Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат Элчин сайдын өргөмжлөл хүртлээ
Япон улсын Засгийн газраас хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатыг “Элчин сайдын өргөмжлөл”-өөр шагнасан байна.
Түүний шагналыг энэ сарын 24-ний өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү гардуулан өглөө.
Ш.Энхбат нь Япон улсад анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны монгол эрдэмтэн юм. Тэрбээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан Монгол эрдэмтдийн “Хакасе” холбооны хүндэт ерөнхийлөгч, Япон улсад их дээд сургууль төгсөгчдийн “Жюгамо” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн ажлыг олон жил гүйцэтгэжээ.
Өнгөрсөн хугацаанд Японы улсын Засгийн газраас Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг бий болгон бэхжүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, АШУҮИС-ийн бааз эмнэлэг байгуулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэг эрүүл мэндийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн ийнхүү шагнаж байгааг Элчин сайд ноён Такэнори Шимизү онцлов.