Америкчууд автобусанд зогсож явах “урлаг” мэддэггүй хүмүүс

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

Америк улсын нийслэл хот Вашингтон (тэндэхийнхэн диси л гэх юм)-д овоо хэд хонолоо. Нийт таван мянга орчим монголчуудыг орогнуулж байгаа гэлцдэг уг том хотыг зөвхөн Вашингтон гэдэг нэрээр нь нэрлээд тэнд амьдардаг, амьдарч байгаад ирлээ гээд яривал өрөөсгөл ойлголт өгөх юм байна лээ. Учир нь Виржиниа, Арлингтон, Александриа, Мериланд гээд дүүргүүд нь зарим газраа Цагаан Ордноос арваадхан км-ийн зайтай байж Вашингтон хот биш, бүр дүүрэг нь ч биш дагуул хот, манайхаар бол Налайх, Багануур лугаа адил болоод хувирчих юм. Гайхалтай. Өвөл нь хүйтэн биш мөртлөө зэврүүн, чийгтэй, тогтворгүй цаг агаартай, өчигдөр нь нартай байснаа маргааш нь бороо цас холилдоод огцом шуурчихна, хавар байхгүй шууд зун эхэлчихдэг, зун нь эхлэхээрээ Цагаан ордноосоо захын гудамж хүртэл өнгө өнгөөр алагласан цэцэг навчис дэлгэрээд энд тэндгүй сакура үзэсгэлэнт дэлбээгээ нээгээд хачин гоё. Тэнгэр баганадсан өндөр модонд боргоцой, самар ургахыг л харж байсан болохоос улаан, ягаан цэцэгс дэлгэрч байхыг мэлмэрч үзээгүй хүнд сонин гэж жигтэйхэн. Хүн гэдэг амьтан чинь хажуу дахь сайхнаа анзаарахгүй, хүний илүүд атаархаж амьдардаг хөгийн араншинтай бүрэлбаа хойно манайх бороо хур бага ордог, жилийн дөрвөн улирал хуурайшилттай хөгийн цаг агаартай гээд муулаад байдаг чинь зөв талаасаа харвал бас эерэг үзүүлэлт юм байна лээ шүү. Америкийн нийслэлд тасралтгүй цувах нойтон цас борооны дараа орон гэр тогтохын аргагүй чийгт нэвчүүлж голд ортол жихүүдэс мэдрүүлэхийг нь яана гээ. Ихэнх орон сууцнууд нь гаазан халаалттай, түүнийгээ хэцүүдсэн үедээ асааж үлээлгэн нэг хэсэг гэрээ дулаацуулах агаад тогтмол асаагаад байвал шатдаг хийн төлбөр сарын эцэст талийгаад явах аюултай, унтрааснаас хойш тун удалгүй гэр дүүрсэн чийг эргээд ирдэг, тийм үед “би чинь Монголдоо гадаа хасах гучин хэм байсан ч гэлээ гэртээ хөл нүцгэн явдаг, манайд угаасан хувцас хэцэн дээр өлгөх гээд өргөж байхад хатчихдаг, сардаа аравхан долларын төлбөр төлдөг нийтийг хамарсан халаалтын системтэй газрын хүн” гэдгээ санаж санагалзана. Өдөр бүр нойтон хөнжилд хувцастайгаа шургалаад байхаар нутгийнхаа хуурай агаарыг үгүйлдэг л юм билээ. Нэг өдрийн дотор л манай жилийн нормын хэмжээний цас унаж өвдөг татахуйц хэмжээгээр хотыг бүрхдэг боловч тэр дороо нөгөө хар бор ажлыг нугалагч масс болох мехсикчүүд хөх өнгийн давсаа цацаад явган хүний зам харгуйг цэвэрлэчих юм, хөөрхийс.

