Хоолны хордлогоор өвдсөн хүүхдүүдийн 14 нь эмнэлэгт эмчлэгдэж байна
МОНГОЛ УЛСАД:
Баян-Өлгий аймаг хоолны хордлогоор өвдсөн хүүхдүүдийн 14 нь эмнэлэгт эмчлэгдэж байна
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 58 хүүхэд хоол хордлогоор өвдсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар 14 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас 1 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээний дүнгээр Sh.flexneri илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон өвчтөнүүд өнөөдөр эмнэлгээс гарна
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон ажилтнуудын хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн бөгөөд бусад 6 өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарна.
Эх сурвалж: Хордлогын яаралтай тусламжийн төв
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13633 хүн өвчилж, 5000 хүн нас барсан байна. Нийт 523 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 269 (52%) нь нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол улсад Эбола вируст халдварын тохиолдол гарлаа”, “Баянхонгор аймагт эбола гарлаа”, “Эбола Монголд гарснаас болж сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг амраана” гэх зэрэг ташаа мэдээлэл цацагдаж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна.
Манай улсад төдийгүй Азийн нэг ч улсад эбола вируст халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа тул иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилнуудыг худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ДЭМБ-аас баталгаажсан, үнэн бодит мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn цахим хуудаснаас авна уу.
Шуурхай удирдлагын төв