ХҮН БИШ ОЮУТАН Л БАЙНА, ХҮН БИШ ЦЭРЭГ Л БАЙНА
Онигоон дээр гараад байдаг ш дээ "ХҮН БИШ ОЮУТАН Л БАЙНА" гээд... Түүнийг нь сонссон хүмүүс учиргүй инээлддэг нь гайхмаар. Тэрэн шиг л армид бол цэргүүд хүн биш гэлтэй...
ЦЭРЭГ... Өнөөдөр тэд хэн нэгний сайн хүү ч маргааш эх оронд аюул тулгарахад хамгийн түрүүлж дүрэмт хувцасаа өмсөөд байлдахад ч бэлэн эх орны баатарлаг эрчүүд. Бид тэгж л бодож үр хүүхдээ цэргийн албанд "АЛБАА САЙН ХААГААД ИРЭЭРЭЙ" хэмээн мордуулдаг. Гэвч сүүлийн жилүүүдэд эцэг эхчүүд сайн хүүгээ цэргийн албанд явуулахаас халшрах болж.
2017-2020 онд цэргийн албан хаагч хохирсон 37 хэрэг бүртгэгдсэнийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир мэдээлсэн бөгөөд үүний 16 тохиолдол нь цэрэг нас барсан. Эндээс 3 нь хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг. Өнөө л цэргийг үхдэл нь зодсон хэргүүд гэсэн үг. Цэргийн албан хаагч гэмтсэн 21 тохиолдол, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 8, дарга захирагч нь хүч хэрэглэсэн 6 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 15 хэрэгт нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн хуулийн байгууллагад хэд хэдэн хэрэг ажиллагаанд шалгагдаж буй.
Цэрэг уг ёсондоо захирах бус захирагдах дэгтэй. Түүний дээр салаан захирагчаас эхлээд ангийн дарга хүртэл олон удирдлага бий. Бүгдэд нь ёсолж, захирагдах учиртай. Тэгвэл офицер бол дарга. Дэслэгч эсвэл хурандаа цолноос үл хамаараад тэр цэргийг захирах, тушаал өгөх эрх мэдэлтэй. Гэхдээ цэргийг дэглэх, зодох, амь насыг нь хөнөөх эрх мэдэл ямар ч дээд цолтонд байхгүй.
Архины мөнгө нэхсээр байгаад зодоод алчихдаг тэр хүн дүрстэн өнөөдөр юу бодож суугаа бол... Дүн өвлийн хүйтэнд аавын хүүг хөл нүцгэн гадаа гаргачихаад тэр офицер юугаа бодож суусан бол. Бодохоос ч аймар. Цэргийг хатуу гараар барих ёстой, дэглэх шаардлагатай гэсэн угжирсан тогтолцооноос Монголын арми салах цаг нь нэгэнтээ болжээ.