Манай улс эболагийн оношлууртай болсон Азийн анхны орон боллоо

2014 оны 11 сарын 03

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн Эбола вируст халдварыг оношлох оношлуурыг албан ёсоор хүлээн авах үйл ажиллагаа боллоо. Дэлхий даяар эбола вирусын халдвар тархаж эхэлснээс хойш уг вирусээс урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол гарч, Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд улсын нөөц сангаас 400 гаруй сая төгрөгийг эбола вирусээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах болсон. 

ЭМЯ-наас ДЭМБ-т хандан оношлуур авах хүсэлт явуулснаар ийнхүү өнөөдөр 100 ширхэг оношлуурыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У албан ёсоор Монголын ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Монгол улс Ази болон Номхон далайн баруун эргийн бүсдээ уг оношлуурыг авсан анхны улс болж байгаа ажээ.

Манай улс дээрх оношлууртай болсноор эбола вирусыг бусад өвчнөөс хурдан шуурхай илрүүлэх боломжтой байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын хамт олонд талархлаа илэрхийлэв.

Б.Дармаа: Эбола вирусыг 24-72 цагийн дотор илрүүлнэ 

Тус оношлуур нь дотроо 100 ширхэг тесттэй. Герман улсад үйлдвэрлэсэн 1500 еврогийн өртөг бүхий оношлуур бөгөөд 97-100 хувийн магадлалтайгаар оношлох чадвартай. Онош тогтоох, ашиглах иж бүрэн технологитой лаборатори ХӨСҮТ-д байна. Энэ удаагийн 100 тест эхний ээлжийнх бөгөөд дараагийн ээлжийн оношлуур, хувцас хэрэглэлийг захиалчихсан, түрүүчээсээ ирж байгаа. Энэ оношлуураар хүний цуснаас шинжилгээ авч 24-72 цагийн дотор эбола вирус байгаа эсэхийг тогтоох боломжтой гэж ЭМЯ-ны Лабораторийн ерөнхий мэргэжилтэн Б.Дармаа хэлсэн юм.

Н.Удвал: “Монголд Эбола гарлаа” гэх худал мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна 

“Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр “Монголд Эбола гарлаа”, “Баянхонгор аймагт эбола гарлаа” гэх мэт худал мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүллээ.

Иргэддээ хандаж хэлэхэд Эбола вирусын тархалтын талаарх үнэн бодит мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn сайтаас авч байгаарай” хэмээн уриаллаа.

Др.Су Нюунт У: Номхон далайн баруун бүсийн нэг ч оронд эболагийн халдвар бүртгэгдээгүй 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У эбола вирусыг Азийн орнуудад орж ирлээ гэсэн ташаа мэдээлэл гарч байгааг анхааруулаад Номхон далайн баруун бүсийн нэг ч оронд эбола вирусын халдвар бүртгэгдээгүйг онцолсон юм. ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Баруун Африкийн гурван оронд эбола вирусын тархалт нэлээд газар аваад байгаа бол Нигер, Сингал улсууд эбола вирусын халдвараас чөлөөлөгдсөн байна.

Дэлхий дахинд 9 улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, АНУ, БНАКАУ, Испани, Мали, Нигери, Сенегал) зэрэгулсадаравдугаарсарын 29-ний өдрийн байдлаар 13633 тохиолдол бүртгэгдэж, 5000 (36%) хүн нас барсан байна.Эдгээрээс нийт 523 эрүүл мэндийн ажилтнууд өвчилж, 269 хүн нас баржээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11310
0 эможи
keyboard_arrow_up