Тусгай сан “ХАНДИВЫН АВДАР” шиг байх учиргүй

2019 оны 3 сарын 13

Сангийн яамнаас Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийж, долоог нь татан буулган, гурвыг нь нэгтгэхээр шийдвэрлэсэн. Тус яамныхан одоогоор зургаан санд нарийвчилсан шалгалт хийж, дүгнэлт гаргаад байна. Тэгвэл бусдынх нь санхүүгийн тайланг “шиншилж”, өнгөц гэмээр дүгнэлт гаргаад буй. Гэхдээ үлдсэн бүх тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтад хожим нарийн шалгалт хийж, дүгнэлт гаргана гэж Сангийн яамныхан дуулгалаа. Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санг нэгтгэхээр шийдвэрлэсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд бодлогыг нь барьдаг гурван санг нэгтгэхээр болсон гэсэн үг. Гурван санг нэгтгэх албан ёсны шийдвэрийг тусгасан Засгийн газрын тогтоол өчигдөр гарлаа. Тиймээс яг одоогоор гурван санг яаж нийлүүлэх, үйл ажиллагааных нь хүрээг хэрхэх, санхүүжилт, урамшуулал олгох журам, дүрмийг өөрчлөх, эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ мэр сэр мэдээлэл чих дэлсэж эхлэв. Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дор оруулж, нэгтгэх гэнэ. Гурван санг нийлүүлээд төрийн өмчит корпорац байгуулах ч сураг сонсогдлоо.

