“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 34 дэх удаагийн цахим хурал өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, мэргэжилтэн Н.Болормаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо. Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1582 хүүхэд мэндэлжээ. Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал:
• Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн.
- Монгол улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл: Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв.
- Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд Сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгдлээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулахаар боллоо.
• Халдварын сэргийлэлт, хяналтын зохицуулах зөвлөлийн хурал болов. Тус хурлаар Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналтын журмын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
• Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.
- Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танилцуулж, орон нутагт сурсан зүйлээ хэрэгжүүлж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа мэдэгдлээ.
- Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, КНАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заасан байна.
• Тус байгууллагаас сургалтанд ашигласан Ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах зөөврийн болон халаасны аппарат тус бүр нэгийг бэлэглэхээ мэдэгдлээ.
• Эх барих эмэгтэйчүүдийн резидент нарт Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн Н.Болормаа нар Эх, нялхсын талаарх бодлого эрхзүйн орчин, эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, сэргийлэх арга замын талаар хичээл заалаа.
• Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ хамтран зохион байгууллаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэл танилцуулснаар энэ удаагийн цахим хурал өндөрлөлөө.