Эрүүл мэндийн дэд сайд Говь-Алтай аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Гавь-Алтай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцаж, 2014 оны гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд тус аймагт ажиллалаа.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Оношилгооны төв” байгуулагдаж байгаатай холбоотойгоор дэд сайд хэлсэн үэгэндээ, “Шинэчлэлийн Засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүн амд чанартай, аюулгүй, оношилгоо эмчилгээний боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг “Оношилгооны төв”-тэй болгох зорилтын хүрээнд Говь-Алтай аймагт 14 нэр төрлийн долоон багцын 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд суурьлуулан үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Тус аймгаас жилд дунджаар 2000-2200 орчим хүн Улаанбаатар хотод онош тодруулах шаардлагатай болдог бөгөөд эдгээрээс 700-800 орчим нь зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын эмнэлгүүдэд эмчлэгддэг байна. “Оношилгооны төв” байгуулагдсанаар иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэж байгааг онцолмоор байна” хэмээсэн юм.









