“БАЯЛГИЙН САН”-ГИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

2019 оны 9 сарын 05

Кувейт, Эмиратын сангуудын тухай би Арабын ертөнцөд Элчин сайд байхдаа олон ч бичиж байсан даа. Дээд хэмжээний айлчлалын үеэр манайхан учиргүй шимтэн сонсоод л, дарга нар маань бичээд ав, судал, судлаад төв рүү санал бич, бид хэрэгжүүлнэ гэж ирээд л уухайлдаг, Монголд хөрсөн дээрээ бууж хэрэгжсэн ганц ч туршлагагүй. Таг мартчихдаг байх.

Бэлэн мөнгө тараахын оронд Кувейт шиг байр, ус, цахилгаан, утасных нь мөнгийг улс нь даачхаач ээ хэмээн би бичсэн нь усанд хаясан чулуу шиг алга болсон. Миний хамгийн их бичсэн санаа бол уул уурхайн баялгаас олсон орлогоо хуримтлуулж сан үүсгээд мөнгөө хадгалаач ээ гэсэн зовнил байлаа.  Мөнгөө хав дараад хямралын үед гаргаж ирж ашиглаач ээ гэж улиглан бичсээр байтал харин Төрийн тэргүүн маань энэ санааг минь Үндсэн хуулиндаа дархлаад авъя гэсэн нь миний загатнасан газрыг ёстой маажих шиг боллоо.

Аливаа улс орон мөнгөтэй байх ёстой, мөнгөн сантай байж, тэр нь хатуу валютаар хадгалагдаж өнөө үед гэхгүй ч хойч үед өвлөгдөх ёстой гэсэн санаа сэдэл бол аль жаран хэдэн жилийн тэртээ 1953 онд Кувейтийн газрын тосныхноос үүдсэн юм билээ.

Кувейтээс түүчээлсэн сангийн туршлага Булангийн бусдадаа дорхноо халдварлажээ. Нефтийн орлогоосоо “Нөөцийн ерөнхий сан” байгуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт хийдэг, “Ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан сан”-гаа эндээс санхүүжүүлдэг нь туршлага болмоор санж. Кувейтэд чухам яасан юм гэхлээр бүх эрсдэлийг урьдчилан тооцох үндсэн дээр хязгааргүй их мөнгөн хуримтлал эхлэн бий болгоод төр нь түүнийгээ хатуу хянаж, түүнээсээ хөрөнгө оруулалтын эх сурвалж гаргах, үндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хөрөнгийн бирж босгох, харин иргэдэд хүртээх санг хойч үедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, гэхдээ бараа ажил үйлчилгээг төр даах замаар тусдаа хөнгөлөлт үзүүлжээ. Иргэддээ бэлэн мөнгө шууд тараах тухай ганц ч туршлага байхгүй.

Кувейтын газрын тосныхноос үүдсэн сан байгуулдаг үйлс даян дэлхийд үндэсний баялгийн сангийн хоёр том давалгааг авчирчээ. Эхний давалгаа нь 1970-аад оны үес, тухайлбал 1973 оны нефтийн анхдугаар хямралын (шоок) сургамжаар 1974 онд Сингапурт Темасек сан байгуулагдаж, 1976 онд Арабын Эмиратад “Абу Дабийн хөрөнгө оруулалтын сан” албан ёсоор ажиллаж эхлэн баялаг амьдралыг бүтээж гайхшруулжээ. Сингапурын хөгжлийн туршлага гэдэг нь мөнгөн хуримтлал ба түүний зөв зарцуулалтын үр дүн шүү дээ.

Хоёрдахь давалгаа нь шинэ зуун гараад 2000-2007 оныг хамарна. Нийт 20 гаруй үндэсний баялгийн сангууд байгуулагдан ажиллажээ. Эл үзэгдэл даян дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Манай улс сүүл барьж байгаагаар барахгүй байгалийн баялгаа хамгийн үр өгөөжгүй зарцуулдаг гашуун сургамжийн жишээ болохын наагуур байна.

