ЗХЖШ хариуцлага алдсан дарга нартаа арга хэмжээ авах бус “шагнадаг” жишээнүүдээс
Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штаб сахилга, хариуцлагаараа бусад салбараас өндөр чанга байх ёстой. Гэвч тогтоол ус булингартдагийн адилаар хариуцлага хүлээлгэж байгаа нэрээр хэсэг зуур ажлаас нь чөлөөлөөд эргүүлээд авахдаа даргаар авдаг тохиолдол бүртгэгдсээр байна. Хаалгаар нь гараад тооноор нь орно гэгчийн үлгэрийг утгаар нь үзүүлж байгаа ЗХЖШ-д өрнөж байгаа шударга бус үйлдлүүдээс түүвэрлэн гурван жишээг хүргэж байна.
Онгоц унагасан цэргийн ангийн захирагч ЗХЖШ-т ажиллаж байна
Хэдэн жилийн өмнө налайхад нисдэг тэрэг унагаад хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон ангийн захирагч нь одоо ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлалд алба хашиж байна. Хэргийг эргэн сануулбал, Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг 2015 оны арванхоёрдугаар сарын 23-нд шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон билээ. Тэр үед нисдэг тэргэнд 11 хүн байсан бөгөөд арван хүн бэртэж, нэг хүн газар дээрээ нас барсан юм. Тодруулбал, ахмад бортемеханикч Н.Батбаяр амиа алдсан. Харин энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой байсан хүн өнөөдөр ЗХЖШ-т алба хааж байна.
Гранат дэлбэрч хоёр хүн үрэгдсэн ангийн захирагч Зүүнбаянгийн захирагчаар томилогдсон
Уншигч та хэрвээ санаж байгаа бол 2017оны 04-р сарын 11-ны өдөр 17.00 цагийн орчимд хээрийн сургалтын төвөөс 10 км-ын зайд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дадлага сургуулилт хийж байсан байна. Энэ үеэр цэнэгтэй гранат дэлбэрч 10 хүн өртөж, хоёр нь газар дээрээ нас барж, 8 нь эмнэлгийн яаралтай тусламж авсан. Тухайн үед ангийн захирагч нь арга хэмжээ авхуулсан. Гэвч дэвшүүлэн зайлуулна гэгчийн үлгэрээр Зүүнбаянгийн цэргийн ангийн дарга болчихсон. Тухайн ангид нь нэг цэрэг гадны нөлөөгүй нас барсан хэрэг цагаан сарын өмнө гарч олны анхаарыг татаж байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй л байгаа.
Хоёр хүний амь насаар “наадсан” ангийн захирагчийн шинэ ажил буюу Зүүнбаян дахь цэргнийн ангид цэрэг амиа алдсан нь хариуцлага, хандлага алдагдсантай холбоотой гэдгийг салбарынхан нь битүүхэн ярьж байгаа нь нууц биш.
Цэргийн алба хаагч нас барсан ангийн захирагч ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдохоор санаархаж байна
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г 2019 оны 0-р сарын 28-ны өдөр элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан хэргийн талаар бид анхлан мэдээлсэн. Тодруулбал, айрга татахад нэг жолооч, нэг ахлах ахлагч томилогдон явсан. Ачааны машинд хайрга ачаад хөдөлсөн ч өгсүүр замд машин хүч алдан зогссон байна. Машинаа урагш хөдөлгөхийн тулд ахлах ахлагч дугуйнд нь эвээс хийхээр очиход, машин хойш алдаж, осол гаржээ. Осол тухайн өдрийн 19.00 цагийн орчимд гарсан. Ослоор ахлах ахлагч, 51 настай, Я.Ганболд нас барсан.
Харин нас барсан цэгийн алба хаагчийн ангийн захирагч нь хариуцлага хүлээх нь битгий хэл дэвшин зайлах гэж байгаа гэдгийг ЗХЖШ-ын нэрээ нууцалсан эх сурвалж манайд мэдээллээ. Тодруулбал тус ангийн захирагч нь ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдох гэж байгаа аж.
ЗХЖШ-ын даргыг чөлөөлснөөс хойш Зэвсэгт хүчинд сахилга, хариуцлага суларч, хүний амь эрсэдсээр. Хариуцлага хүлээх ёстой нөхдүүд нь ийнхүү хаалгаар гараад тооноор орж ирсээр байна. Уг нь ЗХЖШ “морь унасан толгойгүй” хүн болсон энэ цаг үед Ерөнхийлөгч анхаарал хандуулах ёстой. Учир нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Ерөнхийлөгч. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн командалж байгаа салбар нь ийнхүү дотроосоо өтөнд баригдан, илжирч байгаа цөөн гурван баримт нь энэ.
Хөл толгой нь олдохгүй байгаа энэхүү эх захгүй салбарт хэзээ цэвэрших юм бол...
Эх сурвалж: DORGIO.MN
|