ДЭМБ-ын Суурин төлөөлөгч ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Дэлхий дахинд төдийгүй улс орон даяар Эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнийг дагалдан ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон албаны бусад хүмүүс явсан юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар хамгааллын хувцсыг бэлджээ. Мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэсэн байлаа.
Сэжигтэй тохиолдол гарсан үед ашиглах Хүлээн авахын 10 өрөөг тохижуулснаас гадна тусгаарлах 50 ортой тасгийг ч хэдийнэ зэхжээ. Бэлэн байдалд ажиллах тус бүртээ 12 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг бэлтгэгдсэн бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хүлээн авах, оношилгоо, эмчилгээ хийх заавар журмыг боловсруулан гаргаж, ашиглахад бэлэн болгосон талаараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг танилцуулав.
Мөн тэрээр, “Манай Хүлээн авах тасагт дандаа залуу эмч нар ажиллаж байна. Эд нарыгаа сургах тал дээр голлон ажиллаж байгаа. Зөвхөн эбола ч гэлтгүй бусад халдварт өвчний үед хамгийн эрсдэлтэй хүмүүс бол эмч нар байдаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих, хамгаалалтын хувцсыг яаж зөв өмсөх, халдварт өвчний үед өвчтөнтэй хэрхэн харьцах зэрэг бүхий л төрлийн сургалтыг тогтмол хийж байна. Гэхдээ бидэнд шаардлагатай тоног төхөөрөмж болон бидэнд байгаагаас илүү сайн чанарын хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг зүйлс дутагдалтай байгаа. Зарим зүйлийг шинэчлэх хэрэгтэй байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ хүргүүлсэн байгаа” гэв.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт хэлэхдээ, “Монгол улсад эбола вируст халдвар орж ирэхгүй байх магадлал өндөр байгаа ч бэлэн байдлыг хангаж ажиллах нь юу юунаас илүү чухал байна. Өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр бэлэн байдлаа сайн хангаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Удахгүй ДЭМБ-ын зөвлөх ирэх учраас залуу эмч нар дасгал, сургуулилтаас илүү ихийг сурах боломжтой болох юм. Сургалтыг сайн хийх нь дан ганц эобла вируст халдварын үед ч биш бусад шинэ облон сэргэж буй халдварт өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлаа хангаж ажиллахад чухал ач холбогдолтой. ДЭМБ-ын зүгээс эмч, мэргэжилтнүүдийг гадны улс орнуудад туршлага судлах сургалтад оролцуулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлмээр байна. Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг бид бүс рүүгээ илгээнэ” хэмээв.