МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?

2021 оны 1 сарын 07

Ерөнхий сайд аа! Хууль бус хураамжтай тэмцэнэ үү!

УОК-ийн өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-нд хийсэн мэдээллийн үеэр нэр бүхий сэтгүүлч МҮХАҮТ-аас самрын бизнесийнхэнд тавьсан 3000 төгрөгийн хураамжийн тухай асууж, Шадар сайд Я.Содбаатар асуултад нь хариулахдаа “Энэ талаар гомдол ирж байгаа. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч улс төрийн намын хуралд очоод суучихдаг” гээд эгдүүцээд авав. Коронавирусийн тархалттай гойдын чухал хамааралгүй энэ асуудлын цаана нэг жижигхэн “чулуу” яваад байгаа нь анзаарагдсан. Ер нь коронавирус нэлээд зүйлийг өөрчилж УОК нь ИНЕГ-ын эрхийг өөртөө авч аль онгоц, хэзээ хаашаа нисэх хэн, хэн явах, ирэхийг мэддэг, Замын-Үүдээр хэзээ, хэдэн машин нэвтэрч орж ирэхийг МҮХАҮТ “зөвшөөрдөг” болох гэх мэт чиг үүргүүд онцгой нөхцөлд нийцэж өөрчлөгдөөд л байгаа, олон нийт тэвчээд л байгаа билээ. 

Самрынхны “аллерги” үүнтэй л адил. Энэ жил самар маш өндөр үнэтэй байсан нь ч үүнд нөлөөлсөн биз. Гэхдээ тактикийн хувьд “Хүүхдийн төлөө фонд”-ын хандивтай төстэй. Хэдийгээр наана нь МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн байгаа ч асуудлын цаана Я.Содбаатар сайдын хардсанчлан “Улс төрийн намын хуралд очиж суугаад байгаа” О.Амартүвшин буй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд самрын бизнесийнхнээс “мөнгө босгож” өгөөд байна гэж самрын бизнес эрхлэгчид хардаад байгаа юм билээ. Тэд хардах эрхтэй, үндэслэл ч байна.

Эхлээд МҮХАҮТ-ийн дарга нь самар үйлдвэрлэгчидтэй уулзаж “Хууль бус мөнгийг хууль ёсны болгоно, Монголын самар үйлдвэрлэгчид мөнгөтэй болох, хүчирхэгжих хэрэгтэй. Та нарын бэлтгэсэн самрыг хилийн цаана “нэг цэгт” саадгүй зардаг болох ёстой” гэсэн гоё санал тавьж самрын чөмөгний килограмм тутмаас 1000 төгрөг хураалгаж санд төвлөрүүлэхийг “уриалсан” байдаг юм. Ингэхдээ “Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо” гээд Ч.Баянмөнхийн тэргүүлдэг холбоон дээр нэгд” гэжээ. Самар үйлдвэрлэгчид дээрх саналыг хүлээж авч болох юм, харин Холбооны тэргүүнээ ардчилсан зарчмаар хуралдаж шударгаар сонгох шаардлага тавьсан. Гэтэл Ч.Баянмөнх нь “Энэ бол миний холбоо учраас би тэргүүлнэ, эсвэл миний хүү тэргүүлэх ёстой” гэсэн. Энэхүү ардчилсан зарчимгүй холбоо самар үйлдвэрлэгчдэд таалагдаагүй. Харин 2016 онд байгуулагдсан “Самрын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г идэвхжүүлье гээд 20 гаруй компани хамрагдаж нэгдсэн хурал хийгээд протокол хөтлөөд тэргүүнээ томилжээ. 

