Авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчээ

2019 оны 7 сарын 30
Arslan.mn
АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙН ИХЭНХИЙГ БАРИМТЖУУЛАН АВСАН БАЙДАГ

Авлигатай тэмцэх газраас авлигын хэргийг мөрдөн шалгах явцад баримтжуулсан зарим бичлэгээс цацлаа.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Хэсэг бүлэг этгээдийн зүгээс тухайн гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд ихээр гаргаж байгаа”-г хэлэв. Мөн авлигын энэ мэт олон хэргийг баримтжуулан авч байгааг сануулсан юм.

Хамгийн эхэнд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбаярыг албан өрөөндөө байхад нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж буй бичлэгийг харуулсан. Энэ үеэр хахуульд авсан 25 сая төгрөгийг бэлнээр хадгалж байсныг хураан авч байгааг баримтжуулжээ.

Д.Батбаяр нь олон улсын ачаа, зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 онд тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон юм. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшлаа хэмээн олон хүний дургүйцлийг төрүүлсэн Мэргэжлийн хяналтын байцаагчидтай холбоотой хэрэгт тэрбум төгрөгийн авлигын асуудал хөндөгддөг. Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад баримтжуулсан бичлэгийг үзүүллээ.

Шалгалтын явцад тэдний гэрээс болон албан өрөөнөөс тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авсан. Тодруулбал, гэрээс нь 230 сая төгрөг, 152 мянган ам.доллар, 70 мянган юань хурааж авсан юм. Т.Баярсайханыг албан өрөөндөө байх үед нь шалгалт хийхэд тэрбээр тайван байж, албан өрөөндөө нуусан мөнгөө гаргаж ирж ширээн дээр өрж байв.

Ажлын өрөөний сейфнээс нь хар тортой их хэмжээний мөнгө гарснаас гадна тэрбээр оймсондоо ам.долларын 100-тын дэвсгэрт бүхий боодолтой мөнгө нуусан байсныг гаргаж ирсэн.

Дашрамд сануулахад, Н.Баярсайханыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ. Мөн тухайн шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Ер нь манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг өндөр жин дарж байгааг Авлигатай тэмцэх газрын мэдээллээс харж болох аж. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэл нээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт тус тус шилжүүлсэн байна.

Мөн 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлж, одоо 384 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж. Тус хэрэгт одоо мөрдөн байцаалт явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж.

Энд нэгэн сонирхолтой тоог онцолбол энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн дүнтэй байна. Манай төрийн алба хаагчид, албан тушаалтнууд авлигын хэрэгт хэрхэн холбогдож байгааг дараах тоон мэдээллээс харж болно.

Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг улс төрийн албан тушаалтан, 16.3 хувийг төрийн захиргаа, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээ, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж байна. Мөн 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж буй аж.

Авлига, ашиг сонирхлын 29 хэргийг энэ оны эхний хагаст шүүхээр шийдвэрлэсэн байна. Үүнд

  • Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан,
  • Нийслэлийн газрын албаны Захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Амаржаргал,
  • Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар,
  • МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг,
  • БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ,
  • Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх,
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч,
  • “Багануур” компанийн охин компани болох “Багануур элч” компанийн захирал С.Батболд нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Энэ онд УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогджээ. АТГ-аас шүүхээс шийдвэрлэсэн хэргүүдэд хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанууд явагдаж байгаа аж.

Тухайлбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон дөрвөн жил хорих ялаар шийтгэж, 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэхдээ АТГ-аас прокурортой хамтраад Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн этгээдийн хууль бусаар хөрөнгөжиж эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох хүсэлтийг шүүхэд тавьж, шийдвэрлүүлсэн байна.

Цаашид авлигаас үүдэлтэй хохирлыг барагдуулах чиглэлээр АТГ-аас онцгойлон анхаарч ажиллах тухай хэлсэн.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ. Эдгээр 17 шүүгч Салхитын мөнгөний ордтой холбогдуулж авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт авсныг нотлох баримт, бичлэг хангалттай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй байна.

Ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдсон учир хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьжээ.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ИХЭНХ ХЭРЭГ ПРОКУРОРТ БУЦААГДЖЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн энэ оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг хүргэв.

Мэдээллийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн судалгаа мэдээлэл, хүрээлэнгийн сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар танилцууллаа.

Тус хугацаанд анхан шатны шүүх эрүүгийн 7,073, иргэний 21,420, захиргааны 791 хэрэг, нийт 29,284 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 8,460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчийн тоо 10.5 хувиар тус тус өссөн байна. Үүнээс хүн хөнөөх, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто ослын гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад ихээхэн өссөн дүнтэй гарчээ.

Тухайлбал, хүн хөнөөх гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар өссөн байна. Түүнчлэн, хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр буюу 51.1 хувиар, хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гадна залилах гэмт хэрэг хамгийн их буюу 49.3 хувиар өссөн байна.

Улс төрийн өндөр алба хашиж байгаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргүүдийн тухайд Эрчим хүчний сайд асан М.Сономпилд оноосон ялыг эс тооцвол ихэнх хэрэг шүүхээс прокурор руу буцсан байдалтай байна.

Тухайлбал, Д.Дорлигжав нь улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” компанийн дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернэшнл" компаниудаас гурван удаагийн шилжүүлгээр их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт холбогдсон.

Хэргийг Хан-Уул дүүргийн эрүүг;ийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн ч Д.Дорлигжав, Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр, нар нэмж нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэл тавьснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Бат баяр, Р.Онон нарт яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн хоёрдугаар сард шүүх рүү шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн х уулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаагаад байна.

Н.Батбаярын хувьд “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Б.Гарамгайбаатар бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч, өөрийн компанидаа оруулсан, эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар шалгагдаж байгаа юм.

Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдалтай байна.

Г.БАТЗОРИГ 

ӨДРИЙН СОНИН 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606216
1 эможи

Зочин
2019-07-31 08:30
40 -сая төгрөгөөр торгох эдгээр авилгалчдад юу ч биш урьд нь наад авилгачид чин энэ мэтээр аваад ашиглачихсан байгаа бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болговол л энэ зөв шийтгэл болно шүү дээ ,түүнээс өмнө наадуул чинь оффошордчихсон нөхдүүд одоохондоо наадуул чинь АТГ-ыг доромжилж ,басамжилж жжүжиглэж байгаа нь илт харагдаж байна шүү дээ , Авилгын БНХАУ -шиг л хуультай болсон цагт авилгал устах байх доо манай хууль дэндүү өрөвдмөөр юмаа
Зочин
2019-07-30 12:25
сонирхолтой
keyboard_arrow_up