Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 24

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.17 - 2014.10.24 /

 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэн: “Эболагаас сэргийлж шар чичиргийн вакцин тариулж болно”

Бүгд найрамдах Конго улсад манайхаас өрөмдлөгийн ажилчдыг зуучилж гаргадаг байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээ байгуулж ажиллуулдаг байсан албан байгууллагатай холбоо барьсны үндсэн дээр ажилчдыг нь буцаан татсан. 12 ажилтан ирсэн. Мөн иймэрхүү эрсдэлтэй бүс нутагт албан шаардлагаар зорчих иргэд ХӨСҮТ-д Шар чичиргийн вакцин тариулдаг. Ингэхдээ заавал явах ёстой эсэхийг тодлруулна. Хэрвээ хувийн ажлаар явах гэж байгаа бол зөвөлгөө өгч хойшлуулах хүртэл арга хэмжээг авч байна. Тухайн зөвөлгөөг өгснийхөө дараа өөрийнх нь гарын үсгийг зуруулж, шаардлагатай бол төрийн бусад байгууллагад хүргүүлж байгаа. Нэг зүйлийг сануулахад иргэд өөрсдийнх нь эрүүл мэндтэй холбоотой асуудал учир шаардлагагүй бол “эбола” вирус тархсан бүс нутгуудаар зорчихгүй байхыг зөвлөж байна.  / Үндэсний шуудан 2014.10.17 №199 /

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор У.Цэвэгмэд: Иргэн бүрт чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” 21 аймаг, 9 дүүрэгт эрчимтэй явагдаж байна

2014 онд Засгийн газрын тогтоолоор “Амьдарлын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг довтолгоог үндэсний хэмжээнд түгээх, иргэн бүрт хүргэх зорилгоор “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ийг нэрлэн гаргалаа. / Зууны мэдээ 2014.10.17 247/

Анагаах ухааны их сургуулийн Дүрс оношилгооны тэнхэмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ц.Эрдэмбилэг: “Дотрын эмч, өрхийн эмчийн лицензээр ЭХО үзлэг хийсээр л байна”

Дотрын эмч, өрхийн эмчийн лицензээр хэт авиан шинжилгээг хийж байгаа. Хууль яривал болохгүй зүйл их бий. Дотрын эмч ходоод, гэдсийг нь эмчилж байхдаа өтгөн нь түгжирчихээд гарахгүй байгаа юм биш гээд хэт авиан шинжилгээ хийж, өтгөн нь түгжирсэн үгүйг мэдэж байвал болж байгаа юм. Харин тэр хүнээс төлбөрийг нь аваад хэт авиа үзлэг хийж байгаа бол буруу. Энэ үүднээс л сургалтанд суудаг. Гэхдээ мэргэжил, үнэмлэх олгож байгаа хэрэг биш.  /Үндэсний шуудан 2014.10.17 №199 /

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны их эмч В.Байгаль: “Гардасил вакцинд 10 мянган охин хамрагдсан”

2012 оны гуравдугаар сараас эхлэн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлсэн. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ихтэй хоёр аймаг, хоёр дүүргийг сонгож, 11-15 насны охидод гардасил вакциныг гурван тунгаар хийсэн.Энэ ажлын хүрээнд арван мянган охидыг хамруулсан. / Монголын үнэн 2014.10.20 № 200 /

Анагаах ухааны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл: “Эболагийн халдварыг хумхаатай андуурдаг”

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт эрт хэвтүүлэх хэрэгтэй. Суулгалт, бөөлжилтийн улмаас шингэн алддаг учраас амаар хросол, давс, сахарын уусмал уух, судсаар тарих эмчилгээ хийнэ. Эбола вирусын халдварыг гэдэсний балнад, менингит, хумхаа өвчинтэй андуурдаг. Өвчний эхний хоногуудад илэрсэн шинж тэмдэг 5-6 хоногт даамжрах үед мхэвчлэн эмнэлэгт хэвтдэг.  / Зууны мэдээ 2014.10.24  №252 /

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгийн профессор, тэргүүлэх зэргийн зүрхний мэс засалч Ц.Даваасүрэн: “Зүрхний олдмол гажиг залуужиж байна”

