“KFC“ Монголоос гарах эсэх нь удахгүй тодорхой болно
Өнгөрсөн сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Хан-уул дүүргийн XI дүгээр хороонд байрлах KFC-Зайсан салбараар үйлчлүүлсэн 16 иргэн хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Мөн хоёрдугаар сарын 8-аас 15-ны хооронд тус газраар үйлчлүүлсэн 116 иргэнд мөн ижил шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан юм.
Тиймээс тус газрын үйл ажиллагааг нь түр зогсоож, 39 бүтээгдэхүүнээс дээж, шинжилгээ авсан юм. Лабораторийн шинжилгээгээр KFC-Зайсан салбарын ундны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч болон савханцар илэрсэн бөгөөд тахианы ясгүй махнаас серато гэх бодис тус тус илэрсэн байдаг.
Тэгвэл дээрх зөрчил илэрсэн асуудал анхны тохиолдол биш аж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар өмнө нь есөн удаа зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг өгч байжээ. Гэвч тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авдаггүй байсан бололтой юм. Тиймдээ уг зөрчил ийн даамжирсаар олон зуун иргэнийг ийн өвчлөхөд хүргэсэн бололтой.
Мөн дан ганц KFC-Зайсангийн салбар ч биш бусад салбарт ч гэсэн үүнтэй ижил асуудалтай байх магадлал өндөр байна. Учир нь нэг л аргаар боловсруулсан тахианы махаар иргэдэд үйлчилдэг. Тиймээс бусад салбарт худалдаалж буй бүтээгдэхүүнд ч гэсэн серато бодис агуулагдаж байх магадлалтай юм байна.
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан KFC сүлжээ хоолны газар цаашид Монголд үйл ажиллагаа явуулах эсэх асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал, KFC сүлжээ хоолны газрын толгой компаниас шалгалтын баг Монголд ирсэн байна. Тэд бүх салбаруудад тодорхой хугацаанд ажиглалт хийж, хэрвээ хоолны чанар, аюулгүй байдал хангалтгүй түвшинд байвал Монгол дахь үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох бололтой юм. Өөрөөр хэлбэл, KFC сүлжээ хоолны газар Монголоос гарах эсэх нь удахгүй тодорхой болно.
Б.Лхам
24tsag.mn