Нөхрөө “ЗОДДОГ” эмэгтэй
Гэр бүлийн хүчирхийллийн золиос, гэмт этгээдийн гарын шүүс болсон нь эмэгтэйчүүд байх нь элбэг. Гэхдээ хайр даадаггүй эхнэрүүд байх нь ч бий. Тэдний нэг нь би.
Манай ажлынхан намайг нөхөртөө зодуулдаг эмэгтэй гэж боддог. Хажуу ширээний эгч өрөвдсөн харцаар ширтэх хэр нь “Бие нь зүгээр үү” гэж асуухгүй. Харин “Эгчээсээ юу нуухав дээ. Яасан, нөхөртөө зодуулчихсан юм уу” гэж бусдаас дотночилж шивэгнэнэ. Хариулж ч амжаагүй байтал “Хадам ээж чинь хамт амьдардаг гэсэн биз дээ. Чамайг зодуулж байхад хараад л сууж байх уу” гэж нэмнэ. “Үнэн хэрэгтээ би өөрөө өөрийгөө гэмтээчихсэн юм”. Ингэж хэлсэн ч тэр итгэхгүй, итгэхийг ч хүсэхгүй байгаа бололтой “Эрчүүд ийм балиар шт” гэж ширэв татна. Гар хөхрөлттэй ирэх өдөр хэд хэд давтагдахад нөхөр, хадам ээж хоёр хамт олны минь дунд үзэшгүй муу хүмүүс болсоор байлаа.
Үнэндээ хань минь надад нэг ч удаа гар хүрч үзээгүй. Хадам ээж минь ч намайг гэхээр хошуугаа дэвсээд л угтдаг тийм л хүн. Харин би муугийн муу хань.
Ажлын шалтгаанаар байнга оройтно. Өөрөө ажилтай ч гэсэн намайг ажлаас минь байнга ирж авдаг хань, гэртээ харихад халуун хоолтой угтах хадам ээж. Идсэн хоолыг нь амттай ч гэж хэлэлгүй албатай юм шиг идчихээд дэлгэц ширтээд суучихна. Үгүй бол “хумс аваад өг” гэх нь холгүй нөхөртөө эрхэлнэ. Энэ байдал даамжраад ирэхэд нөхөрт минь таалагдахгүй болж эхэлсэн. Энэ үед эмэгтэй хүний бардам зан гээчийг харин ч нэг дээд цэгт нь хүртэл мэдэрчихсэн амьтан “гуйна гэж байхгүй” гэж гэдийнэ. Өчүүхэн сэдэлтэй хэрүүлийн буруутан нь үргэлж би байх ч нөхөр минь үргэлж хүлцэнгүйгээр уучлалт гуйж аргадна. Яг л тулаанд ялсан цэрэг шиг гавьяа байгуулсан мэт хадам ээжийн хийсэн хоолыг дуртай дургүй идэж эхлэхэд нөхөр тэндээс зөөлнөөр миний бурууг учирлана, гуйна. “Тэгээд таалагдахгүй байвал больчихгүй юу” гээд аягатай хоолоо түлхэж орхичоод дахиад л түнтэгнэтэл уурлаад хэрүүл хийнэ. Хариуд нь нөхөр чив чимээгүй. Номхон дөлгөөхөн түүний энэ байдалд уламч арсаж гэмгүй ханиа нүүр, нүдгүй балбаж гардаг байв. Уур гарч, тайвшираад харахад хөөрхий нөхрийн минь хамаг бие улаан цоохор болтлоо хөхөрсөн байна. Хадам ээжээс нуухдаа дандаа л битүү хувцастай гэртээ халууцаж суудагсан.