Энэ хурлаар МҮХАҮТ-ийн хүсээд байгаагаар самрын чөмөгний нэг килограмм тутмаас 1000 төгрөг төлөх тооцоог хийе гэж шийджээ. Энэ жил самар маш өндөр үнэтэй байсан. Килограмм тутмаас 1000 төгрөг төлөх, үүнээсээ 700 төгрөгийг нь үйлдвэрлэгч нарт, үйлдвэрээ сайжруулахад нь зориулж 300 төгрөгийг нь МҮХАҮТ-д өгье гэж шийджээ. Өөрөөр хэлбэл энэ жил 10 мянган тонн самрын чөмөг гарсан. Килограмм тутмаас 300 төгрөг өгнө гэдэг нь гурван тэрбум төгрөг МҮХАҮТ-ийн санаачилсан санд орохоор тооцоолж энэ тухай хурлаараа шийдвэрлэжээ. Ингээд самар үйлдвэрлэгч 20 гаруй компани нэгдсэн холбоо байгуулаад шаардсан мөнгийг хурлаараа зөвшөөрч протокол хөтөллөө, тэргүүнээ сонгочихоод МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэнтэй очиж уулзаж хурлын шийдвэрээ танилцуулжээ. Гэтэл МҮХАҮТ “Тийм юм байхгүй. Хоёрын хооронд 1000 төгрөгөөр яах юм бэ. 10 юань авна” гэжээ. Энэ шийдвэрээ албан бичгээр өг гэхээр өгдөггүй. Гэхдээ “Арван юаниар сан хөгжүүлээд эрүүл экспорт хөгжүүлье гэсэн нь үнэн. Сангийн зарцуулалт нь хамтын удирдлагынх байна” гэсэн Т.Дүүрэнгийн өөрийнх нь бичсэн хариулт бий. 

Ингээд нэг килограмм самрын чөмөг тутмаас 1000 төгрөг санд төвлөрүүлэх хурлын шийдвэр “чамлагдаж” арван юань буюу 4300 төгрөг болж дөрөв дахин өсчихсөн. Энэ хураамжийн мөнгөө хаана цуглуулах юм бэ гэхээр “Бид өөрсдөө сан байгуулна, сангаа бид удирдана. Хяналтын таван гишүүний гурвыг нь МҮХАҮТ сонгоно, хоёр нь холбооноос орж болно” гэсэн. Тэр санд цугларсан мөнгөнөөс хэд нь самар үйлдвэрлэгчдэд очих вэ гэхээр “Самар үйлдвэрлэгчдэд энэ мөнгөнөөс очиж ч болно, очихгүй ч байж болно, хэдэн хувь нь очихыг тохиролцоно” гэсэн. 

Гэтэл МҮХАҮТанхимын тухай хуулиар ч, өөр ямар ч хуулиар МҮХАҮТ ямар нэг байдлаар татвар хурааж авах эрх бүхий байгууллага огт биш. Зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Санхүүжилт нь гишүүний татвар, иргэд байгууллагын хандив, үйлчилгээний орлого болохоос татвар авах эрх байхгүй. Гэтэл үйлдвэрлэгчдэд тулган шаардалт хийж татвар авах, түүнийгээ юунд зарцуулах гээд байгаа нь тодорхой бус байгаа учраас самар үйлдвэрлэгчид эсэргүүцэж буй. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар ярьдаггүй. Т.Дүүрэн дарга нь “Ерөнхийлөгч нар бүгд мэдэж байгаа” гэдэг. МХЕГ самрын чөмгийг экспортод хилээр нэвтрүүлэхийн тулд МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авчир гэдэг. Энэ бичгийг самар үйлдвэрлэгчид үнэгүй авдаггүй. гарал үүслийн гэрчилгээг хэдэн кг самар гаргахаас шалтгаалж тодорхой шатлалын дагуу нэг удаа гаргахдаа 100-200 мянган төгрөг тушаагаад хоёр цагийн дотор авах журмын дагуу зохицуулагддаг байсан бол одоо хоёр сар гаруй болоод байхад ийм “шантаажид” орчихоод байгааг МҮХАҮТ-ийн “нугалаа” гэж үзэхээс аргагүй болж байна.

