СУРВАЛЖИЛГА: Азийн цагаан дагина болох хүсэл “АЛСАД БИШ...“
Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээх нэрийн дор суурьшиж байсан Улаанбаатарчууд өнөөдөр хүйтний ам наашлах төдийд утаан дундаа дуниартан, урдаа юу байгааг харахад ч хэцүү байх болов. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэж байна хэмээн хичнээн тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүнд хүрсэн нь үгүй.
Анх 2019 оноос нийслэлд түүхий нүүрсийг хэрэглээг халж, “Тавантолгой түлш” компанийг байгуулан сайжруулсан шахмал түлшийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тухайн үедээ утаа мэдэгдэхүйц буурсан хэдий ч өнөөдөр бол уг түлш үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг хэн хүнгүй л харж байна.
Тэгвэл бидэнтэй хаяа дэрлэн орших БНХАУ агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг байсан бол тэд өнөөдөр "ХАГАС КОКС" шахмал түлшээр энэ асуудлыг шийдэж чаджээ.
Харин манай улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Тавантолгой түлш ХК-ийнхан хагас коксоор хийсэн шахмал түлшний туршилтыг эхлүүлж, олон ч судалгааг хийсэн байна. Ингээд 177.5 тэрбум төгрөгөөр энэ жил нийслэлчүүдийг утаагүй өвөлжүүлэх төслийг эхлүүлэх гэсэн боловч, цахим орчинд өрнөсөн шүүмжлэлээс үүдэн Засгийн газрын хуралдааны үеэр буурч, Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэхээр болж, 32 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон юм.
Хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг мидлинг буюу бидний одоо түлж буй түлштэй харьцуулахад дэгдэмхий 45 хувь, хүхэр 57 хувь, үнслэг 37 хувиар бага гарчээ. Өөрөөр хэлбэл хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдож байгаа юм.
БНХАУ-д энэ төрлөөр үйл ажиллагаагаа эрхэлдэг 300 гаруй үйлдвэр байдаг бөгөөд түүний нэг болох "Inner Mongolia blue flame technology environment" компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үед үйлдвэрийн дарга “Хятадад нүүрсийг угааж заавал хорыг нь гаргасан байх шаардлага тавьдаг. Шахмал түлш үйлдвэрлэхэд арваад төрлийн дамжлага явдаг. Түлшинд стандартыг нарийн зааж өгсөн бөгөөд хэрвээ чанарын шаардлага хангахгүй бол Засгийн газраас нь үйлдвэрийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авдаг. Түүнчлэн хагас кокс бүтээгдэхүүний чанарыг байнга лабораториор оруулдаг учраас угаартах эрсдэл байдаггүй" талаар онцолж байв.
Хагас коксын үйлдвэр барих асуудал манай улсад 2008 оноос эхлэн яригдаж эхэлсэн бөгөөд өдгөө Эрчим хүчний яамнаас 600 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулан ажиллаж байна. Урд хөршид энэ хэмжээний хүчин чадалтай үйлдвэр 2006 онд 250 сая юан буюу ойролцоогоор 125 тэрбум төгрөгөөр босчээ.
Тэгвэл манайх хөрөнгө оруулалтаа шийдэж чадвал 2025 оны дунд үе гэхэд хагас коксын үйлдвэртэй улс болно гэсэн үг. Үйлдвэртэй болсноор нүүрсийг 600-700 хэмд жигнэх явцад гарах хийгээ цахилгаан станцад нийлүүлэх боломжтой. Мөн нүүрсийг жигнэх явцад гарах давирхайгаар шатахуун, дизель түлш гарган авах, замын асфальт хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэг сумаар нилээн хэдэн туулай буудахтай л утга нэгэн.
Хэрэв бид хагас коксын үйлдвэрээ барьж чадвал "Азийн цагаан дагина" болох хүсэл нь алсад биш нь эндээс харагдана.