“Мобиком“ корпорацийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх үү
"Шилдэг топ 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарсан "Мобиком" корпорацийн удирдлагууд АТГ-т шалгагдахаар болоод байна.
Тэднийг УИХ-ын гишүүнд авлига өгдөг байсан байж болзошгүй хэмээн иргэн С АТГ-т гомдол гаргасан. Мэдээж АТГ ирсэн гомдол бүрийг нягтлан нарийвчлан шалгадаг тул иргэн С-ийн гомдлын дагуу шалгалтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Харин тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Учир нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг "Мобиком Корпораци" 2004 оноос хойш жил бүр хүртсээр ирсэн.
Гэтэл түрээсийн төлбөрөө төлөөгүй, эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг байсан байж болзошгүй тухай мэдээллүүд цацагдаж байгаа нь энэхүү том корпорацийн хувьд байж боломгүй үйлдэл юм.
"Мобиком" корпораци нь зөвхөн монголдоо ч томоохондоо тооцогдохгүй. Японы томоохон корпораци болох "KDDI"-ийн охин компани. Энэхүү компани 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байв. Ингээд 2016 оны гуравдугаар сард Монголын харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани болгосноо өөрийн вэб хуудсандаа зарлаж байжээ. Гэтэл охин компани болсон "Мобиком" нь түрээс төлөөгүй гэх асуудлаар толгой компанийнхаа чихийг халууцуулж эхэлж байгаа нь хэр зохимжтой асуудал вэ.
Хэрэг явдлыг сануулбал,
"Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байна. Ингээд энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаа явуулсаар байна. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөхгүй байгаа аж.
Мөн дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж. Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.
Дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг. Үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.
Эх сурвалж: medee.mn