АЖЛАА ХИЙСЭН АЛБАН ХААГЧААР БҮҮ ШОУД Ө.ЭНХТҮВШИН САЙДАА!!!
АЖЛАА ХИЙСЭН АЛБАН ХААГЧААР БҮҮ ШОУД Ө.ЭНХТҮВШИН САЙДАА!!!
Онцгой байдлын албан хаагчид үүргээ гүйцэтгэж, уурхайд осолдсон 4 иргэний цогцсыг хөлдүү мөстэй уснаас гарган авах ажиллагааг хэдэн өдрийн турш явуулав. Нөхцөл байдал хүнд, дахин уурхайн хөрс нурах эрсдэлтэй, эрэн хайх ажиллагааны хувцас хэрэглэл хүрэлцээ муу байсан тухай албан хаагчид өгүүлж сууна. Иргэний цогсыг эрэн хайх ажиллагааг л онцгой байдлынхан явуулсан. Түүнээс уурхайн хөрсний нуралтаас иргэний амь насыг аврах ажиллагаа явуулаагүй гэж ойлгогдог. Харин нэгэнт болсон ослын улмаас амь насаа алдсан иргэдийг цогцсыг эрэн хайж олох, ослын бүсээс гарган авах ажиллагааг л хийв. Энэ нь Онцгой байдлын албан хаагчдын үндсэн үүрэг. Харин тэдэнд ийм нөхцөлд нь ажиллах багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, өмсөх хувцас, идэх хоол нь элбэг байсан эсэх дээр эргэцүүлэх зүйлс байна.
Онцгой байдлын албан хаагч нь: Монгол улсын иргэн би Онцгой байдлын асуудал эрхэлсэн албанд ажиллахдаа Төрийн хуулийг дээдлэн хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ тангараглая гэжээ.
Ийнхүү онцгой байдлын албан хаагчийн ажлын үндсэн үүргийн нэг хэсэг нь осол аваар гарсан газарт ажиллах юм. Яг энэ жишгээр л "Эко Алтан заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын улмаас амь насаа алдсан иргэдийн цогсыг гарган авах ажиллагааг явуулах, түүнд албан хаагчид ажиллах үүрэг хүлээжээ. Тэд ийм үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн хүмүүс. Онцгой байдлын албан хаагч бүр байгалийн гамшигт үзэгдэл, осол аваар, эрдэнэт хүний амь нас эрсдэлд орсон бүхий л гамшиг ослын үед очиж ажиллах үүрэгтэй. Энэ л үүргийнх нь нэг хэсэг нь "Эко алтан заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын үед ажиллав.
Эко алтан заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын улмаас үүссэн нөхцөлд байдалд Онцгой байдлын албан хаагч нар хүний амь нас авраагүй. Харин нэгэнт амь эрсдсэн иргэний цогцсыг хүнд нөхцөлөөс гарган авсан. Энэ нь тэдний л үндсэн ажил учраас "гайхамшиг" бүтээчихсэн мэт сүржигнэх хэрэггүй.
Монгол улсад жилдээ дунджаар 3600 орчим гамшигт аюул, эрсдэлд үзэгдэл болдог. Үүнд томоохон осол аваар, байгалийн гамшигт үзэгдэл, түймэр, олныг хамарсан гамшиг гэх мэтийг нэрлэж болно. Энэ бүхэнд эрсдэлийн өмнө амь насаа зольж зогсдог хүмүүс бол Онцгой байдлын албан хаагч нар юм.
2015 онд л гэхэд 5426 удаагийн осол аваар, байгалийн аюулт үзэгдэл тохиолдож 198 иргэн амь насаа алдсан байдаг. Харин онцгой байдлын албан хаагч нар 1017 хүний амь насыг осол аваараас хамгаалан аварч байлаа.
2016 онд л гэхэд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол аваар, байгалийн гамшиг болоход 161 хүн амь насаа алдаж 545 иргэний амь насыг эрсдэлээс хамгаалан аварч байлаа. Энэ бол тэдний хийдэг л ажил. Тэд хийсэн ажлынхаа төлөө төрөөс шагнал, түмэн олноос алга ташилт гуйж байгаагүй.
Энэ удаа ч бас Эко алтан заамар ХХК-ийн уурхайд ажилласан албан хаагч нар хийх ёстой ажил, өргөсөн тангарагт нь байгаа үндсэн дүрэм нь хэмээн бодож л ажлаа хийсэн. Нэг ялгаатай зүйл нь тэд хүний амь нас аврах гэж биш нэгэнт амь эрсдсэн хүний цогцсыг олж ар гэрт нь өгөх гэж хичээсэн. Тэд бас чадсан. Хийсэн ажлаа хэн нэгнээр магтуулах гэж тэд зүтгээгүй.
Харин тэднийг сүр дуулиантай дуудаж, өрөөндөө цуглуулан их мундаг юм хийсэн мэт авирлах Монгол Улсын Шадад сайд Ө.Энхтүвшин таны үйлдэл үнэндээ илүү байлаа. Дээр бичсэн 2015, 2016 оны жишээг харахад л Онцгой байдлын албан хаагч нар шагнал гуйх гэж ажил хийгээгүй гэдгийг батлан харуулна. Харин тэд төр засгаас түмэнтээ нэг л зүйлийг гуйдаг. Бас хүсдэг. Харин төр засаг тэдэнд гуйлтыг нь биелүүлж өгч амжаагүй л явна.
