Японоос нутагшуулсан “Нархан“

2019 оны 3 сарын 11

Нийслэл дэх нийт өрхийн 58.1 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ нь агаарын бохирдлын гол шалтгаан билээ. Хэдий төрийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч байна гэх боловч үр дүнгээ өгсөн нь алга. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2010 оноос эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, орон сууцын борлуулалт тулгамдаж байгаа асуудал хэвээр л байна. Нийслэлийн хэмжээнд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, төлөвлөлт хэрэгжээд дуусахад буюу 2020 он гэхэд 180 мянган айл орон сууцад орно гэж тооцоод байсан. Харамсалтай нь энэ ажил хотын даргын солионы дараа бүдгэрч эхлэв.

Улаанбаатар хотын гэр хорооллын 210 мянган өрх өвлийн улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг учраас энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа. Мөн 1.2 сая тонн түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр соливол агаарын бохирдол 50 хувиар буурна гэх тооцооллыг ч албаныхан хийжээ. Гэвч иргэд энэ “үлгэр”-т эргэлзсэн хэвээр. Тиймдээ ч өөр өөрийн гэсэн гарцыг хайсаар.

Тухайлбал, Улаанбаатар хотын уугуул иргэн Д.Батсүх утааг бууруулах өөрийн санааг хэрэгжүүлээд эхэлжээ. Тэрбээр Япон Улсад монгол гэрийн бүтцээр санаачлан хийсэн бүтээлийг Монголдоо нутагшуулж утааг арилгахын тулд ханцуй шамлан орсон байна. Чухам ямар ажил хийж буйг нь сонирхохоор нийслэлээс холгүйхэн орших Өвөр согоотыг зорилоо.

 

Д.Батсүх нь “Нархан” монгол гэр хэмээх утаагүй гэрийг энэ өвөл хийж дууссан аж. “Нархан” гэж нэрлэсний учир нь түүний найман хүүхэд бүгд нар язгуураас бүтсэн нэртэй гэж байв. Өөрөөр хэлбэл, утаагүй гэр бүтээх ажил нь ч үр хүүхдээс нь дутахааргүй үнэ цэнэтэй, утга учиртай ажээ. Тэрбээр хурандаа цолтой, хуульч мэргэжилтэй нэгэн. Өөрийгөө “Атаман” хэмээн нэрлэх дуртайг ч ярианы завсар дурсаад амжсан. Яагаад гэвэл монгол эр хүн элдэв цол гуншингаас илүүтэй зориг, аархлаар бахархаж, омогшиж явах ёстой гэж үзнэ.

Тэрбээр 1998 онд “Гэсэр Жангар” компани байгуулж тавилга үйлдвэрлэл, угсралтын зэрэг олон төрлийн ажил тууштай хийж, өдийг хүрчээ. Бид түүний нутагшуулсан утаагүй гэрийг үзэхээр Өвөр согоотын эцсийн буудал дээр буухад ихэд найрсгаар тосож, баяртай нь аргагүй угтав. Тэрбээр бидэнтэй мэнд мэдэлцээд “Гэрийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа гэхэд асууж лавласан, худалдаж авахаар захиалга өгсөн хүмүүс цөөнгүй байна. Фэйсбүүктээ гэрийнхээ зургийг тавихаар хүмүүс ямар ч хурдан олоод харчихдаг юм. Би ч их ачаалалтай байна шүү” гэсээр цааш алхав.

Өвөр согоотын гүүрний доохно байрлах “Lotiko Mongolia” гэсэн хоёр давхар ногоон байгууламжийн хажууд жижигхэн гэр сууц байв. Энэ бол түүний бүтээсэн “Нархан” монгол гэр буюу утаагүй сууц юм. Д.Батсүхийн хэлж буйгаар энэхүү гэр сууц нь олон жижиг хэсгүүдийн бүрдэл буюу угсардаг аж. Угсармал сууцаа хөөсөнцөр буюу нийлэг анхилуун нүүрстөрөгчийн полиметрээр хийдэг бөгөөд хэсэг тус бүр 70 кг жинтэй, 175 мм зузаан хийц, материал, хэмжээнээсээ хамаарч Япондоо 5,200-8,500 ам.долларын өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг байна.

Тэрбээр энэ бүх мэдээллийг үзэж, сонсоод Монголдоо хямд төсөр аргаар хэрхэн хийж болохыг судалжээ. Ингээд Япон технологийн дагуу Хятадаас сайжруулсан буюу галд тэсвэртэй хөөсөнцрөөр авчирч, энэ өвөл хийсэн байна. Өвөл хийж гүйцэтгэсний учир нь хүмүүст эргэлзээ төрүүлэхгүй гэж зорьсных гэв. Хүмүүс гэр сууцны бодит хэмжээ дамжаа, үр ашгийг нь харж байж итгэл үнэмшил төрөх нь мэдээж гэлээ.

