Монгол Улс 108 мянган иргэнээ хөгжлийн гадна үлдээх үү
Тогтвортой хөгжлийн хамгийн гол бааз суурь бол хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй, хамтдаа урагшлах юм. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн хөгжил, хамгаалал, үйлчилгээний гадна үлдэж байна. Өөрөөр хэлбэл, гурван сая иргэн хамтдаа алхахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ойлгох, хандлагаа өөрчлөхөөс аргагүй. Тэд тусгайлсан үйлчилгээ, илүү халамж хамгаалал бус харилцаа, хандлагаас үл хамаарч Долгор, Дулмаатай ижил байхыг л хүсдэг. Үүний хамгийн наад захын жишээ бол хүн бүр гэр бүл төлөвлөх, хэдэн хүүхэд төрүүлэх нь чөлөөтэй. Гагцхүү хариуцлагатай шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл авахаас гадна эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ авах эрхтэйг Үндсэн хууль болон олон улсын конвенцоор хангалттай баталгаажуулж өгсөн. НҮБ-аас “Бие эрхтэний согог, гэмтэл, нийгмийн орчны хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг” гэсэн ойлголтыг гаргаж ирсэн нь нийгэмд шинэ эргэлт болсон юм.
Тухайлбал, тэргэнцэртэй хүн хөдөлмөр эрхлэх чадваргүйдээ биш тохирсон ажлын байр хүртээмжгүй. Үүний нэгэн адил сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч оюуны чадавхигүйдээ биш, харин тэдэнд тохирсон сургалтын орчин, гарын авлага, багш хангалтгүй, сургууль хүртээмжгүйгээс амжилттай суралцаж чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар хэмээн тодорхойлсон нь бий. Гэтэл хүний хамгийн наад захын хэрэгцээ болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэг саад, бэрхшээлгүй авч чаддаг бил үү. Үүний хариултыг та эрүүл мэндийн байгууллагын үүдээр оруутаа л олж харах болно. Харамсалтай нь эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах дохионы хэлмэрч, хараагүй хүнд газарчлах, тэргэнцэртэй хүмүүст үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжөөс эхлээд ойлголт, хандлага тааруу байна. Энэ талаар улсын хэд хэдэн эмнэлгээр орж асуухад “Зөвхөн төсөл хөтөлбөрийн хэмжээнд л эрээвэр хураавар байдлаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар зүтгэж байна. Түүнээс тусгайлан хүний нөөц гаргаад, тоног төхөөрөмж төсөвлөх боломжгүй” гэсэн нэг л хариулт өгч байв. Эндээс Монгол Улсын хүн амын гурван хувийг бүрдүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэн эрүүл мэнд, нийгэм, нийтийн тээвэр гээд нийгмйин үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй авч чадахгүй байгааг харж болно. Зүй нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний явж байгаа цикль болгоныг хүртээмжтэй байлгах ёстой юм. Тэгж байж тогтвортой хөгжлийн гэрийн даалгавраа биелүүлэхгүй бол өнөөгийн байдлаар бол 108 мянган иргэнээ хөгжлийн гадна үлдээх болох нь. Энэ мэтээр хууль журам цаасан дээр л үлдсэнийг бодит байдал, мэргэжлийн байгууллагын судалгаа ч харуулдаг. Үүний нэг л жишээг хөндье.
ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний талаар үндэсний хэмжээнд судалгаа хийж хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгэм, эдийн засаг, хөгжлийн үйлчилгээг орхигдуулж байгаа гэж дүгнэжээ. Тухайлбал, иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетад тулгуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон хүртээмжтэй үзлэгийн ор, харааны болон сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч, орчуулагч байдаггүй. Мөн эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул ямар төрлийн үйлчилгээ илүү авдаг, жилд хэдэн хүн үйлчилгээнд хамрагдаж буй талаар тоон мэдээлэл улсын хэмжээнд гардаггүй учраас тухайн асуудлаар бодлого, төлөвлөлт хийж онцлог хэрэгцээнд нь тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаггүйг дурджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийн үйлчилгээ хүргэхдээ гэр бүлийнхэнд нь даатгах, асран хамгаалагчид мөнгөн тэтгэмж олгодог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, бие даан амьдрах, гэр бүлтэй болох, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх эрхээ эдлэхэд гэр бүлийн гишүүд хөндлөнгөөс нөлөөлж байгааг судалгаа харуулж байгаа юм.