Онцгой байдлын алба гэдэг нэг талаасаа цэргийн байгууллага. Тушаалаар бүх зүйл явж, тушаалаар бүх ажил хийгддэг. Онцгой байдлын албан хаагчийн өдөр тутмын ажил үүрэг нь гамшгийн аюулаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг аврах, хамгаалах үйл ажиллагааг явуулдаг байдаг. Тэр утгаараа онцгой байдлын албан хаагч амь насаа алдах, эрсдэлийн байнга дагуулдаг юм. Сүүлийн 10 жилийн байдлаар Онцгой байдлын 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан тоо баримт байна.
10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулах юм бол Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж харьцангуй сайжирсан. Гэвч хүрэлцээтэй гэж хэлэхэд эрт байгаа тухай тус байгууллагын албан хаагч бүр хэлдэг. Онцгой байдлын албан хаагч нар дор хаяж нэг хоног цаашлаад 3-7, арав хорь хоног хээрээр гэр хийж, хэдэн биенээрээ нөмөр хийн үүргээ гүйцэтгэдэг хүмүүс. Ийм нөхцөлд ажиллах хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж тэдэнд хүрэлцээ муу байна.
Ө.Энхтүвшин сайдын уулзалт дээр албан хаагчийн хэлсэн үг өнөөдөр ч чихэнд дүнгэнэж байна. Усанд шумбаж, эрэн хайх ажиллагаа хийдэг 20 албан хаагч хүйтэн усанд орохын тулд дундаа 4 хувцастай. Тус хувцсыг л ээлжлэн өмсөж, аврах, эрэн хайх ажиллагаа хүйтэн мөстэй усан дотор гүйцэтгэсэн гэх үгийг сонсоод "АРАЙ Ч ДЭЭ" гэх халаглал хүн бүрт төрсөн нь гарцаагүй юм.
Онцгой байдлын ой, хээрийн түймэр унтраадаг албан хаагч нар 3 хоногийн хүнс, 20литрын устай сав, гал унтраагч үлээгч гэх мэт багажтай. Тэр нь бас л өнөөдрийн нөхцөлд цаг үеэ өнгөрөөх талдаа. Хүрэлцээ хангалттай биш. Олон хоногоор гал түймэр унтраах нөхцөлд албан хаагч нар хүнсний хангамж дутагдаж, бэлэн гоймон л иддэг тухай чих дэлсдэг.
Онцгой байдлын аврагч нарт техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл хүрэлцээгүйн улмаас амь насаа алдсан нэг бус жишээ байдаг. Тухайлбал 2012 онд Дорнод аймагт гарсан хээрийн гал түймэрт 4 албан хаагч амь насаа алдаж байв. Тэдний хувьд галын голомтод ажиллаж байхад нь галаас хамгаалах нөмрөг байсангүй. Ингээд л амиа алдаж байжээ. Өнөөдөр энэ гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа Онцгой байдлын албанд алга. Тэдэнд аврагчид нь түймрээс хамгаалах нөмрөг хангалттай биш.
Хөвсгөл далайд байс хийгээд л цөмрөлт болж машин живдэг. Онцгой байдлын албан хаагчид -50 хэмийн хүйтэн усанд шумбаж, иргэний амь нас, эд хөрөнгийг аврах ажлыг хийдэг. Ингэхэд өнөөх л хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж нь хүрэлцээгүйн улмаас цаг алдах, эргээд өөрсдийнхөө амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүсдэг байна.
Онцгой байдлын албан хаагч нар Монгол улсын өнцөг булан бүрт хүч аврах, эрэн хайх ажиллагааг гүйцэтгэх ёстой. Тус байгууллагын хамгийн том нэгж нь Аврах тусгай анги. Тус анги 200 гаруй албан хаагчтай. Хавар, зун, намар цагт тус ангийн албан хаагч нар ой хээрийн түймэр, осол аваар гэх мэтэд очиж албан үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тэдэнд нисдэг тэрэг алга. Зэвсэгт хүчинд хүсэлт тавьж байж нэг цагийн 3 сая төгрөгөөр нисдэг тэрэг түрээсэлдэг гашуун эмгэнэл Онцгой байдлын албанд байна.
Энэ мэтээр техник, тоног төхөөрөмжийн хангамж, хувцас хэрэглэлийн бүрэн бүтэн байдал дутмаг байхад тус байгууллагыг шууд удирдах эрхтэй сайд нь ажлаа л хийсэн албан хаагч нараар шоудаж, шагнуулах тухай хурал зарлаж суух нь гашлантай. Харин үүнийхээ оронд албан хаагч нарынхаа зовлон бэрхшээл, асуудал, шаардлагатай тоног төхөөрөмжийн тухай сонсож, шийдэх талаас нь хэлэлцсэн бол браво алга таших байв.
Бэлэн гоймон идэж, дундаа ганц хувцастай үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албан хаагчийн амь насны эрсдлийг хамгаалах техник, тоног төхөөрөмжийг нь шийдэх тал дээр анхаар. Мөн цалин хангамж, нэмэгдэл цалинг нь өсгөх тал дээр шоуд. Тэгвэл Ө.Энхтүвшин сайд танд баярлаж, өөрийг нь сайшаах өгүүлбэр холбож болох юм.
Харин энэ удаад Ерөнхийлөгчтэй ярьсан. Та нарыг шагнана гэж шоудахад чинь үнэндээ өгүүлбэр холбож магтаж үл чадлаа.
Б.Ууганбаяр
Эх сурвалж: ASUUDAL.MN
|