Говийн болон төвийн бүсийн аймгуудын “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” уулзалт боллоо
Говийн болон төвийн бүсийн аймгуудын “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” сэдэвт уулзалт, үнэлгээний үйл ажиллагаа Өмнөговь аймагт энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг уулзалт, үнэлгээний зорилго нь Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр болон Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх, хэрэгжилтийг эрчимжүүлэх санал, зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн юм.
Үйл ажиллагааг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Төв, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг долоон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд болон хяналт үнэлгээний мэргэжилтнүүд хамрагдав.
Уулзалт, үнэлгээний үеэр оролцогч аймгуудын Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайлантай танилцаж, үнэлгээ хийн, харилцан туршлагаа солилцож, цаашид шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар санал, бодлоо солилцлоо. Мөн энэхүү хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн удирдах ажилтнуудын эрүүл мэндийн удирдлагын талаарх мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” нь сэдэвт хамтарсан сургалтыг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтэн Мs Laura Hawkens удирдан зохион байгууллаа.
Бүсийн уулзалт, үнэлгээний дүнд оролцогч аймгуудын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, бусдаасаа туршлага судлах, орон нутгийн удирдах ажилтны удирдлагын мэдлэг чадавхийг сайжруулах, ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоо, хамтын ажиллагааг бэхжүүлсэн томоохон үйл ажиллагаа болж амжилттай өндөрлөлөө.