Эбола вируст халдвараар дэлхийн 8 оронд нийт 8997 хүн өвчилж,4493 хүн нас барсан байна

2014 оны 10 сарын 17

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штаб өчигдөр /2014.10.16/ хуралдаж, дэлхий нийтийг цочроогоод байгаа Эбола вируст халдварын өнөөгийн байдал, эрүүл мэндийн улсын албанаас авч хэрэгжүүлж байгаа ажлууд, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.  Штабын хурлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга А.Эрдэнэтуяа удирдан явуулав. 

 

Хурлын эхэнд “Эбола вируст халдварын дэлхий дахины өнөөгийн байдал” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, штабын гишүүн Д.Нарангэрэл, “Эбола вируст халдвараас сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн, штабын гишүүн Ч.Баярмаа нар тус тус танилцуулга хийсэн.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эбола вируст халдвараар дэлхийн 8 оронд нийт 8997 хүн өвчилж, 4493 хүн буюу 49 хувь нь нас барсан байна. Нийт өвчилсөн хүмүүсийн дотор 427 нь эмнэлгийн ажилтан байсан бөгөөд тэдгээрийн 236 нь буюу 55 хувь нь нас баржээ. 

 ДЭМБ-аас Эбола вируст халдварын дэгдэлтийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ” гэж зарласан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн бэлэн байдлаа ханган ажиллаж байна. 

 ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ –ны Шуурхай удирдлагын төвийг 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төвийн ажиллах түр журмыг батлуулсан. Тус төв нь 10 удаа өглөөний шуурхайг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны веб сайтад уг халдварын талаар албан болон албан бус мэдээллийг гаргаж, иргэдэд сэрэмжүүлэг хүргүүлж байгааг хуралдааны үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуусан. 

  Үүний дараагаар штабын гишүүн Ч.Баярмаа Эбола вируст болон бусад шинээр бүртггэгдэж байгаа халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулгыг хийсэн. 

 Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 45/25 дугаар зөвлөмжийг гаргуулан ажиллаж байна. 

 Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж, урт болон богино хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна. 

 Салбарын яамны зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газарт тогтмол мэдээлэл хүргүүлж, санал солилцон хамтран ажиллаж байгааг дурьдав.

 Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын халдвар хамгааллын бэлэн байдлыг сайжруулах үүднээс ДЭМБ-д оношлуур, зориулалтын халдвар хамгааллын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хүргүүлсэн байна. 

 Дэлхий дахинд тус вируын халдвар зөөвөрлөгдөн тархаж байгаа өнөө үед хилийн боомтуудын бэлэн байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, халдвар тархсан болон тэдгээртэй хил залгаа орнуудаас 20 орчим гадаадын иргэн манай улсад хил нэвтэрсэн бөгөөд тухай бүрд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллажээ. Мөн Африкийн орнууд болон шар чичрэгт халдвар гардаг улс орнуудад зорчих өөрийн улсын иргэд, энхийг сахиулах албаны бие бүрэлдэхүүнд эбола виурст халдварын талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгч байгаа ажээ. 

 Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тус бүртээ 16-18 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдлыг хангах сургалтыг явуулж эхэлсэн байна. 

  Тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэд, байгууллага аж, ахуй нэгж бүрийн үүрэг бөгөөд цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга онцлоод Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх асуудал багагүй байгааг тэмдэглэв. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал хангалтгүй, хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг, хүн амын дундах мэдлэг, мэдээлэл хангалтгүй зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгө шаардагдах учраас Засгийн газрын хэмжээнд хэлэлцэх учиртайг штабын гишүүд хэлж байсан. 

 Мөн ОХУ, БНХАУ, АНУ-д вирусын эсрэг вакцин хийгдэж, туршилтын шатандаа явж байгаа ч бид өөрийн улсын онцлогийг харгалзан Монгол уламжлалт эмнэлгийн арга, зан үйлээ ч ашиглах боломжтой талаар ч санал хэлэх гишүүн байлаа. 

 Ингээд штабын хурлаас: 

  • Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар дундын төлөөлөл, яамны ерөнхий мэргэжилтнүүд, бусад холбогдох салбарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулах,
  • “Эбола вируст халдварын тандалт, хариу арга хэмжээний түр заавар” - г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүлэх,
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллага гамшгаас хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөөндөө тодотгол хийх,
  • Эрүүл мэнд, хил, гааль, хяналтын ажилтнуудыг сургах ажлыг тогтмолжуулж, дадлагажуулах,
  • Үзүүлэх сургууль, ширээний дасгал, сургуулилтыг Хил, гааль, хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулах,
  • Эбола вируст халдварын талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн явуулах,
  • Эбола вируст халдвараас сэргийлэх талаар гарын авлага, брошюр, ханын зурагт хуудасыг гарган холбогдох байгууллага, ард иргэдэд тараах,
  • Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийн судалгааг гарган, дайчлах төлөвлөгөөг гаргах,
  • Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хил гаалийн байгуулагуудыг оролцуулан хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлд шийдвэр гарч, Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга А.Эрдэнэтуяа гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
  •  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10278
0 эможи
keyboard_arrow_up