Хэрүүлийг өөрөө эхэлж, хэнд ч гэм хийгээгүй нөхрөө зодож балбах явцдаа өөрийнхөө гарыг хөхрөөчихдөг байсан нь ажлын эгч “Зоддог нөхөртэй” гэж бат итгэхэд хүргэсэн. Үнэндээ нөхөр минь өөрийгөө хамгаалах гэж л миний гарыг барихад хөхөрсөн хэрэг. Үүнийгээ өвчин болгон баашилж ажлынхандаа гайхуулах гэж байгаа мэт богино ханцуйтай юм өмсөнө. Юунд ч буруугүй гэж бодох би, тэр болгонд нэг ч үг хэлж байгаагүй “миний хоёр”
Уржигдар мөн л жижигхэн шалтгаанаас болж хэрүүл үүслээ. Нөхөр ч чимээгүй л сууж байна. Би алгадаж, нүүр нүдгүй балбаж, харааж, сүүлдээ хадам ээжийгээ хүртэл хэрүүлдээ оруулж, “Танай ээжийг би л гэртээ байлгаж байна, бусад хүүхдүүд нь хаана байна. Танай ээжид хоол хийхээс өөр хийж гийгүүлж байгаа зүйл алга” гэсэн хатуу хахир үгийг хайр гамгүй чулуудчихаад эргэж ч харалгүй төрсөн гэрлүүгээ гараад гүйчихэв. Хадам ээж минь хариад ирэхэд халуун хоолтой угтахаас өөр би настай хүнээс өөр юу хүсээ вэ. Төрсөн гэр рүүгээ гүйж явахдаа энэ талаар эргэцүүлэх ухаан надад дутсан.
Ээжийн минь буруу нэгээхэн ч үгүй байхад би гэдэг хүн ямар муухай зан гаргаж, ямар ихээр тэр хүний зүрхийг зүсээ бол. Жижиг өрөөнд ээж энэ хахир үгсийг минь сонсоод эмтэрч л суусан байх даа...Одоо бодохоор дэндүү ичгүүртэй.
Уурлаж гарсан нь би ч учирлаж аргадах хүн нь тэр хэмээн итгэж түүний залгах, мессеж бичихийг нь өдөржин хүлээж суулаа. Байдаггүй. Орой нь арга ядаад утасруу нь залгатал холбогдох боломжгүй...Мэдэх хараалын үгээ уртаа мессеж болгон бичээд орхичихлоо. Хариу байдаггүй. Арга ядаххдаа гэртээ иртэл харанхуй. Өмнө нь намайг хэн ч үгүй хав харанхуй угтаж байсангүй. Хадам ээж тэндээс “Өө миний охин хүрээд ирэв үү, ээж нь хоолыг нь халаагаад хий” гэх халуун дулаан үгс, удалгүй араас хаалга онгойлгон орж ирээд “Өө миний хань ирчихсэн юмуу” гэж хошуу дэвсэн үнсээд угтах хайр...Энэ бүгд өнөөдөр энд алга.
Харин ширээн дээр халуун савтай хоолны хамт жижигхэн захидал угтах нь тэр. “Миний хань гайхаж болохгүй шүү. Ээж бид хоёр нутагтаа оччихоод ирье. Энэ далимд өвлийн идэшээ ч бэлдчихье. Ээж “Охин өлсөж ирнэ. Хоол хийчихээд явна” гээд зөндөө хүлээлгэлээ. Залуу хүмүүс муудахыг алийг тэр гэх вэ, охинд хэлэхгүй явж болж байгаа юм уу л гээд байна. За гарлаа, би чамдаа зөндөө их хайртай шүү. Дахиж чамайгаа уурлуулахгүй ээ” гэсэн бичиг нүдний өмнө дурайна.
Миний буруу байтал дахиад л уучлалт гуйгаад, эвий ээж минь надад хоол бэлдээд тавьчихаж. Ийм том хайрыг би өдий болтол анзаарахгүй явжээ..Маргааш манай хоёр мах шөл болсоор хөдөөнөөс ирнэ. Хаалгаар ороод ирэнгүүт нь ханийгаа хүзүүдэн тэврээд, хадам ээжээсээ уучлалт эрж, халуун цай аяглаад угтана аа.
Эх сурвалж: М.ГЭГЭЭ
|