Одоо дэлхийн 40 гаруй улсад 60 гаран сан үйл ажиллагаа явуулж байна. Сангуудын нийт хөрөнгө нь 5 триллион ам.доллар. Хамгийн томхон, ашигтай ажилладаг, алдартай сангууд нь АНЭУ, Канад, Кувейт, Норвег, Орос, Хятад, Чили, Хонконг, Сингапурын сангууд юм. Сангийн мөнгөн дүнгийн өсөлт гэж нүд эрээлжэлмээр. Жишээ нь миний мэдэхийн Эмиратын Абу Дабийн хөрөнгө оруулалтын сан 40 гаруй жилийн тэртээ 400 сая ам.долларыг цааш нь авч нөөцөлснөөс эхэлдэг бол 2012 оны байдлаар 627 тэрбум ам.доллар болгоод хөрөнгөө арвижуулчихсан байжээ. Хүн ам нь 9.5 сая, баялагийн сан нь 627 тэрбум ам.доллартай гээд бодоод үзээрэй.

Норвегт 1990 онд газрын тосны цэвэр орлогоос “Төрийн тэтгэвэрийн сан-Глобал” гэдгийг байгуулж мөнгө хуримтлуулсаар одоо 560 тэрбум ам.долларт (5.3 сая хүн ам) хүргэчисэн гэх мэдээ бий.

Сингапурын Темасек холдинг, Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпораци гэх хоёр сан нь тус улсыг олон улсын (хэрэг дээрээ дэлхийн) нэг том санхүүгийн төв болгон хувиргажээ. Эдүгээ байгалийн баялагтай, түүнийгээ гадагш гаргадаг Австрали, Казахстан, Катар, Оман, Чили болон байгалийн баялаггүй ч бүтээснээ сан болгон үндэсний баялгийн сан байгуулж амжилттай ашиглаж буй Өмнөд Солонгосын зөв жишээ сургамжийг дэлхийд судлан байна.

Бид л байгалийн баялаг–зэс, нүүрс, алт, олборлодог бүгдийг сангийн эх үүсвэр гэж үзээд байгаа болохоос ганц байгалийн баялаг биш юм. Төлбөр тэнцлийн зөрүү, гадаад валютын үйл ажиллагаа, хувьчлалын орлого, санхүүгийн илүүдэл, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний  экспортын орлого гээд илүүчилж болох бүх мөнгө төгрөг тэр сан руу орж байх учиртай юм. Баялгийн санг санхүүжилтээр нь 6 хэлбэрээр байгуулж болдог олон улсын туршлага бэлхнээ байна. Үүнд

1) Төрийн өмчит ашигт малтмалын уурхайн экспортоос;

2) Уул уурхайн экспортын татвараас;

3) Санхүүгийн илүүдэл хөрөнгөөс;

4) Тэтгэвэрийн сангаас;

5) Төв банкны нөөцөөс;

6) Өмч хувьчлалын орлогоос гэхчлэн. Уг нь гаргая гэвэл манайд бүгд л байгаа зүйлүүд л дээ.

Баялгийн санг ОУВС ч ихээхэн дэмждэг ба зорилго чиглэлийг нь тогтооход ч зөвлөдөг. Монголчууд бид олсон зөөснөө идэж уугаад, хэрэглээд, цутгаад дуусдаг, эргээд ядуурдаг, нэхдэг, улс төр нь түүн дээр тоглодог нийгмийн гаж донг засч залруулахын тулд нь үүрд биш гэхэд нэг хэсэгтээ (Үндсэн хуулийн дараагийн өөрчлөлт хүртэл) гол хуулиндаа хуульчлая гэсэн нь огтоос буруу биш ээ!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607686
0 эможи

Зочин
2019-09-05 23:04
keyboard_arrow_up