Америкийн бусад хотууд ямар юм бэ гэдгийг мэдэхгүй, харин Вашингтон бол түмэн үндэстний цугларал болсон мега хот юм билээ. ДиСигээс жаахан зүүн хойшоо явбал зөвхөн хар арьстнууд амьдардаг дүүрэг лүү шургална, Арлингтонд метр хагасаас яавч өндөр бус биетэй латинос хүмүүсийн испани аялгуу алхам бүрт сонсогдож, гудамжинд нь хүүхдээ салхилуулсан махлагдуу, ер нь шилбэнээсээ бусад газраараа таргалчихсан мексик, сальвадор, никарагуа хүүхнүүд заавал нэг ууттай юм сугавчлаад алхаж байх вий. Seven corners-т очоорой. Тэгвэл Вьетнамыг үзчихлээ л гэсэн үг. Хо Шо Мин хотод явж байгаа мэт энд тэндгүй дун дан гэсэн аялгуу сонсогдож хоолны газраас нь өмнөд Азийн үнэр ханхийнэ. Харин монголчууд хаагуур элбэг гээч. Бид угийн л тарж бутарч амьдрах дуртай хүмүүс тул харуудын дүүрэгт нь ч ажиллаж амьдраад явж л байна, вьетнам, латиносуудыг дээрээс нь хараад тэдний дүүрэгт сууж л байна. Гэхдээ ихэнх монголчууд Колумбиа Пайк хавьцаа төвхнөсөн байх нь элбэг. Хүний нутагт элэг нэгтнээ анзаарч харах мэдрэмж огцом сайжирдаг хойно тэр газар заримдаа явж байгаад харах нь ээ тэнд ч нэг, энд ч нэг нүд дүүргэсэн сайхан монгол бүсгүй уужуу тайван алхалж байх нь анзаарагдана. Ер нь түмэн улсын хүн холилдсон газар очоод анзаарах манай монгол бүсгүйчүүд чинь их биерхүү, өндөр, дөлгөөн ааштай хүмүүс юм байна лээ шүү дээ. Энд Монголдоо л хатуу ширүүн аашлаад, бөөвийсөн амьтад яваад байдаг чинь амьдралдаа нухлуулаад тийм болчихдог юм байна. Боловсон газар, эрүүл агаарт, зөв хоол ундтай нутагт цэцэглэчихдэг л юм байна, тэд маань. Тэд солонгос, хятад, араб, япон хоолны газруудын гол тогооны хүнд хүчир ажлыг нугалж, хими цэвэрлэгээний газрын халуун индүүний ард босоогоороо өдрийг өнгөрөөнө, эрчүүд нь uber хэмээх таксины сүлжээнд шөнө үдэш хүртэл цагаан махаа гартал зүтгэн, барилгын салбарын бүтээн байгуулалтад бие биеэ түшээд сүйхээтэй нэгнийхээ босгосон багахан компанийн нэр дор шударгаар ажиллангаа Монголоо санагалзаад амьдарч л байна. Долоо хоногтоо таваас зургаан өдөр арван цагаар ажиллаад ядарч ирсэн хүмүүс унтахаасаа өмнө утас, зурагтаа асааж байгаад нэг цаг хэртэй үзэж хардаг юм нь ихэвчлэн улс төр. “Эрдэнэтийн 49-ийг монгол хүн л аваа биз дээ, луйвар байсан ч яадгийм. Тэр гишүүн чинь энд аяга, шаазан угааж байсан байхгүй юу. Энэ гишүүн яасан идэж ханадаггүй амьтан бэ” гэх мэтээр баахан цухалдаж байгаад л унтана. Хөөрхийс дөө, жинхэнээсээ хөдөлмөрлөж жаахан “ногоон” олоод хэрэгцээнээсээ илүү гарсныгаа Монгол руугаа явуулж байгаа баатрууд юм шүү дээ.

Вашингтон хот ерөнхийдөө 400 гаруй жилийн түүхтэй, Потомак голоор ДиСи, Алекандриа гэж хуваагдан хөгжихдөө сайн муу түмэн давааг давж өдийг хүрсэн тул үзүүлж харуулах түүх дурсамжийн газрууд маш олон, сайхан хот байна лээ. Цагаан ордон, Харандаа, мадам Түүсэйгийн музей, Жорж Вашингтоны бунхан зэрэг уламжлалт газруудаас гадна Пентагон, Жоржтауны гудамж, Арлингтоны оршуулгын газар мэтийн үзвэр үйлчилгээ, гудамж талбай, албан байгуулгын барилга байшингууд нь л өөрсдөө жуулчдын анхаарлыг татаад явчих юм. Арлингтоны үндэс-ний оршуулгын газар гэхэд л үүдэндээ олон жуулчдын автобус зогсоочихсон, нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан, Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн бунхан гээд л хүмүүс тойрч шохоорхсон газрууд пиг. Уг оршуулгын газар нь манай Далан давхартай адил хаягдсан эзгүй талбай биш, жигтэйхэн арчилж цэвэрлэж цэцэг навчисаар чимсэн, дардан зам, цэлгэр талбай, амрах сандал суудалтай сонин газар байна лээ. Ер нь Вашингтонд хэзээ нэгэн цагт ямар нэгэн гавьяа байгуулж явсан өнөө цагийн мань мэтэд огт танил бус алдартнуудын хөшөө зөндөө, зөндөө. Киног нь үзэж түүхийг нь хагас хугас ойлгох болсноороо “Ивозимад тугаа мандуулсан нь” хэмээх дурсгалын цогцолборыг бас очиж сонирхсон, сүрлэг эд байна лээ. Нэгэнт л улсын нийслэл, тэр тусмаа дэлхийн хамгийн хүчирхэг улсын нийслэл, хойно ганц хөшөө дурсгалаараа бусдыг гайхуулахгүй нь мэдээж шүү дээ. ДиСи-гээр тэнээд явж байхдаа л хүүе энэ чинь Холбооны мөрдөх товчоо байна шдээ, тэрийг хараач, нөгөө Дэлхийн Банк байна гэх мэт зурагтаар харж байсан байшин барилгынхаа хажууд зогсохоор тун сонин мэдрэмж төрнө.

