“Цус бүлэгнэлтийн эмгэгийн лабораторийн оношлогоог сайжруулъя” сэдэвт ОУ-ын сургалт явагдаж байна
Цус бүлэгнэлтийн эмгэгийн оношлогоо, эмчилгээний лавлагаа төв болох ЦССҮТ нь Хемофили өвчнийг илрүүлэх, 8,9-р факторыг түгээх үүргийг гүйцэтгэдэг ба эмч, өвчтөнүүдийн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч тогтмол сургалтыг явуулж заншсан билээ. 2014.04.17-нд Хемофили өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн “Хемофили өвчний менежментийг сайжруулъя” сэдэвт симпозиумыг зохион байгуулсан.
ЦССҮТ-өөс ЭМЯ, ДХХ, МХХ-той хамтран “Цус бүлэгнэлтийн эмгэгийн лабораторийн оношлогоо, эмчилгээг сайжруулъя" сэдэвт сургалтыг 2014.10.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтын зорилго нь Улсын III шатлалын эмнэлгүүдийн лабораторийн эмч, лаборант нарыг чадавхжуулах, Цус бүлэгнэлтийн эмгэгийн үе дэх лабораторийн оношлогоог сайжруулах, хянах, чанарын тогтолцоог боловсронгуй болгоход оршино. Сургалтанд Улсын III шатлалын эмнэлгийн эмч, лаборант нараас гадна АШУҮИС-ийн эмч, судлаач нар оролцлоо.
Энэ удаагийн сургалтанд Дэлхийн хемофилийн холбооны чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр хариуцсан захирал, Биологийн шинжлэх ухааны доктор Стив Китчен лекц уншиж, дадлагын ажлыг ЦССҮТ-ийн лабораторит хийж гүйцэтгэнэ.
Сургалтын үйл ажиллагааг нээж ЦССҮТ-ийн захирал АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.