ШИЛЭН: Н.Багабанди хүүхдүүдтэйгээ нийлж ХУД-т амины орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж авчээ
Монгол Улсын Засгийн газраас явуулж буй "5Ш” ажиллагааны хүрээнд зарим мэдээллийг нийтэд ил болгосон. "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой компани болон тусгай сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм.
Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нь охин Б.Баярмаа, хүү Б.Батбаяр нартайгаа хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу "Стадион Оргил-2" байршилд амины орон сууцны зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан авчээ.
Түүний хувьд 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан бөгөөд өнгөрсөн оны 04 дүгээр сард Оюутолгой ХХК-ий ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн юм.