Мин гүрний цагаан хэрэмний цаана…
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид Ганьсу мужид ажиллалаа. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь тус улсын газар тариалангийн бүс нутгийн талаархи сурвалжлагыг газар дээрээс нь мэдээлсэн юм. Эхлээд сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүн Ганьсу мужийн Ланжоу хотын тариалангийн үйл явцтай танилцсан бөгөөд дараагийнх нь Жиюү Чуан хот байв. Тус хот нь Ганьсу мужийн баруун хойд хэсэгт байрлах бөгөөд зүүн талаараа ӨМӨЗО, өмнө талаараа Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа Монгол Улстай хиллэдэг аж. Энэ хотод хятад, монгол, казак, хотон зэрэг 40 гаруй үндэстэн, ястан амьдардаг хүн амын хувьд нэг сая гаруй иргэнтэй ажээ. Уур амьсгалын хувьд хагас цөлөрхөг, баян бүрдийн бүс нутаг хэмээн нэрлэдэг байна.
Газар тариалан, тал газрын эх баялаг багатай харин уул уурхай олонтой гэнэ. Одоогийн байдлаар энэ хотод 487 уул уурхай, уурхайн төрөл 48, асбест, гянтбенз, хром, магни алтны нөөц баялгаараа Бүх Хятадад тэргүүлдэг байна. Мөн эрчим хүчний нөөц баялаг ихтэй учраас Хятадын эрчим хүчний томоохон суурь бааз хот. Үүнээс гадна тус хотод Хятадын цагаан хэрэмтэй төстэй Мин гүрний цагаан хэрэм бий. Уг хэрэм 8000 орчим км үргэлжлэх бөгөөд Сайхан завь боомтод байдаг аж. Энэ байгууламжийг 1372 онд Мин гүрний үед дайн тулааны бэхлэлт, худалдаа арилжааны гол зам болгон барьж байжээ. Уг барилгын ажил 60 гаруй жилийн турш үргэлжилсэн гэж байв. Олон жилийн турш хэрмийн байгууламж муудсан хэдий ч жил бүр засварласаар одоо аялал жуулчлалын том цогцолбор болоод байгаа аж. Цогцолборт эртний улс, угсаатны аж амьдрал, торгоны зам, өнгөрсөн цаг хугацааны үүх түүхийг тодоор харуулсан музей хүртэл байгуулжээ. Энд сүүлийн арван жилийн хугацаанд жуулчдын хөл тасрахгүй байгаагаас гадна өөрийн дотоодын жуулчид ихээр ирдэг болсон гэж байлаа.
Балгасанд “ төрөх” луугийн нүд
Жиюү Чуан хотын Говийн хөдөө аж ахуйн парк нь Зунь Жай балгасанд байрлалтай аж. Анх 2009 онд байгуулагджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд 1304 хүлэмж байгуулж, 17 шилдэг аж ахуйн нэгж суурьшиж, хүлэмжийн нийт талбай 324 ректорт хүрснээр бүх балгасны хүнсний ногооны аж ахуйн хөтөч болсон гэж байлаа. Засгийн газраас уг паркт 260 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Говийн хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны төвшинд авч үздэг байна. Тиймээс судалгааны төвд зургаан лаборатори ажиллуулж эхэлжээ.
Энд хөрс усны, хорхой шавьжны, үр ургамлын чиглэлээр шинжилгээ судалгаа хийдэг байна. Говийн хөдөө аж ахуйн паркийн хүлэмжид төрөл бүрийн чавга, лимон, луугийн нүд, гүзээлгэнэ гээд тарьж болох бүхий л жимс экологийн цэвэр хөрсөнд ургасныг харж болохоор. Үүний дараа бид Яин Да балгасны орчин үеийн говийн хөдөө аж ахуйн паркийг зорьсон юм. Гаднаас нь харахад ижил хэмжээтэй, уртаас урт хүлэмжүүд байх. Уг паркийг 2010 онд байгуулсан, нийт газар нутгийн талбай нь 333 ректор. Өнөөдрийг хүртэл паркийн ихэнх талбайд 1598 хүлэмж байгуулсан гэж байлаа.
Паркийн үйл ажиллагааны гол зорилго нь экологийн цэвэр ногоо тарьж ургуулах, газар тариалангийн технологи нэвтрүүлэх, тариачдын мэргэжлийн сургалт зохион байгуулах, шинэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний үзүүлэн гаргах, амралтын өдрийг чөлөөтэй өнгөрөөх зэрэг иж бүрдэл бүхий орчин үеийн хөдөө аж ахуйн парк болтлоо хөгжиж чаджээ.
Нэг тариаланчийн дундаж орлого 250 сая төгрөг
Ямар ч улс орны хөгжил хэдий өндөрлөгт хүрсэн ч хүний хүч хөдөлмөр, оюун ухаангүйгээр цаашаа хөгжих боломжгүй. Түүний нэгэн адил Бүх Хятадын тариалангийн салбарын алдаа оноо, ахиц дэвшлийг тариаланчгүйгээр төсөөлөх аргагүй юм. Ингээд тариаланчидтай уулзаж санал бодлоо хуваалцлаа. Тоймлон хүргэе.
