Монголд анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгалаа
Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийнхан Монголд анх удаа ясны чөмөг шилжүүлэх эмчилгээ хийлээ. Энэ эмчилгээг Хэнтий аймгийн харьяат 51 настай цусны хавдар нь хүнд шатандаа орсон эрэгтэй хүнд хийжээ.
Үүдэл эс нь ясны чөмгөнд байдаг учир цусны үүдэл эсийг ясны чөмөгнөөс авч болдог байна. Манай эмч нар сүүж яснаас авсан цусыг шүүж, үүдэл эсийг ялган авч, дахин суулгасан нь амжилттай болжээ.
Энэ нарийн, түвэгтэй эмчилгээг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр эхэлж, энэ сарын 24-нийг хүртэл эмчилгээг үргэлжлүүлжээ. Өвчтөн өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан бөгөөд гэр бүлийнхнийг нь асаргаа, сувилгаа хийх сургалтад хамруулсан байна.
Өвчтөний бүх эсийг шинээр үүсгэсэн учир дахин төрсөнтэй адил болж, нярай хүүхэд шиг эмзэг, дархлаа султай болдог аж. Тиймээс орны гудаснаас эхлээд ариун цэвэр сахин, өдөрт хэд хэдэн удаа чийгтэй цэвэрлээ хийх зэрэг маш нарийн асаргаа хэрэгтэй байдаг тухай Цусны эмгэг судлалын тасгийн эмч Б.Хишигжаргал ярив. Энэ эмчилгээг хийлгэсэн өвчтөн чөмөг суулгахгүй л бол өвчин нь хүндэрч сэдрэх, амь насанд нь аюул учрах байжээ.
Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг цусны бүх төрлийн хавдар, дархлааны эмгэгүүд, зарим хавдар болон бодисын солилцооны эмгэг зэрэг олон өвчний үед хийдэг байна.