Нэг тоо хэлье. 2020 онд жил иргэдийн гар дээр цугларсан буюу тэднээс компаниудын худалдаж авсан нийт самрын хэмжээ 30 мянган тонн буюу нийт 300 гаруй тэрбум төгрөг нийт ард иргэдийн гар дээр очсон. Уул уурхай бол нэг компанийн өмч, улсад роялти татвараа өгдөг бол самрын бизнес нь нэн ядуугаас эхлээд нийгмийн янз бүрийн давхаргын бүх иргэдэд хүртээмжтэй бизнес. Самар шиг их татвар төлдөг, иргэн бүрт хүртээмжтэй ямар ч уурхай байдаггүй нь туйлын үнэн. Гэтэл энэ бизнесийг л боомилоод байгаа нь харамсалтай. Гэтэл тэд хуулийн дагуу хоёр удаа тэмдэгтийн хураамж гэж төлдөг. Орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжид кг тутмаас 800 төгрөг буюу нийт 30 мянган кг самарт 30 тэрбум төгрөг, мөн хилээр гаргахад дахиад тэмдэгтийн хураамжид хамгийн багадаа 30 тэрбум төгрөг тушаадаг, энэ нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны төсөвт ордог. Энэ бол хуулийн дагуу төлдөг хураамж. Гэтэл хууль бусаар МҮХАҮТ дахиад 30 тэрбум, хэрэв арван юаниар нь бодвол 43 тэрбум төгрөг авах гээд байна шүү дээ. 

Энэ бол “дээрэм”. Тиймээс “Арван юанийн шаардлага”-ыг самар үйлдвэрлэгчид зөвшөөрөөгүй, одоогоор Монгол Улсын хилээр хоёрхон компани гарсан, бусад нь гараагүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар экспортыг дэмжих “оппераци”-аа ингэж хийх байсан юм уу? Эсвэл Засгийн газар нь МҮХАҮТ-аар удирдуулаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болоод ирлээ.

Үүний дараахан буюу 2020 оны 10 дугаар сарын 8-нд МҮХАҮТ-ын А/82 тоот тушаал гарсан. Үүгээр Самрын кластер байгуулах, түүний бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг тогтоосон. Үүний дагуу МҮХАҮТ-ийн дэргэд Самрын кластер байгуулагдаж өнөөх “шаардаад байсан” Самрын кластерийн хөгжлийн сан гэгчийг байгуулах, энэхүү санд хуш модны самрын бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн тус бүрийн кг тутамд 3000 төгрөгийгбайршуулах болсон шийдвэрээ МҮХАҮТ-д Хамтран ажиллах санал болгон хүргүүлсэн байдаг. Энэ саналыг нь “баяртайгаар хүлээн авсан” МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн 2020 оны 12 дугаар сарын 25-нд 02/1277 тоот албан бичгээрээ Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүнд уриалга хүргүүлжээ. Ингэж өчигдөр сэтгүүлчийн асуугаад байсан 3000 төгрөгийн хураамжийн асуудал үүсчээ. 

 

 

 

 

 

Тэгэхээр эхлээд хандив цуглуулчихаад нэгэн ТББ-ын дансанд байлгаж байгаад “Хууль батлагдахаар Засгийн газарт шилжүүлээд өгчихнө” гэсэн Хүүхдийн төлөө фондын хандивтай төстэй байгаа биз? Дахин хэлэхэд МҮХАҮТ татвар, хураамж авах эрхтэй байгууллага биш. Үүнийгээ “Самрын кластер”-аар дамжуулж, ер нь яаж ч “зүсийг нь хувилгасан” энэ бол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд учруулж буй дарамт яах аргагүй мөн. Энэ талаар асуудлыг хүчтэй тавьж хууль бусаар тулган шаардаж, дарамтлах ажиллагааг нь таслан зогсоох ёстой. Өнөөдөр коронавирусээс илүү ТББ-ууд гэгч хууль бус вирусууд экспортын орлогыг гацааж тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээн дээр бизнес хийж буй талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлага тулгараад байна. 

Нийтлэлч: Оргилмаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622547
1 эможи

keyboard_arrow_up