Эбола вируст халдвараас сэргийлэх сургуулилтыг зохион байгууллаа
Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд эрүүл мэндийн 12 байгууллагын төлөөлөл болсон 45 оролцогч оролцож, тус сумын НЭМСЗ-ийн халдварт өвчнийг бууруулах чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцов.
Мөн халдварт өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаа тодорхойлж, цаашид халдварт өвчнийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр тогтлоо.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Эбола вируст халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан.
Сургуулилтын үед халдварын сэжигтэй тохиолдол, хавьталуудад хариу арга хэмжээг хэрхэн авч байгаа, тусгаарлан сэргийлэлтийн талаар үзүүлэх сургуулалтыг хилийн МХГ зохион байгуулж, сэжигтэй өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд биечлэн үзүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
Уг сургуулилтын үед хилийн МХГ нь тусгаарлах өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс дахин тээвэрлэлт хийж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан тул Замын-Үүд боомтын захиргаанд тусгаарлах өрөөг урсгалын дагуу зохион байгуулах талаар зааварчилгаа өгч ажилласан байна.