Сэтгүүлч Т.Сарангуа:
–Тариалангийн талбайд 20 гаруй жилийн хөдөлмөр зарцуулж ногоо тарьдаг гэлээ. Энэхугацаанд Засгийн газраасаа ямар нэгэн дэмжлэг авдаг уу. Нэг хүлэмжийн зардалд хэдэнтөгрөг зарцуулдаг вэ?
Тариаланчид: Ерөнхий санхүүжилтийг Засгийн ордноос хийнэ. Хүлэмжийг хямдхан өртгөөр хийхийг зорьдог. Үүний зэрэгцээ тариаланчдаа мэргэшүүлж туршлага судлахын тулд Герман, Англи, Японд мэргэжилтнүүдээ бэлтгэж байна. Ерөнхийдөө нэг хүлэмжийн өртөг 100 метрийнх гэхэд 250 мянган юань зарцуулдаг. Мөн урт хугацааны болон богино хугацааны сургалт тариаланчдад зориулж зохион байгуулдаг. Засгийн газраас Хоршоологчид хамтрахыг уриалдаг бөгөөд ингэснээр тариаланчид олноороо ашиг олох өргөн боломжтой. Өөрөөр хэлбэл, тариаланчид өөрсдөө хүлэмж барьж ажлын байраа хангаж ашиг орлогоо өөрсдөө хүртэж байна гэсэн үг.
Сэтгүүлч Б.Төгсбаяр:
–Говийн цөлтэй хэрнээ хиймэл хөрсийг ашиглаж органик бүтээгдэхүүн гаргадаг гэж байна. Гэхдээ энэ нь жинхэнэ органик бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?
- Байгалийн цэвэр хөрсөнд ургуулахад хязгаарлагдмал талтай. Хаврын улиралд улаан лооль тарилаа гэхэд ар араас нь угсруулаад тарьж болохгүй. Учир нь хөрсний чанар муудчихдаг. Тиймээс үүнд хиймэл хөрс ашигладаг. Нэг газраа улаан лооль тарьсан бол тэр газраа л тарина. Жинхэнэ органик бүтээгдэхүүнээс ялгаагүй.
Сэтгүүлч З.Энхзул:
- Услалтын системээ яаж шийдвэрлэдэг вэ. Жилдээ хэчнээн тонн ус зарцуулдаг бол?
- Энгийн тариалалтад 100 хувийн 40 хувьд ус хэрэглэдэг. Одоо хэрэглэж байгаа усаа Мөнхийн цаст хайрханаас авч байна.
- Сэтгүүлч Х.Эрдэнэбулган:
- Газар тариалангийн хог хаягдлыг биологийн аргаар задлахдаа химийн бодис оруулдагуу?
– Ямар ч химийн бодис хэрэглэхгүй. Эрдэнэшишийн ишээр дардаг. Үрээ тарьсны дараа амин дэм өгнө. Өөрийн үйлдвэрлэсэн хиймэл хөрсөө ашиглаж, говийн хөрсөнд мод тарвас ,алим жимс, хүнсний ногоо тарьж байна.
- Сэтгүүлч П.Энхмаа
- Уламжлалт газар тариалан хэрэглэж байгаад хиймэл хөрсний тариалалт эрхэлж байна. Таны ашиг орлого хэд вэ. Хөдөлмөр хөнгөвчилсөн тариалалтын талаар юу гэж бодож байна. Хурааж авахад ямар нэгэн хүндрэл гардаг уу?
- Одоогийн ашиглаж буй хүлэмж тухайн компанийнх. Би өөрөө тариагаа тарьдаг. Өмнө нь янз бүрийн хүлэмжид ногоо тарьж үзсэн. Энд ирээд туршлагажсан. Энэ нутгийн ургац их сайн, бас чанартай. Ургацаа хураахад их амархан болсон. Би таван хүлэмж эрхэлдэг бөгөөд хүлэмжийн ашиг нь жилийн дунджаар тооцоход 250 мянган юань. Ургацаараа хуваачихдаг. Хүлэмжүүд янз бүр 100-120 мянган юанийн орлоготой ч бий. Ерөнхийдөө бүтээгдэхүүний илүү хувийг компани авдаг. Хэдий хэр ургац авна тэр нь миний ашиг гэсэн үг.
Жиюү Чуан хотын тариаланчдын хувьд гадаадаас хөвөн, эрдэнэ шиш, буудай,өргөст хэмх,сонгино зэрэг 152 төрлийн газар тариалангийн бүтээгдэхүүний шинэ төрлийг импортлон ургуулж, 86 нэр төрлийн ургац гаралт нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлээд байгаа юм. Орчин үеийн стандартыг хангахын тулд Хүнсний ногооны мэргэжлийн үйлчилгээний төвийг 1999 онд анх удаа байгуулсан гэж байв. Уг төв нь хүнсний ногооны аж ахуйн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх,шинэ ногооны төрлийг импортлох, туршилт хийх, хүнсний ногоо тарьж ургуулахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой гэнэ. Ингэснээр Бүх Хятадын хүнсний ногооны хэрэгцээг хангах төдийгүй хамгийн гол нь эрүүл, чанартай, эко хүнсээр иргэдээ хангах хамгийн чухал зорилгын өмнө алхаж яваа нь энэ ажээ.
БНХАУ. Ганьсу хот.
2019.7.19
Эх сурвалж: NIIGMIINTOLI.MN
|