Төрийн орон сууцны корпорац гэж Улаанбаатарт орон сууц барьж, хямд үнээр иргэдэд борлуулах компани байгуулсан. Зорилго нь орлого багатай иргэдийг орон сууцжуулах байлаа. Тэгэхээр үүн шиг хөгжлийг дэмжихэд чиглэсэн, хөдөө аж ахуйн салбарынханд хөнгөлөлттэй зээл олгодог, дэмжлэг үзүүлж, урамшууллыг нь түгээдэг том корпорац бий болох нь бололтой.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд өмнө нь Сангийн сайдаар олон жил ажилласан Ч.Улааныг томилоод удаагүй байгаа. Олон нийт залууст боломж олгоогүй түүнийг “Сайдын суудалд “хайр зарласан” өвгөн” гэх мэтээр нэлээд гоочлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэл ам татлаад буй сангуудыг зөв замд оруулахаар Ч.Улааныг сайдаар томилуулсан байж ч мэдэх юм. Тэрбээр сангийн бодлого хэрэгжүүлэх асар их туршлагатай нэгэн. Ч.Улаан ажилдаа шуурхайлж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлыг өөрчлөөд байгаа гэнэ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нийт 335.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Тэгвэл “Атрын III” аяныг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан нийт 585.3 тэрбум төгрөгөөр тариаланчдад дэмжлэг үзүүлжээ. Мал хамгаалах сан нийт 45 тэрбум төгрөгийн авлагатай. Тэгэхээр нийтдээ их наяд төгрөгт дөхөх эргэлтийн хөрөнгөтэй сан болох нь. Нийгэм, эрүүл мэндийн даатгалын сангийн дараа орох их хэмжээний хөрөнгөтэй сан бүрдэнэ гэсэн үг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох журмыг 2016 онд өөрчилсөн. Ингэхдээ нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээг тэрбум төгрөгт хүргэсэн юм. Гэтэл тус сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд 750 саяас нэг тэрбум гаруй төгрөг хүртэлх зээл авсан нь ил болж шуугиан дэгдээсэн. Олон нийт улстөрчдийг эрх мэдлээрээ далайлган, урт хугацаатай, бага хүүтэй зээлээр хувийн бизнесээ санхүүжүүлж, үйлдвэрлэл эрхлэхээр хуруу хумсаа хугалж яваа иргэдийнхээ боломжийг булаасан гэж буруутгаж байгаа. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олон удаа мэдээлсэн тул нэмж нурших нь илүүц.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн багцад шинжилгээ хийсэн дүгнэлт хараахан гаргаагүй байна. Тус сангаас томоохон бизнесмэнүүдэд их хэмжээний зээл олгосон, үйлдвэрлэлээ санхүүжүүлнэ гэж тэндээс авсан мөнгөө зориулалт бусаар ашигласан гэсэн мэдээлэл чих дэлсдэг. Сайтар шалгавал улстөрчдийн гар, хөлөө дүрсэн энэ сангаас элдэв булхай илрэх нь гарцаагүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг сумын төвд дугуй засварын газар ажиллуулах зургаан хүнд зээл олгосон тохиолдол хэдэн жилийн өмнө гарсан. Харамсалтай нь, тус сум ганц л дугуй засвар ажиллах зах зээлийн багтаамжтай. Ингээд зээл авсан зургаан хүний тав нь мөнгөө өөр зүйлд зарцуулчихсаныг шалгалтаар тогтоосон байдаг. Энэ сангаас урт хугацаатай, бага хүүтэй зээл авч үйлдвэрлэл биш, үйлчилгээ, гадаад худалдааны бизнесээ санхүүжүүлэх явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Төсвийн дэмжлэгтэй тусгай сангууд бол санаа муутын хандив авдаг авдар шиг байх учиргүй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 132 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл. Сангийн хугацаа хэтэрсэн зээл дээрх хэмжээнд хүрээд хэдэн жилийн нүүр үзэж буй юм. Тус сан тариаланчдын гурилын үйлдвэрт тушаасан тонн буудай тутамд 40-60 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог. Өнгөрсөн хугацаанд нийт 157 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал авсан тариаланчид маань зээлээ төлөхгүй луу унжжээ. Тариаланчид хэрэгцээтэй бордоо, шатахуун, тоног төхөөрөмжөө тус сангаас урт хугацаатай, хүүгүй зээлээр авдаг. Олон бизнесмэн өндөр хүүтэй зээлээр компаниа санхүүжүүлдэг. Гэтэл хүүгүй зээлсэн хөрөнгөө төлүүлж чадахгүй байгаа нь менежментийн алдаанаас шалтгаалсан хэрэг болов уу. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан газар тариалангийн хамгийн том компани “Гацуурт”-тай дөрвөн тэрбум төгрөгийн зарга үүсгээд, өдий хүртэл төлүүлж чадаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнгөрсөн хугацаанд 138.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 115 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх тендер зарлажээ. Үүнийх нь 50 нь сонгон шалгаруулалтын хууль, журамд нийцээгүй гэсэн дүгнэлт Сангийн яамныхан гаргав. Мөн 58 тэрбум төгрөгийн өртөгтэй 60 тендер зарласны тал нь худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн байж. Өөрсдөө хууль, журмаа мөрддөггүй газарт хулгайчийн гар шургалах нь гарцаагүй. Мал хамгаалах сан ч “цэвэр биш”. Мөнөөх “Гацуурт” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөг зээлээд эргүүлж төлөхгүй, маргаан дагуулсаар л байна.

Гурван санг нэгтгэсэн корпорацын бодлого чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргах нь дамжиггүй. Олгох зээлийнхээ бодлогыг илүү оновчтой болгох, эргэн төлөх нөхцөл, шаардлагыг нь хангах, “жинхэнэ эзэн”-д нь хүргэх нь чухал. Бодлого нь учир дутагдалтай учраас өдгөөгийн алдаа мадаг гараад байгаатай хэн ч маргахгүй биз. Олон улсад Засгийн газрын тусгай санг мэргэжлийн санхүүчдийн багаар удирдуулж, улс төрийн нөлөөг хязгаарладаг жишиг байдаг талаар сүүлийн үед ихээхэн ярих боллоо. Нэгдсэн том сангийнхаа бодлогыг оновчтой болгосныхоо дараа мэргэжлийн багаар удирдуулж, зорилтот бүлэгт хүрсэн санхүүжилт олгон, алдаа мадаггүй ажиллуулаасай билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601069
0 эможи

keyboard_arrow_up