Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-тай хамтран “Эрүүл мэндийн довтолгоо” аянд нэгдэж байна
Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр” –ийн хүрээнд хүн амын дунд Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг зохион байгуулж, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох “Заавал хэвшүүлэх 21 дадал” арга хэмжээний хүрээнд цусны даралтыг хэмжиж, хяналтад авах арга хэмжээ энэ онд хэрэгжиж байгаа билээ.
2014 онд ЭМЯ-наас “Бүтээлч 12 ажил”-ыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар ханган, иргэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил -2” юм. Түүнчлэн албан байгууллага, өрх бүр цусны даралтын аппараттай болж тогтмол хяналт тавьж байх ажил өрнөж байна.
Үүний дагуу “ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүдээр үйлчлүүлэгчийн цусны даралт ихсэлтийг АШУҮИС-ийн оюутнуудаар хянуулж, сэргийлэх мэдлэг олгох” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлага, албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.
ДЭМБ-ын мэдээгээр 2008 онд дэлхийн хэмжээнд нас барсан 57 сая хүний 36 сая орчим нь халдварт бус өвчин (ХБӨ), түүн дотроо зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижингийн улмаас нас барж, түүнээс 9 сая орчим нь 60 хүртэлх насандаа эндэж, ХБӨ-ний шалтгаант нас баралтын 80 орчим хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож, сэргийлж болох эмгэг, хүн амын хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Монгол улсын хүн амын нийт нас баралтын 72%-ийг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралт эзэлж, энэ нь 70-аас доош насны эрэгтэйчүүдийн дунд 69.2%, эмэгтэйчүүдийн дунд 54.7% байгаа нь Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад 7 дахин өндөр тархалттай байна. Манай улсын 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3500 хорт хавдраар нас барж байна.
Цусны даралт ихсэлт нь зүрхний шигдээс, тархины харвалтын гол эрсдэлт хүчин зүйл болж, сая, сая хүний цаг бус нас баралтад хүргэж байна. Цусны даралт ихсэлтийн тархалтаар Монгол улс Бүсийн орнуудын хэмжээнд эхний байранд явж байгаа таагүй үзүүлэлт байна.
Үндэсний хэмжээнд явуулсан ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын 3 удаагийн судалгаагаар 15-64 насны хүн амын дунд ХБӨ-ний тархалт буурахгүй, тухайлбал цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт (дал хэлбэр) 6.8%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна (ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ, 2005, 2009, 2013)
ДЭМБ-ын тооцоолсноор амьдралын буруу хэвшилээс үүдэлтэй халдварт бус өвчин (ХБӨ), түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хяналтад авч, тодорхой арга хэмжээг эрт үед нь авч чадвал энэ өвчнөөр өвчлөх, тахир дутуу болох, нас барах тохиолдлыг 50% хүртэл, үүнээс зүрх судасны өвчнийг 80%, чихрийн шижинг 90% хүртэл, хаврын тохиолдлыг 30%-иар бууруулах боломжтойг зөвлөсөн.
Иргэд цусны даралтаа өөрсдөө хянаж чаддаг, эрүүл мэндийн боловсролтой болж, иргэд цусны даралт ихсэх өвчнөөс өөрсдөө сэргийлж, хянаж, эрт илрүүлэх, даралт ихссэн үед хугацаа алдахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл сайжрах юм.
Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа хэлсэн үгэндээ, “АШУҮИС-ийн АУС энэ хөдөлөгөөнд нэгдэн оюутнуудаар эмнэлгээр үйлчлүүлэгчдийн цусны даралтыг хэмжин, зөвлөгөө өгөх ажлыг санаачлан оролцож байгаад АШУҮИС-ийн АУС-ын удирдлагууд, багш, оюутнуудад Талархал илэрхийлж Та бүхэнд ажлын амжилт хүсч байна. Та бүхний санаачлагыг дэмжин тус яамнаас эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад тараагдаж байгаа цусны даралт хэмжих суурин аппаратыг та бүхний хамтран ажиллах ХСҮТ, УНТЭ, УХТЭ-д хуваарилан, оюутнуудад цусны даралт, түүнийг хэмжих арга, зөвлөгөө өгөх сургалт явуулах зардлыг ЭМДСаас олгож дэмжлэг үзүүлж байна. Энэхүү ажил өнөөдрөөс эхлэн тасралтгүй үргэлжилж, олон үйлчлүүлэгч, өвчтөн цусны даралт ихсэлт, түүний шалтгааны талаар зөв мэдлэгтэй болно гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэв.
“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээн нэг сарын хугацаанд хэрэгжих бөгөөд аяны төгсгөлд үр дүнг тооцож, цаашид ажиллах чиглэл болон анхаарах зүйлсээ тодотгох юм байна.