МАРТАГДСАН МУЗЕЙ Цуврал #1: Байгалийн түүхийн музей ямар үзмэрүүдтэй байсан бэ?

2019 оны 3 сарын 18

байгалийн түүхийн музей зурган илэрцүүд

Жилд гадаад, дотоодын 150мянга гаруй хүн үйлчлүүлдэг байсан Байгалийн түүхийн музейн хаалга цоожтой байсаар өдгөө зургаан жилийн нүүр үзэж байна.

Музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан гэх шалтгаанаар 2013 оны зургаадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод буй Байгалийн түүхийн музейн шинэ барилгын газрын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.

Энэ оны хоёрдугаар сард БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих санхүүжилтийг БНСУ-ын талаас шийдэх боломжгүй болсноо дуулгасан тухай мэдээлсэн.

Монгол орны байгалийн ховор нандин олдвор, баримт бичгийг хадгалдаг уг музейн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Музейн шинэ барилгыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барихаар сүүлийн хоёроос гурван жил ярьсан ч энэ ажил үндсэндээ зогссон. КОЙКА олон улсын байгууллагаас төлөөлөгчид ирж газрыг нь үзээд, одоогийн байршил газар нь багадаж байгаа тул өөр газар шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан.

Гэвч Нийслэлийн зүгээс газрын асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн БНСУ-ын талаас мэдээлсэн. Ингээд үл ойлголцож явсаар БНСУ-ын талаас санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон талаар хэлсэн. Бид энэ асуудлыг хөөцөлдөж байна. Болохгүй бол зураг төслийг нь гаргаж, улсын төсвөөр эсвэл өөр боломжит олон улсын эх үүсвэр хайх гэсэн хоёр зам үлдэж байна” гэсэн юм.

Энэ асуудлаар GoGo.mn  мэдээний агентлаг цуврал мэдээлэл хүргэх болно.


БАЙГАЛИЙН ТҮҮХИЙ МУЗЕЙ 95 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны тал хээр, хангай говийн баян тансаг хараа булааж сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан баялаг үзмэрүүдийг тус музейгээс үзэхдээ Монгол орны тухай өргөн ойлголт авдаг байв.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд “Үндэсний музей” нэртэйгээр байгуулагдаж, 1956 онд одоогийн барилгад нүүн иржээ. 1940-1941 онд орон нутаг судлах музей, 1956-1991 онд “Улсын төв музей”, 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон байна.

Байгалийн түүхийн музей нь газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүдтэй.

Үүдэнд байх хоёр чулуун арслан нь Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан бөгөөд 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулжээ.


МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БАЙСАН ҮЗМЭРҮҮД

Байгалийн түүхийн музей нь нийт 12000 гаруй үзмэр цуглуулгатай бөгөөд эдгээр үзмэрүүдийнхээ 40 орчим хувийг байнгын үзүүллэгт дэлгэн үзүүлдэг байв.

Өдгөө музей хаагдсаны дараа үзмэрүүдээ зориулалтын фондод хадгалж байна. 

Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 тэрбум жилийн түүхэн процессыг хамардаг бөгөөд Байгалийн түүхийн музей эдгээр үйл явдлын хураангуйг үзмэрээр тодотгон харуулж хүмүүсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хүрээ, харуулах үзүүллэгээрээ томоохон үйл явдлыг илэрхийлдэг байна. 

Энэхүү музейн бусад музейнүүдээс ялгарах нэг онцлог нь хэн нэгний бүтээсэн, бий болсон эд өлгийн зүйлийг дэглэж үзмэр болгодоггүй байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын түвшинд өөрсдийн хүч хөдөлмөрөөр боловсруулж үзмэр болгохын зэрэгцээ тэдгээрийг байгаль дахь орчинд нь ойртуулж, амьдруулж чаддагаараа онцлогтой байв.

Газар зүйн танхим: Монгол орны газар зүйн тухай өгүүлэх танхим бөгөөд Монголын анхны газрын зураг болох “Симуковын ногоон карт”, хувьсгалаас өмнө Монголыг судалж байсан гадаадын эрдэмтдийн аялсан замыг тэмдэглэсэн газрын зураг, Монгол орны загас болон хөхтөн амьтны тархалтыг харуулсан газрын зурагнууд, 92 хувийн төмөр бүхий 582 килограмм “Аж Богд” солир,  166.8 килограмм хүнд жинтэй “Манлай” хэмээх төмөр солир зэрэг чухал үзмэртэй.