Тэнд унаа тэрэг нь ховорхон бөглөрөх юм. Алдарт приус бол хаа сайгүй л давхиж байна. Гэхдээ цагаан арьст америкчууд ихэвчлэн өөрсдийнхөө форд, шевролет зэргээ унадаг эх оронч сэтгэлтэй гээд “нутгийн” хүн хэлж байсан. Энд тэнд олон давхар байшин барилга шиг төлбөртэй зогсоол их тул зам дээр машинаа орхиод явчихдаггүй, зам дээрх түр зогсоолууд нь асар өн-дөр төлбөртэй, түүнийг нь хянадаг хүмүүс хаанаас ч юм гарч ирээд төлбөр хийх хайрцагтай шонгоос мэдээллээ аваад зогсоолын мөнгө төлөөгүй нөхрийг хайр гамгүй торгочихно. Торгодог хүмүүс нь хахууль авдаггүй найраа мэдэхгүй “зэвүүн амьтад” тул хуулиа дагаад явхаас өөр аргагүй. Гэвчиг хүмүүс нийтийн тээвэр бага ашигладаг, ихэвчлэн л хувийн унаагаараа ажил амьдралаа залгуулдаг нь үнэн. Учир нь оргил цаг л биш бол метро, автобусанд суух сандал хангалттай элбэг, оройн цагаар бол гучин минут хэртэй том автобусанд ганцаараа зугаалах нь энүүхэнд. Харин нийтийн ажил тарах цагт юмуу ажил цугларах богино хугацаанд метро, автобусны зорчигчид пиг дүүрнэ. Тэгээд анзаарах нь ээ энэ америкчууд пиг дүүрэн хүнтэй автобусанд яаж босоогоороо явах ёстой вэ гэдэг нандин урлагийг эзэмшээгүй хүмүүс юм билээ. Мань мэт шиг хар багаасаа улаан автобусанд кондукторт чичлүүлээд зогсож яваад сурсан хүмүүс чинь мөрний хэмжээтэй зай авч гадас мэт зогсоод гарын булчин дээрээ толгой нугдайлган зүүрмэглэж байхад тэд жолоочийн жижигхээн хаазанд урд хаалгаас хойд хаалга хүртэл үсрээд л. Өөр нэг гайхал төрүүлсэн зүйл бий. Юу гэвэл цагаан арьст америкчууд нялх хүүхэд салхилуулж гадуур алхах нь их ховор харагдах юм. Бараг байхгүй ч гэж болно. Хэрвээ гадаа хүүхдийн дуу цангинаж байвал тэр нь өөр арьстай хүүхэд л байх вий. Харин цагаан арьстнууд нь орой үдэш нохойгоо л их салхилуулна. Гудамжинд нь золбин нохой огт байхгүй, америкчуудын хөтлөөд алхах гэрийн ноход нь халаасанд багтах шахуу тагжийсан жаахан амьтад байх юм билээ. За нэг иймэрхүү. Дараагийн дугаарт зарим нэг үзэж харсан дурсамжаа үргэлжлүүлээд хуваалцана аа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: “Өдрийн сонин"

Үргэлжлэл бий

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602893
6 эможи

Odnoo
2019-05-01 16:39
Уншууштай сонирхолтой нийтлэл болжээ баярлалаа.
зочин.
2019-05-01 10:32
Сайхан бичсэн байна баярлалаа таньд.
keyboard_arrow_up