Бидний үзсэн угсармал гэр нь стандарт загварын буюу 31.24 м2 хэмжээтэй, гал тогоо, хувцасны шкаф, ариун цэврийн өрөөтэй байсан нь анхаарал татсан. Тооноороо яндан цухуйлгасан, утаа гаргаж, тортогт дарагдсан гэр биш цэвэрхэн дулаахан орон сууц мэт орчинтой байсан нь дэндүү таатай. Мөн уг гэр нь тооно мэт жижиг дөрвөлжин цонхтой бөгөөд байшинд байх боломжгүй монгол гэрийн хамгийн давуу чанар болох агаарын солилцоо сайн байдаг үүргийг орхилгүй бүтээжээ.

Гэрийн баруун болон зүүн талын цонх гар аргаар нээгдэж, харин дээд цонх нь удирдлага болон гэрлийн унтраалгын дэргэд байрлах кнопоор сөхөгддөг. Гэрлийн бүрхүүл жижигхэн, чамин хэлбэртэй, ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур зэрэг нь бор өнгөтэйг харахад дотор дизайны сонголт өвөрмөц төдийгүй, зохиомжтой үзэгдэж байв.

Өвлийн улиралд нэгээс хоёр халаагуур хэрэгтэй бөгөөд ямар халаагуур хэрэглэснээсээ хамаарч дор хаяж 40 мянган төгрөгийн зарлага гардаг гэнэ. Нэг тооцоо бодъё. Шуудай нүүрс 3,000-3,500 төгрөг, шуудай мод 2,000-2,500 төгрөгийн үнэтэй. Нэг шуудай нүүрс дунджаар 10 орчим кг болдог бол 20 орчим кг нүүрс ордог гэх арай томхон шуудайтай нүүрс 3,500 төгрөг аж. Тухайн өрх өдөрт шуудай нүүрс түлдэг гэж тооцвол хамгийн доод тал нь сард 90 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Ингээд харьцуулбал “Нархан” гэр сууц өртөг багатай ажээ.

Гэр сууцыг угсрахад нэг цаг шаардагддаг ба гадна болон дотор засал чимэглэлийг хийхэд долоо хоног зарцуулдаг гэнэ. Д.Батсүхэд захиалга орж ирвэл хэдэн ч гэр барьж чадах мэргэжлийн ажилчидтай бөгөөд харин засал чимэглэлийг мэргэжлийн бусад хүмүүст захиалгыг нь өгөөд хийлгэдэг гэлээ. Түүний хэлж буйгаар стандарт хэлбэр, хэмжээтэй гэр нь 15 сая төгрөгөөр бүтэх бөгөөд одоогийн байдлаар өргөтгөсөн загвар буюу 37.67 м2, онцгой загвар буюу 44.1 м2 гэсэн ерөнхий хэмжээг тогтоосон байгаа гэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн ийм хэмжээгээр барина гэсэн үг биш бөгөөд олон тасалгаатай хэд хэдэн гэрээс бүрдсэн томоохон хаус ч болгох боломжтой юм байна.

Утааг бууруулахад дан ганц төр засгийг хараад, хүлээгээд суух биш энэ мэт шийдлийг эрж хайх нь иргэн бидний нэг үүрэг гэлтэй. Эс бөгөөс хорт утаандаа хордож, эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
600991
40 эможи

нямсүрэн
2019-03-18 13:14
маш их таалардлаа бөөрөнхий хэлбэртэй нь фэнгшүүгээр сайн.дөрвөлжин болгох шаардлагагүй
Ganaa
2019-03-16 15:24
Mash ikh taalagdlaa. Яваандаа улам илүү боловсронгуй болох бизээ
Амарсайхан
2019-03-11 13:52
Фэйсбүүкээр Бөмбөгөр гэр байшин гэж хуудас үзээрэй.
Зочин
2019-03-11 13:36
Бөөрөнхийг нь тэгш өнцөгт болгоод дөрвөлжин байшин болгочихгүй юу даа
пингвин
2019-03-11 13:35
Прород яг таарна
иргэн
2019-03-11 12:46
м2.н үнээ тодорхой гаргаад, ямар нөхцөлөөр яаж захиалга авдаг тухай мөн энэ хүнтэй яаж холбогдож судлах тодорхой нийтэлвэл хүмүүс сонирхох бх даа
zochin
2019-03-11 11:29
Hydaldah gej bga uym yy uuruu syyh gej bn yy nariin medeelel taviach
keyboard_arrow_up