засгийн байдал, бас бус шалтгаанаас болоод ирэх онд, цаашдаа ч төсөв мөнгө нь шийдэгдэх, эсэх нь тодорхойгүй байна.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн байр, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын асуудал ч тодорхойгүй байгаа. Улаанбаатар хотод Яармагийн дэнж дээр барьж буй 300 ортой Төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг, 60 ортой Геронтологийн үндэсний төвд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн шийдвэр гарсан. Гүйцэтгэгч компаниуд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа нэрийдлээр бүтэн жил өнгөрлөө. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид хүлээж суусаар хэцүүдэх нь.
Эдгээр барилгыг 2015 онд концессийн жагсаалтад оруулах уу, худалдах уу, хувийн хэвшлийнхэнтэй түншлэх үү гэдгийг удахгүй шийднэ. Саяхан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. Тогтоол нь гарвал эрхзүйн боломж бүрдэх юм. Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгчид нь ажлаа хаяад явчихсан. Манайхаас Ажлын хэсэг очиж, хэмжилт хийн, ажлын үр дүнг нь тогтоосон. Гүйцэтгэгч компаниудыг хуулийн байгууллагаар шалгуулан, гэрээг нь цуцлахаар ярьж байна. /Өнөөдөр 2014.11.13 263/

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч О.Сэргэлэн: 60 гаруй хүн элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээж байна
Бид аймаг дүүргийн эмнэлгүүдэд элэгний эмгэгтэй хүмүүсийг бүртгэ гэсэн үүрэг өгөөгүй. Тэгсэн хэр нь бидэнд хандсан хүмүүсээс 60 гаруй хүний нэр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох хүлээх хуудсанд бичигдсэн байна. Манай улсад элэгний хавдрын тохиолдол бүх хавдраас нэгдүгээрт ордог. Хоол боловсруулах замын эмгэг нийт эмгэгийн гуравдугаар байрыг эзэлдэг гэх мэтээр элэгний өвчлөл хамгийн түгээмэл тархсан. Тийм учраас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийх шаардлага маш их байна. Бидэнд байгаа мэдээллээр сүүлийн хоёр жилд энэ мэс заслыг гадаадад хийлгэсэн хүний тоо 200 шахжээ. Ийм их хэмжээний валют гадаад руу урсаж байна. Үүний өчүүхэн хэсгийг ч болов эх орондоо тогтоон үлдэх шаардлага бий. Мөн гадаад явж мэс засал хийлгэх боломжгүй хүмүүс маш их байгаа. Тиймээс энэ мэс заслыг яаралтай хийж эхлэх шаардлагатай. /Өнөөдөр 2014.11.11 262/

Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч С.Энхтүвшин: Ханиад, хатгаа ихэсч, дүүргийн эмнэлгүүд коридортоо хүүхдээ авч эхэллээ 
Хүүхдийн ханиад томуу ид ихэсдэг үе бол энэ үе. Улирал солигдох завсрын үе шүү дээ. Дархлаагаа сайжруулах, хүүхдээ зөв хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс идүүлэх хэрэгтэй. Бага насны хүүхдийн хувьд асаргаа их чухал. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас нягтрал их, иймээс цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрэх нь их байна. Манай эцэг эхчүүд ажил ажил гээд хүүхдээ ханиад хүрэхээр ханиадыг нь гүйцэт эдгээхгүй, эмчээс зөвөлгөө аваад л эмийг нь өгөөд цэцэрлэгт нь явуулдаг. Энэ нь бусад хүүхдэд ханиад тараах эх үүсвэр болж байна. Хүүхдийн дархлаа их муу байна. Ханиад хүрсэн хүүхдийн ханиад нь долоо хоногийн дотор эдгэх ёстой байдаг атал эдгэхгүй хүндэрч угжирна. Хүндрэлийн гол хэлбэр бол хатгаа. Иймээс хүүхдээ хатгаа тусахаас нь өмнө, эмнэлэг рүү ирэхээсээ өмнө эцэг эхчүүд маань хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй. /Өдрийн сонин 2014.11.11 270/

“Энх амьдрал- Эрүүл мэндийн зөвлөгөө” ТББ-ийн тэргүүн П.Отгонтогос: Бид эрүүл мэндийн асуудлыг бие хийгээд сэтгэл зүйтэй нь цогцоор нь шийдэж байна
Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны нээлтүүд, ололт амжилтыг ашиглан өвчин эмгэгийг анагаан  эдгэрүүлэх нь сайхан хэрэг боловч манай дотрын салбарын хувьд хүмүүсийн маань өвчин ихэнхидээ олон жилээр үргэлжлэн архагшиж тэр болгон эмийн эмчилгээнд үр дүнгээ өгөх нь бага болсон байдаг. Иймд манай хүмүүс  хэдэн арван жилээр дотрын ямар нэг эмчний үед насан туршдаа эмийн хараат байдалд байдаг боловч тухайн өвчнөөсөө  бүрмөсөн салж эдгэрэх нь ховор байдаг. /Нийслэл таймс 2014.11.12 205/

Сэтгүүлч: Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс балчир үрс хонгилд эмчлүүлж байна 
Удаан уулзаагүй сувилагч найзтайгаа    тааралдав. Ажил, амьдрал нь    сайн уу гэхэд “Бараг л эмнэлэг дотроо амьдарч байна. Манай эмнэлэг 20.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл коридорт ор засч эмчилгээ хийж байгаа. 1-5 настай хүүхдүүдийн өвчлөл ихэссэн. Ихэвчлэн цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрч, эмнэлэгт хэвтэх юм. Орны хүрэлцээ муу. Ачаалалтай ажиллаж байна. Өвдөөд түргэн тусламжаар ирж байгаа хүүхдүүдийг “Оргүй” гээд эмчилгээ хийхгүй гэх эрх бидэнд байхгүй. Заримдаа коридорын хана дагуулаад эгнэсэн олон ор засдаг. Бүр даргын өрөөний үүдний сандал дээр хүртэл ор засаад хэвтүүлдэг болсон шүү дээ. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй ажиллаж байхад салбарын сайд нар нь бие биенээ “Шүүхэд өгсөн" гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэлдээд байх юм”. Орон сууцны хорооллыг зуны хэдхэн сар бариад дуусчихаж байхад сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг яаравчлан барихгүй хэдэн жил болдог боллоо. Улсын маань хөгжлийн гол хүч нь бидний үр хүүхэд. Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна” гэв. /Монгол үнэн 2014.11.13 218/

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12029
0 эможи
keyboard_arrow_up