Л.Гүндалай Зайсан дахь хүчингүй болсон 5 га газартаа иргэдийг дарамтлан тавь орчим тэрбумыг завшжээ
Богд хан уулын дархан цаазат газрын хувь заяа сүүлийн жилүүдэд нэлээд бүрхэг болоод байгаа билээ. Тэнд аялал жуулчлалын зориулалтаар олон иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших зөвшөөрөл авсан гэх боловч үнэн чанартаа энэ бүхэн нь ихэвчлэн худал хуурмаг зүйл болон хувирч орон сууц болон өөр бусад чиглэлийн том том барилгууд сүндэрлэн, байгаль орчинд аюул занал учруулсаар байна. Тэдгээр сүйтгэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон түүний ах дүүс юм. Тэдний хууль бус үйл ажиллагаа 2008 оны үеэс эхтэй бөгөөд харамсалтай нь өнөөг хүртэл хэнч хариуцлага тооцсонгүй.
Л.Гүндалай нь анх Зайсангийн аманд газрын луйвар хийхдээ хэд хэдэн айлын газрыг хүчээр шахуу булааж аваад хүмүүсийг нь гудамжинд гаргаж байлаа. Энэ мэтээр түүний тарьсан балаг ер мундахгүй аж. Тухайлбал, Зайсан дахь Реасе Village хотхоны оршин суугчдын эрх өнөө хэр зөрчигдсөөр байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Дүнжингаравын гудамжинд баригдсан уг хотхоныг иргэд, аж ахуйн нэгжүүд гар нийлж, хөрөнгөө хоршин байж барьсан гэдэг. Гэвч Л.Гүндалай нарын ах дүүсээс болоод энд маргаан, тэмцэл огт тасрахгүй байгаа юм.
Л.Гүндалай өөрийн төгсөн эгч Оюундалайгийн хүү Одсүрэнгийнхээ нэр дээр Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн А-160 тоот тушаалаар тусгай хамгаалалттай Дархан цаазат Богд хан уулын аманд тэрхүү 5 га газрыг анх аялал жуулчлалын зориулалтаар авсан байлаа. Гэвч энэ газарт хууль бусаар зориулалтыг нь өөрчлөн орон сууцны барилга бариулж, тухайн газартаа бас бусад аж ахуйн нэгжүүдийг оруулан ойролцоогоор нэг га талбайд 6.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууц, автомашины зогсоол зэргийг бариулаад авчээ. Тэгээд дараа нь үлдсэн газраа үнэлэн аж ахуйн нэгжүүдээс арваад тэрбум төгрөг авахаар улайрч, бөөн хэл ам хийж байсан байна.
Сүүлдээ тус хотхонд барилга барьсан компаниудыг дарамтлан гэр орноос нь хөөж гаргах ч бүр энүүхэнд болж байлаа. Жишээлэхэд, Л.Гүндалайн ах, “Бат сарай” компанийн захирал Л.Баяндалай нь хэд хэдэн удаа айлуудын хаалгыг эвдэн орж, эд хогшилыг нь хүртэл гаргаж чулуудаж байжээ. Аргаа барсан иргэд цагдаа нарт мэдэгдэхэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн огт хайхарч үздээгүй юм билээ.
Оршин суугчдын гомдол заргын дагуу Л.Гүндалай нарын дээрх газрын эрхийг цуцалсан боловч эмх замбараагүй байдал одоо ч үргэлжилсээр, иргэдийг хохироосоор байна. Л.Гүндалай нь тухайн газар дээрээ хөрөнгө оруулж, барилга барьсан аж ахуйн нэгж, иргэдийн олон арван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эхнэр Л.Аззаяа болон төрсөн ах Л.Баяндалайнхаа “Батсарай” компаниар дамжуулан авч, бусдад худалдаж их хэмжээний хууль бус ашиг олсондоо сэтгэл ханалгүй сүүлдээ заналхийлэл, сүрдүүлгийн аргаар огт баригдаагүй барилгаас хүртэл “Надад оногдох хувь хэмжээ” хэмээн тулган шаардаж, гурван тэрбум орчим төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэмж авах гээд дарамталж байгаа аж. Л.Гүндалайн ах дүүсийн тэрхүү газар дээр хөрөнгө оруулж барилга барьсан аж ахуйн нэгжүүдээс иймэрхүү увайгүй хүчирхийллээр нийтдээ бараг тавин тэрбумыг авч завшсан байх магадлалтай хэмээн тэндэхийн оршин суугчид өгүүлж байна. Олны үг ортой гэдэг. Иймд тухайн оршин суугчид болон барилга барьсан компаниуд Л.Гүндалайнхныг дахин хууль хяналтынхнаар шалгуулж, хариуцлага тооцуулахаар өргөдөл гомдолоо өгөөд байгаа ажээ.
О.Баяр
Эх сурвалж: Түмэн.мн