Тэнгэрийн нулимс дээр би гишгэж явна
Тэнгэр газар, тэг дунд нь хүн. Ертөнц гэгч минийхээр ийм л загвартай. Тэнгэрээс унаж, газраас ургана. Түүний хүртэгч нь хүн. Үй олноороо буух цасан ширхэг шиг, үй олноороо бужигнах хүмүүн гэдэг тэнгэр газар хоёрын л үүргийг биелүүлэгч гэлтэй. Ийм л нэгэн бодол энэ цаснаар толгойд эргэлдсээр би гэрлүүгээ алхаж явна. Энэ бодлыг үүтгэгч нь энэ ороод байгаа цас л даа. Цас орох бүрт надад Б. Алтанхуягийн “Үймэх цасны гэгээ” гэх нийтлэл, яруу найрагч Б. Пүрэвсүрэнгийн
Чи над дээр үйрэн унах шиг ,
Чив чимээгүй цас бударна гэх мөртүүд санаанд буудаг. Харин сүүлд уншсан яруу найрагч Г.
Лхагвадуламын “Дотно алс” номны
Энгэсгээр гоёвч эдгэшгүй өвчитний дүртэй
Энэ доройхон тэнгэрээс юу ч унаж мэднэ, оногдох л юм шүү гэх
мөртүүд энэ мөчид илүүтэй санаанд бууна. Одоо энэ мөр надад тэнгэр бүрхэх бүрт санагдаж, нээрээ энэ тэнгэрээс юу унах бол амжиж оногдох л юм шүү гэх хүслийг төрүүлдэг. Өнөөдөр ч бас юу унах бол гэж хүлээсээр цас орж, цасанд оногдон алхаж яваа минь энэ. Хэдэн жилийн өмнө нэг зун нэг их цас орж нэг хэсэгтээ л хүүхдүүд гэрээс гарахгүй, хичээлдээ явж чадахгүй өдөржин хөнжилдөө хэвтэж байсан санагдана. Харин тэр үеийн мэдрэмжтэй минь Г. Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз” номны “Цасны роман” тууж адилхан санагддаг. Тэр үед би цасыг хүнд зүйл гэж ойлгосон. Харин Туркийн зохиолч Орхан Памукийн “Цас “ романы эхлэлд “Ай”, цас аниргүй” гэх мөр бий. Үнэхээр л цас чимээ аниргүй ордог. Хүн гэртээ суугаад цасыг сонсох боломжгүй. Цонхоор хараад л цас орж байгааг мэдэрдэг. Бороо бол чимээтэй ордог. Тэгэхээр цасны нэг шинж нь аниргүй байдагт оршиж байна. Цас мэдээж хөнгөн зүйл. Харин цасны тухай бодол л хүн бүрт өөр байдаг биз. Энэ бол цасны тухай бусдын мэдрэмж. Бид ямар ч ном, ер нь юу уншсан бусдын л бодлоор аялдаг юм уу даа. Харин би цасыг тэнгэрийн нулимс гэж боддог. Тэнгэр үргэлж л сохирхлыг минь татдаг. Толгойгоо өргөж дээш харахаас эхлээд л тэр намайг өөрлүүгээ татаж, гүн цэнхэр өнгө нь ихээ нууцыг хадгалж буй мэт. Хааяа би түүнд гараа хүргэж үзмээр, гараараа тэр аниргүй хөх өнгийг цоолмоор тавьтаргүй мэдрэмж төрдөг. Тэр үргэлж гэмгүй, тэр үргэлж аниргүй, тэр үргэлж хэрэг тарьдаг...Харин цас орох үед та тэнгэр өөдөө хараарай. Яг л дотроо уйтгар гунигаа нуучихаад багтрах гэж байгаа хүн аятай царайлдаг. Тэгээд л би цас орох бүрт тэнгэр уйлж байна гэж боддог. Ерөөс аниргүй, гэмгүй бүхэн л уйтгарлахдаа амархан байдаг шиг. Бурханы шашинд хойд нас гэж ойлголт бий. Энэ насандаа сайн үйл бүтээвэл хойд насандаа сайн хүн болж төрнө . Үнэхээр тийм юм бол би энэ насандаа ямар сайн үйл бүтээвэл хойд насандаа цас болж төрөх бол... Би цас болж төрмөөр байна. Тэнгэр чухам юунаас болж уйлаад энэ ертөнцөд цас болон унагадгийг мэдмээр байна. Цас орсоор л... Тэнгэрийн нулимс дээр би гишгэж явна...
Д. Бямбасүрэн