Дарханы замд үүсгэсэн М.Энх-Амгалангийн балаг коронавирусын дэгдэлтээр үргэлжилэх ёсгүй
Дархан-Улаанбаатарыг холбосон автозам төлөвлөгөө ёсоор 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан боловч хугацаандаа амжихгүй он дамнан хойшлогдоод байгаа. Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүй нь тендерийн булхай зэрэг асуудалтай холбоотой талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Энэ асуудал үргэлжилэээр М.Энх-Амгалан сайд Засгийн газрынхаа ретингээс зулгаах нэг том шалтаг ч болж мэдэхдээ тулсан цагаар Зам тээврийн сайд гайхалтай мулгуу шийдвэрийг гаргаж, өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комисс дээр танилцуулаад байгаа.
Дарханы замыг барих 105 хятад иргэнийг Улаанбаатарт онгоцоор авчирна хэмээн мэдэгдсэн М.Энх-Амгалангийн мэдэгдэл яг одоо цахим орчинд эрчтэй тарж, М.Энх-Амгаланд бас Засгийн газарт хаягласан иргэдийн эсэргүүцлийг дээд цэгт нь хүргэж байна.
Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусын анхны голомт болсон Хятадаас 105 иргэн авчирч Дарханы зам дээр ажиллуулна гэдэг байж боломжгүй ухаан муутай шийдвэр. Нэг танхимд зэрэгцэн сууж байгаа Эрүүл мэндийн сайд нь Зам тээврийн сайдынхаа шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, тэднийг хянах, эмчлэх, асрах эдийн засгийн болон хүн хүчний нөөц байхгүй гэдгээ хэлчихээд байхад М.Энх-Амгалан өөрийнхөө зүтгэж байгаа нь бүүр хачирхалтай.
COVID-19 халдвар цэвэрлэгдэх болоогүй байна. Европ тив, Америк, Африк тивүүд энэ өвчнийг хязгаарлах чадамжгүй байгаагаа нэгэнт харуулчихаад байхад М.Энх-Амгалан зам барих 105 хятадыг яагаад заавал авчирна хэмээн чичрээд байгаа нь сонин.
Коронавирус дэлхийн хүн амын эрүүл мэндийг төдийгүй улс орны санхүүд аюул учруулж эхэлсэн. Монголын хувьд ч олон аж ахуйн нэгж энэ өвчний улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Монголын зам гүүрийн компаниуд дунд хятадын 105 ажилтны хийх ажлыг гүйцэтгэчих аж ахуйн нэгж олдохгүй байгаа хэрэг үү, Ерөнхий сайд аа!
Монгол Улс өвчний голомтоос иргэдээ бүгдийг нь татаж амжихгүй байна. Ийм цагаар дотоод нөөцөө ашиглана гэхгүйгээр голомтын бүсээс 105 хятад оруулж ирэх гэж догдлоод, ухаан муутай шийдвэр гаргаж, нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа Зам тээврийн сайддаа ямар арга хэмжээ тооцох вэ?
Эх сурвалж: UPDOWN.MN
|