ХЭҮК НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Орхон, Булган, Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-тай хамтран Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод судалгаа хийж хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйг хамруулжээ. Тэдний 42 хувь нь тулгуур эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын бэрхшээлтэй, 17 хувь нь оюуны,10 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй байжээ. Судалгаанд оролцогчидтой ганцаарчилсан болон бүлгээр ярилцахад нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөсөө авдаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүдийн эмчгүй эсвэл эмч нар нь туршлагагүй, дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд 1-2 сар хүлээдэг, эмнэлэгт дохионы хэлний орчуулагч байдаггүй, эмч нарын ажлын ачаалал их, харилцаа хандлага муугаас шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг дурджээ. Мөн гэр бүлийн гишүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн жирэмсэлж, үр хүүхэдтэй болох шийдвэр гаргахад нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн. Жирэмсэлж байсан эмэгтэйчүүдийн 45.8 хувь нь жирэмсэн болсноо мэдээд баярласан, 10.7 хувь нь айсан, 5.5 хувь нь гайхсан гэжээ. Тиймээс судалгааны талаар олон зүйл нуршихгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд төрийн, тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч байгааг дараах бодит кейсээр харуулъя.
Кейс-1
Би 44 настай, тэргэнцэртэй болоод 20 жил болж байна. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг хүсдэг ч тохирох ариун цэврийн өрөө эмнэлэг дээр байхгүй, үзлэгийн орон дээр яаж гарах зэрэг бэрхшээлээс айгаад одоог болтол нэг ч удаа үзүүлээгүй. Мэдээж өөртөө санаа зовж байна.
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Кейс-2
-Би 35 настай. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч байнга залгаж жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би өөрөө гаргана” гэж хариулахад “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” хэмээн дарамталсан.
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлага
Кейс-3
-Эмч нар жирэмслэхийг хориглодог учраас таван сар хүртлээ эмч нараас нуусан. Эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр эмч нар жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзах үед тэд тал талаас гар бариад би цочролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоосон, үрийн сувгийг боосон байсан.
Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ялгаварлаж гадуурхахгүйгээр эрх тэгш, хүртээмжтэй үйлчлэх шаардлага тулгарч байна. Хамгийн гол нь тэдний онцлогийг ойлгож мэдэрдэг мэргэжилтнүүд чухал юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар гарц шийдэл санал болгосон экспертүүдийн үгийг хүргэе.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Б.Болороо: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх ажилтныг тусгайлан ажилд авах, томилох шаардлагагүй
/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн/
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад хамгийн чухал нь хандлага, ойлголт байдаг ч бодит байдал дээр халамж хүртэгч, өвчтөн гэсэн байр сууринаас харсан хэвээр байна. Гэтэл нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гэр бүлээ төлөвлөх зэргээр хүн амын идэвхтэй хэсэг байж, нийгэмдээ үүрэг оролцоотой байхыг хүсдэг.
Мэдээж нэг дор бүгдийг хүртээмжтэй болгож чадахгүй ч жилдээ нэг эмнэлгийн үйлчилгээ, орчинг хүртээмжтэй байхаар зорьж ажиллавал боломж бий. Эмнэлгүүд заавал хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх ажилтныг тусгайлан ажилд авах эсвэл томилох шаардлагагүй. Харуул, туслах ажилтан, үйлчлүүлэгчдийнхээ хандлага, ойлголтыг өөрчилж чадавхижуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх чиг үүргийг нэмээд өгөхөд болно. Хандлага, ойлголт, үйлчилгээний сургалтыг авахад л болох юм. Ингэснээр тэргэнцэртэй хүмүүсийг оруулж гаргахдаа хаанаас нь барих, харааны бэрхшээлтэй хүнийг хэрхэн дэмжиж хөтөлж явах гээд нарийн ойлголт, стандартууд бий. Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй зайн дүрст үйлчилгээ ашиглах, цаас бал ашиглах гэх мэтээр заавал хөрөнгө мөнгө, хүний нөөц шаардахгүйгээр шийдэх боломж байгаа.
Японд хүртээмжийн асуудлыг шийдэхдээ гэрээс ажил, сургууль зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явж байгаа цикль болгоныг хүртээмжтэй болгож шугаман зураглал гаргадаг бол Монголд хүртээмжийг зөвхөн цэгээр хардаг. Эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн салбар дангаар шийдэж чадахгүй. БХБЯ, ЗТХЯ, ХНХЯ гэсэн том зураглалаар асуудал шийдэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эмнэлэгт зөвхөн группээ сунгуулах, өвчтөн гэсэн байр сууринаас очдог гэсэн суурь хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Олон улсад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь хүн бүрт ээлтэй орчин бий болгож байна” гэсэн үзэл санаагаар асуудлаа тодорхойлж, шийддэг.
З.Бадмаараг: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бий болгох шаардлагатай
ХЭҮК-ын референт
-Комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийн асуудлаар УИХ-аар шийдвэр гаргуулахаар дөрвөн саналыг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ээр дамжуулан хүргүүлж, 2019 онд УИХ-ын 62 тоот тогтоолыг батлуулсан. Тогтоолд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг бий болгох, мэдээлэл тогтмол цуглуулах тогтолцоог ажиллуулах, судалгаа, мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай. Мөн эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөрийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай сургалтыг оруулж, үе шаттайгаар зохион байгуулах, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцүүлэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах. Үүнийг хэрэгжүүлснээр зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх чөлөөний нэлээд асуудал шийдэгдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.24 ЛХАГВА № 57 (6534)