Зүрхний төрөлхийн гажиг гэж бий. Энэ нь 0-50 насныханд тохиолддог бол олдмол гажиг нь 25-65 насныханд элбэг тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд зүрхний дамжуулах замын гажигаар өвдөж, мэс засал хийлгэх иргэдийн тоо олширсон. Харин зүрхний олдмол гажиг нилээд залуужих хандлагатай болсон. Шигдээс болж ирэх хүмүүс мөн л их болжээ. Цаг алдалгүй ирсэн тохиолдолд шигдээсийг мэс заслын аргаар төвөггүй эмчилж болно. / Үндэсний шуудан 2014.10.24  №204/

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн их эмч Ө.Батжаргал: “Эрүүл мэндийн шинэ цогцолбортой боллоо”

Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийт 220 гаруй эмч, эмнэлэгийн ажилтантай ч шинэ эмнэлэгтэй болсноор хүний нөөц нэмэгдэх юм. Туслах ажилтан, сувилагч, эмч нар гээд 50-80 ажилтан шинээр авахаар төлөвлөж байгаа. Лабораторын тоног төхөөрөмжийн хэрэгцээ 360 орчим хүнд хүрч үйлчлэх хүчин чадалтай гэсэн судалгаа гаргасан. Үүнд, иж бүрэн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн тоног төхөөрөмж, лабораторын тоног төхөөрөмж, дижитал эмнэлэгийн аппарат гэх зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. /Үндэсний шуудан 2014.10.17 №199 /

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж: “Эболагийн голомтод зорчих иргэдэд виз олгохгүй”

Өнөөдрийн байдлаар виз авсан болон гадны орноос ирсэн хүмүүст Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавьж, үзлэг хийж байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар өвчний тархалт өндөр байгаа бүс нутаг болох Баруун Африкийн Сьерра-Леоне, Либери, Нигери, Гвиней улс руу зорчих болон манай улсад зорчин ирэх, дамжин өнгөрөх улс орны иргэдэд тодорхойгүй хугацаагаар урилга болон виз олгохгүй байхаар болсон. /Үндэсний шуудан 2014.10.21  №201 /

ЭМЖЖ эмнэлэгийн Чих, хамар хоолойн мэс заслын эмч, анагаах ухааны магистр Д.Жаргалбаяр: “Төрөлхий дүлий хүүхэд ердийн сургуульд сурах боломжтой”

 Манайх 2009 оноос эхлэн төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдүүдийг оношлож дунгийн суулгацын мэс заслаар хэл яриа, сонсох чадамжийг нь сайжруулж байгаа. Хүүхдийг дөнгөж төрсний дараа сонсголыг нь шалгадаг тест байдаг. Энэ тестийг нэг нас хүртэл давтан 2-4 удаа хийгээд төрөлхийн дүлий хүүхдүүдийг оношлодог. Дунгийн суулгацын мэс заслыг нэг удаа хийнэ. Хагалгааны дараа хэл заслын хичээлийг 2-3 жил хийж байж зургаан насандаа бусад хүүхдийн адил ерөнхий боловсролын сургуульд сурах боломжтой.  /Зууны мэдээ 2014.10.23  №251/

"Таван хуруу" багийн ахлагч Б.Батжаргал:  Таны хандивласан малгай нэг нярайн амийг аварна

Манай багийнхан болон бусад найз нар маань оюутан байхаасаа сайн үйлсийн аянд оролцдог байсан. Тэр шугамаараа гадны эмч нар, сайн дурынхантай танилцаж нөхөрлөсөн. Энэ сарын 21-нд АНУ, БНСУ, Танзан, Уганда, Монгол зэрэг улсын эмч нарын сайн дурын баг Төв Африкийн Руандагийн бүгд найрамдах улсын нийслэл Кигали болон Руанда, Ардчилсан Конго улсын хилийн бүс, болох Гисени хотуудад очиж шүдний үнэгүй эмчилгээ хийх гэж байгаа юм. Тэр багт намайг орчуулагч, зохион байгуулагчаар хамт яваач гэсэн. Би Монгол улсаа төлөөлж хоосон очмооргүй санагдаад дөнгөж төрсөн нярайд өмсгөх малгай цуглуулж байгаа юм. “Эвада” шүдний эмнэлгийн захирал солонгос эмч, сувилагчтайгаа, монгол эмч бид дөрөв Монголоос нисэх юм.  /Зууны мэдээ 2014.10.17  №247/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10698
0 эможи
keyboard_arrow_up