Хэн нэгний ГЭГЭЭН САЙХАН өглөө нь хэн нэгний “ХАР БАРААН ӨГЛӨӨ“
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж, Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг байсан 200 гаруй айл өрх усанд автсанаас гадна дөрвийн дөрвөн иргэн алтан амиа алдав.
Гэнэт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалд хэн хүнгүй харуусч, дөрвөн хүнийхээ араас гашуудан, талбай дээр зул асаан сэтгэлээ жаахан тайвшруулах ая бодов...
Гэвч зарим нэгний хар бараан өглөө нь зарим нэгний гэгээн өглөө байсан бололтой. Шөнө дөлөөр ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдал хүндхэн байгааг дуулгасан. Өнөөдрийг хүртэл БЗД-ийн дээрх хэсгүүдэд 1000 гаруй ажилтан, алба хаагчид тасралтгүй ажиллаж, гэртээ ч харих завгүй гүйлдэж байгаа.
Гэтэл үерээр дөрвөн иргэнээ алдсан уй, гашуудалтай өглөө Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Сэтгэлийн шуналаа дийлэхгүй болох цагаас амьдралын тэнцвэрээ алддаг. Гэгээн сайхан өглөөний мэнд" хэмээн цахим орчинд мэнд мэдэв...
Төрийн өндөр албан тушаалтан "мэдрэмжгүй" гэхэд арай л мэдрэмжгүй юу. Үерт өртсөн иргэдэд хандсан ямар нэгэн ажил хийхгүй бол яваж чимээгүй байж болоогүй юу...
Ийм үед хэн ч баяртай үйл явдал тохиолдсон ч хэлээ хазаад чимээгүй өнгөрөөхөөр...
Үерт өртсөн 10 сартай хүү, 15 настай хүүгээс гадна Хэнтий аймгийн хоёр иргэний ар гэрт ямархан хэцүү байгаа бол... Бидэнд гэгээн сайхан өглөө бишгүйдээ л олон бий. Тэгэхдээ энэ өдөр бол ёстой биш шүү сайдаа!!!