“Нүүрс“-ний хэргийг шүүх хурал хоёр дахиад хойшилж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр ноцтой мэдэгдэл хийв

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал олны анхаарлын төвд байна. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлосон ёсоор өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 эхэлсэн юм. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх үеэр яллагдагч Б.Ганхуяг “Миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх үндэслэлээр ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах саналыг тавилаа. Ингээд шүүх хурал 13:30 минут хүртэл хойшилсон юм. Харин хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэллээ. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор боллоо. Ингээд  тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ шүүх хурал ийн хоёр дахиа хойшилж буй юм.

Харин өчигдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь анхаарал татав.

Б.Ганхуяг: Нүүрсний жинхэнэ эзэн хаана байгаа вэ, яг юу хийчихэв ээ, тэр 40 их наяд гэж юу вэ гээд бүх асуудал энд яригдах гэж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа.Энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.  Анх 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон.Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй.Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн.Нүүрстэй холбоотой 50, 60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн.Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй.Энд байгаа зургаан үйлдэл бол хоёр хүнийг танилцуулсантай холбоотой.Хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан энийг би  танилцуулсан учраас хэрэг болгож хилсээр тулгаж байгаа.

УИХ дээр  нүүрсний ажлын хэсэг байгуулагдсан.Энэ ажлын хэсэг дээр байнга нүүрс ярьж байна.Гэтэл надтай болон 11 хүнд холбоотой ямар ч хэрэг байхгүй.Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан.Үүний есийг ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан учраас ерөнхий шүүгчийг  АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Солонгос руу шилжүүлсэн мөнгө гээд хэвлэлээр өөр мэдээлэл яваад байна. Гадаад битгий хэл дотоодод  шилжүүлсэн  мөнгөтэй холбоотой зүйл энэ хэрэг дотор байхгүй.  Өөр хүмүүсийн хэргийг  тохох гээд байгаа юм уу. Ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнучраас Халиун шүүгч гэсэн өөрийнхөө  нөхцөл байдлыг бодоод үүнээс татгалзахыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ   нийгэмд тулгамдсан олон зүйлийн хариултыг бий болгох гэж байна.  Хэвлэл мэдээллийн санхүүжилт, иргэний  нийгмийн байгууллагын санхүүжилт, цаашлаад  нүүрсний жинхэнэ эзэн хаана байгаа, яг юу хийчихэв, тэр 40 их наяд юу вэ гээд бүх асуудал энд яригдах гэж байна. Би энэ  улсаас , уурхайчдаас нэг ч төгрөг  хулгайлаагүй. Тэд ч надад итгэж байгаа. Тийм учраас би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч  яллах гэсэн би  хэрэг хийгээгүй учраас нэг ч хэрэг  хүлээж чадахгүй” гэв.

Т.Аюурсайхан: Нүүрсний  хэрэгт надтай холбоотой юу байгааг, намайг  юугаар  буруутгах гээд байгааг мэдмээр байна

УИХ-ын гишүүн асан  ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан “Олон сар  нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Сайд, УИХ-ын гишүүнийхээ  албан тушаалаа хүлээлгэж өгөөд асуудал нэг талд гарна  гэх итгэлтэй явж байна. Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Олон нийт үнэт бодитоор ойлгоосой гэдэг үүднээс анхнаасаа  шүүх  хуралдааныг нээлттэй явуулах нөхцлийг тавьсан цаашдаа ч гэсэн энэ байр суурин дээрээ хатуу байна.  Би нүүрсний сонсгол дээр оролцох хүсэлт гаргана. Үүгээр  есөн сарын хугацаанд нүүрсний  хэрэгт надтай холбоотой юу байгааг, намайг  юугаар  буруутгах гээд байгааг мэдмээр байна.

Энэхүү хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн суудал байхгүй. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн.Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй хэрэг.

Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй.Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан.Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг. Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Гэхдээ үүнийг шударгаар шийднэ гэж үзээд хуулийн байгууллагад иргэний ёсоор шалгуулаад явж байгаа. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгуулах л хэрэгтэй. Би ч гэсэн шалгуулах гээд явж байна.Намайг авлига авсан гэх үндэслэлээр хангалттай шалгасан.Ямар нэгэн зүйл илрээгүй” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн шүүхийн гадаа болоод дотроос ийм мэдэгдлүүдийг хийсэн. Экспертүүд гэж болох талууд үүнд нэлээд “хүнд” тайлбарыг хийж байна. Түүгээр бол, ямартай ч Б.Ганхуяг ганцаараа нүүрсний асуудлыг үүрээд явахгүйгээр шийджээ.

Ер нь ч тэгээд ганц Б.Ганхуяг нүүрсний асуудалд холбогдсон гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэгэхээр шүүгч нь таалагдаад шүүх хурал эхэлбэл илэн далангүй ярих шинжтэй боллоо. Хэн хэн тусалж, хэн хэн хэрэгт түлхээд байгааг Б.Ганхуяг хэлэх бололтой. Нэр ус  нь ч халаасанд нь байгаа бололтой. Учир нь тэрбээр энэ удаад нэлээд зоримог, нэг үгээр хэлбэл, маш тайван хийгээд том байгаа нь анзаарагджээ. Ямар нэг том хамгаалалттай, магадгүй, түүнд шүүх ял оноохгүй байж мэднэ. Энэ нь Т.Аюурсайханы өчигдрийн мэдэгдлээс ч харагдсан байгаа юм.

 

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650740
0 эможи

keyboard_arrow_up