Амьдралын үүслийг харуулсан танхим: 4 тэрбум жилийн өмнөөс эхлээд дэлхий дээр амьдрал үүссэн тухай он дарааллыг хананд зураглан үзүүлж, дэргэд нь байх шилэн хоргонд тухайн цаг үед хамаарах хөрс, чулуу  зэргийн дээжүүдийг үзүүлжээ. Одоогоос 65 сая жилийн өмнөх Кайнозойн эриний үеийн дөрөвдөгч галавын үед хүн үүссэн гэж үздэг.

Сансар судлалын танхим: Монголын төдийгүй Азийн анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Өмнөд туйл дээр судалгаа хийсэн цаг уурч эрдэмтэн Ж.Цэрэндэлэг, Эвэрестэд авирсан анхны Монгол хүн Г.Өсөхбаяр нарын хэрэглэж байсан хувцас хунар, эдлэл хэрэглэл, судалгааны явцад тэмдэглэсэн тэмдэглэл зэрэг материалуудыг дэлгэн үзүүлжээ. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монгол хүн анх сансарт нисэж сансарт 8 хоног ажилласан.

Монгол бол Өмнөд туйл дээр судалгааны ажил хийсэн 34 дэх орон бөгөөд 1972-1974 онд 367 хоног үргэлжилсэн. Эверестэд авирах гараа 2005 оны 4 дүгээр сарын 28-нд эхэлж 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 14 цагт оргилд хүрч төрийн далбаагаа мандуулжээ.

Геологи, ашигт малтмалын танхим: Монгол орон 50 гаруй төрлийн ашигт малтмалтай. Барилгын материал, химийн боловсруулах үйлдвэр, шаазан керамик чиглэлээр хэрэглэгдэх хайлуур жонш, бал чулуу, хар тугалга, цагаан тугалга, шөрмөсөн чулуу, өөхөн чулуу, гялтагануур, болор, хүдэр, фосфор, хүхэр, галт уулын чулуулаг, гантиг, хүрмэн чулуу зэргийн дээжүүд,  хүнсний зориулалтаар хэрэглэгддэг давс, Монголчуудын эртнээс нааш гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэж ирсэн анар, ногоолин, усан болор, гартаам, чүнчигноров, замагт гартаам, мана, оюу, номин, пийсүү зэрэг үнэт чулууны дээжсүүд тавигджээ.

Шувууны танхим: Монголд нийт 469 зүйл шувууд бүртгэгдсэн бөгөөд бүргэд, тас, элээ, шонхор зэрэг махчин том шувууд, хотон, өрөвтас, гангар хун, халбаган хошуут, цагаан тогоруу, ангир, галуу, нугас, цахлай гэх мэт усны шувууд, Монгол орны тал хээрийн болон ойн шувуудын чихмэлийг байрлуулжээ. Үүдний танхимд Монголын улаан номонд орсон аргал угалз, янгир, хандгай, буга, зээр зэрэг амьтдын эврүүдийг хананд өлгөж үзүүлжээ.

Палеонтологийн олдворын танхим: Үндсэн дөрвөн тасалгаанаас бүрдэх бөгөөд эдгээрээс хэдэн арван сая жилийн өмнөх Монголын байгалийг харах боломжтой. 60-80 сая жилийн өмнөх чулуужсан мод, нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан арьс, хуягт үлэг гүрвэл, шүдгүй мөртлөө махан идэшт үлэг гүрвэл, шувууны өвөг гэж тооцогдох нисдэг үлэг гүрвэл, зузаан зулайт үлэг гүрвэл, тэмээн хяруул хэлбэрийн махан идэшт үлэг гүрвэл,  14-15 метр өндөр 2-3 тонн жинтэй аварга том махан идэшт Тарбозавр, өвсөн тэжээлт Завроподын сүүжний яс, үлэмж том урд сарвуу зэрэг олдворууд байдаг.

Энэхүү том сарвуу нь дэлхийн палеонтологийн олдворын хамгийн ховор нандин олдворт тооцогдож байна. Хойд талын хананы зураг бол 1981 онд зурагдсан бөгөөд Монголд олдсон 60 гаруй үлэг гүрвэлээс 7 төрлийг нь дүрсэлсэн. Навчны чулуужсан ул мөр, ургамлын ор мөрнүүд, 1995 онд Монгол Японы  хамтарсан экспедицийн олсон эвэрт үлэг гүрвэл Протокэратопсын олон зулзага бөөнөөрөө чулуужсан олдвор, “хоорондоо тэмцэлдэж байгаагаар үхсэн” өвсөн тэжээлт болон махан идэшт үлэг гүрвэлийн олдвор зэрэг нь тус музейн хамгийн үнэт олдворууд юм.

Үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр, цэнгэг усны болон хуурай газрын яст мэлхийн хуяг, хөхтөн амьтан болох савагт хирсийн  толгойн яс, дунд чөмөгний яс, савагт хирсийн араг яс, 70 сая жилийн өмнөх цэнгэг уст загасны чулуужсан ул мөрнүүд, хирс үхрийн араг яс, одос үхрийн эвэр, хөхтөн амьтдын эрүү шүд, тэмээн хяруулын өндөг, арслан зааны үлдэгдэл зэрэг олдворууд байдаг. Арслан заан ойролцоогоор 10 мянган жилийн өмнө устсан амьтан бөгөөд хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарч байсан аварга хөхтөн амьтан юм.

Ургамлын аймгийн танхим: Одоогоос 4 сая жилийн өмнө ургамал ургах тохиромжтой орчин нөхцөл бий болжээ. Монголын унаган ургамлыг говийн бүс, хээрийн бүс, ойт хээрийн бүсийн ургамал гэж ерөнхийд нь ангилах ба тэдгээрийг харуулсан ургамлын хатаамал бүхий үзүүлэн байдаг. Мөн ургамлыг зориулалтаар нь эмийн, эфирийн тост, эдээлэх, будагт, хүнсний ургамал гэж ангилан үздэг бөгөөд тэдгээрийг ялган харуулсан үзмэрийг дэлгэн үзүүлжээ.

Хорхой шавжны танхим: Монголд 270 овгийн 13 мянган төрлийн шавьж байдаг. Энэ танхимд голио, царцаа, малын ширх, бүүрэг,  цох, эрвээхэй, сарьсан далавчтан, хортон шавьж, аалзны төрлүүдийг харуулсан байдаг.

Загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын танхим: Монгол 76 төрлийн загастай. Дархадын цагаан загас, Хөвсгөлийн омуль, Сибирийн хилэм, тул, зэвэг, хадран, гутаар, алгана, цурхай зэрэг загаснууд,  рашаан, булгийн могой,  20 гаруй төрлийн гүрвэлийн төлөөлөл, Монгол дахь хэвлээр явагч, хоёр нутагтан амьтадын тархацыг харуулсан зураг зэргийг байрлуулсан байдаг.

Тэмээний үзэсгэлэнгийн танхим: Тэмээний үс ноосоор хийсэн гар урлалын зүйлүүд, тэмээний сэдэвтэй ил захидал, тэмдэг, зурагт хуудас, тэмээний тухай судалдаг хүмүүсийн тухай, тэмээний араг яс, бүтэн чихмэл, тэмээгээр сэдэвлэсэн зохиол бүтээл, уран зураг, уран бичлэг зэрэг бүхий л зүйлүүдийг дэлгэн үзүүлсэн байдаг. Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнөөс тэмээг гаршуулан маллаж ирсэн бөгөөл 2000 жилийн өмнө Хүннүгийн үед тэмээний уралдаан зохион байгуулдаг байжээ.

Шувуу ба хөхтөн амьтдын онолын танхим: Хөхтөн амьтдын үр хөврөл, өсөлт хөгжилтийг харуулсан үзүүлэн материалууд тавигдсан байдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энд үзүүлэнт дадлагын хичээл хийдэг ажээ. Ой тайгын амьтдын танхим: Монголд 140 орчим төрлийн хөхтөн амьтан бий. Хамгийн том хөхтөн болох хандгай, буга, ойн бодон, хүрэн баавгай, хүдэр, минж, булга, хадны суусар, өмхий хүрэн, үен, зэгсний баавгай зэрэг амьтадын чихмэл бий.

Говийн бүсийн амьтдын танхим: Монголоос өөр хаана ч байхгүй хавтгай, хулан, мазаалай баавгайнаас гадна дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, цагаан зээр, дагуурын зараа, тахь гэх мэт ан амьтадын чихмэл, хүй нэгдлийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж хэрэгслүүд, хүй нэгдлийн үеийн хүний араг ясыг орчин үеийн хүний араг ястай харьцуулан тавьсан үзмэр бий.

Эх сурвалж: Жуулчны мэдээллийн төв, Байгалийн түүхийн музей

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601220
0 эможи

Зочин
2019-03-18 23:05
Музейн үзмэрт байсан аварга том үлэг гүрвэлийн яс музей хаагдахаас өмнө олон жил харагдаагүй, асуухаар гадаадад үзэсгэлэнд байгаа гэж хариулдаг байж билээ. Буцааж авчирсан боловуу эсвэл зарчихсан боловуу
keyboard_arrow_up