Сурагчдад цахим гэмт хэргийн тухай ойлголт дутмаг байна
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан бага насны хүүхдүүдтэй харилцаж өөрсдийгөө гэмтээх, улмаар амиа хорлох даалгаврыг өгдөг “Момо”-гийн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд шуугиан тарилаа. “Whatsapp”, “Facebook”-ээр дамжуулан дотносож улмаар өөрсдийгөө гэмтээх даалгавар өгч биелүүлэхгүй бол “чи хараагдана”, “үхнэ” гэх мэтээр сүрдүүлдэг болохыг олон улсад анхааруулсаар байна. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас “Момо”-гоос урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүд болон бага насны хүүхдүүдэд сэрэмжлүүллээ.
“Цэнхэр халим”, “Момо” гэх мэт цахим орчинд тархсан болж бүтэхгүй бүхний хохирогч нь өсвөр үеийнхэн байдаг. Ийн бид сурагчдын цахим гэмт хэргийн талаарх мэдлэг ойлголтыг сурвалжлахаар Нийслэлийн III бүрэн дунд сургуулийг зорилоо. Өглөөний ээлжийн сурагчид хичээлдээ орсон бололтой сургуулийн орчинд ямар ч чимээ үгүй нам гүм байлаа. Тус сургуулийн нийгмийн ажилтнаар Я.Үүрцайх хэмээх залуухан бүсгүй ажиллаж байна. Тэрээр хэсэг хугацаанд ярилцсаны эцэст бидний ирсэн шалтгааныг хүндэтгэн гурван сурагчийг дуудан хурлын өрөөндөө ярилцахыг санал болгосон юм. Тэдгээр сурагчдаас цахим орчин болон цахим гэмт хэргийн талаар хэр мэдлэгтэй байдгийг сонирхсон юм.
11Б ангийн сурагч Б.Анужин “Фэйсбүүк” ороход өдөрт 4-5 цаг зарцуулдаг. Зурагт үздэггүй болохоор хэрэгцээт мэдээллээ авна, найзуудтайгаа харилцана. Эх сурвалж нь тодорхойгүй худал мэдээлэлд итгэдэггүй” гэж ярьсан юм . Түүний бодлоор нэг охин танихгүй хүнтэй чатаар танилцаад уулзаад хүний наймаа ч юмуу гэмт хэргийн хохирогч болохыг цахим гэмт хэрэг гэж хэлэх байх гэлээ.
Бид энэ үеэр цөөнгүй сурагчаас “Улс оронд болж буй мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?” хэмээн ганц асуулт асуухад бүгд л “Нэтээс, фэйсбүүкээс” гэж хариулсан юм. Тэгэхээр тэдний үзэж сонирхдог чухал мэдээллийн хэрэгсэл нь цахим орчин болохыг баталж байна. Гэвч тэд асар их мэдээллийн урсгал дундаас үнэн худлыг нь ялгахад хэцүү байдаг бололтой. Энэ талаар гуравдугаар сургуулийн 10Г ангийн сурагч Э.Мягмарбаатар “Би одоогоор 200 гаруй найзтай. Бүгдийг нь танина. Өдөрт нэг цагийг л зарцуулдаг. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээллийн үнэн, худлыг ялгахад хэцүү учраас нэг их мэдээлэл аваад байдаггүй. Цахим гэмт хэрэг гэж хүнд мэдэгдэхгүй хийж байгаа үйлдлийг хэлнэ” гэж ярилаа. Түүнд цахим гэмт хэргээс сэргийлэхийн тулд танихгүй хүнтэй харилцахгүй байхыг ээж аав нь зөвлөжээ.
Мөн бид ухаалаг гар утсыг сургуулийн орчинд ашиглахыг хориглосон шийдвэртэй тэд санал нийлж буй эсэхийг асуусан юм. Гуравдугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Намсрай “Фэйсбүүк” ашиглаагүй хоёр сар болж байна. Өөрт хэрэгтэй мэдээллээ “Инстаграмм”-аас авдаг. Хичээлийн цагаар утас ашиглахыг хориглосноор өөрийгөө илүү таньж мэдэж, шинэ авьяасаа нээсэн. Интернэтээс авдаг мэдээллээ номноос уншдаг болж, бусадтай дотно харилцаж тэднийг илүү ойлгож байгаа” хэмээсэн юм. Тэрээр ухаалаг утсыг хориглохоос өмнө өдөрт 8-9 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг байсан бол одоо тэр цагаа өөрийнхөө хөгжилд зориулж байгаа гэнэ. Тус сургууль сурагчдын утсыг хураан авч хичээл тарсны дараа буцаан өгдөг юм байна.
Бид мөн Нийслэлийн II бүрэн дунд сургуульд очив. Мэдээллийн самбарт нь ухаалаг утас сургуулийн орчинд ашиглахыг хориглосон тогтоол, хүүхдийнхээ цахим хэрэглээнд зохих хяналт тавих тухай эцэг эхчүүдэд зөвлөсөн байна. Мөн сургуулийн орчин дахь дарамт шахалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудыг мэдээллийн самбартаа багтаасан нь сайшаалтай санагдлаа. Тус сургуулийн 9В ангийн сурагч Г.Маралмаа Фэйсбүүкийн хаягаа гуравдугаар ангидаа нээсэн ч долдугаар ангиасаа идэвхтэй ашиглаж эхэлжээ. “Чатаар найзуудаасаа гэрийн даалгавраа асууна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл байвал уншдаг. Өөрт хэрэггүй мэдээлэл бол авдаггүй” гэж тэр ярьсан. Тэрээр үеийнхэндээ хандаж “Танихгүй хүний хүсэлтийг авч болохгүй, битгий чатал, хувийн мэдээлэлээ солилцож, уулзъя гэвэл очиж болохгүй” гэж захилаа.
Харин 10Д ангийн Б.Сэлэнгэмөрөн “Би 4500 гаруй найзтай ч 50 орчим хүнийг нь л танина. Гэхдээ танихгүй хүн чат бичвэл unfriend, block хийчихдэг. Өдөрт 2-3 цаг ордог” гэж хэллээ. Түүний зургийг авч өөр хүн хаяг нээсэн байсныг мэдэж Report хийсэн гэнэ. Эрт мэдсэн болохоор хэнд ч хэлээгүй. Цэнхэр халим гэх мэт муу зүйл хийхийг сүрдүүлэх нь цахим гэмт хэрэг байх” гэж ярилаа. Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллийн үнэн худлыг нь мэдэхгүй байвал бусад сайтаас хайж баталгаажуулдаг” гэсэн юм.
Харин “Эрдэмтөгс” бүрэн дунд сургууль гурван жилийн өмнөөс л ухаалаг утас ашиглахыг хоригложээ. Энэ талаар сургуулийн нийгмийн ажилтан Э.Золбаяр “Эцэг эхчүүдтэй сургуулийн орчинд зөвхөн товчлууртай утас л ашиглах гэрээ байгуулсан. “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм ухаалаг гар утас хэрэглэхийн хор уршиг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх сургалтыг тогтмол явуулдаг” гэлээ.
Сурвалжлагын төгсгөлд сурагчдын цахим гэмт хэргийн талаарх ойлголт явцуу хүрээнд, урьдчилан сэргийлэх тухай гэвэл танихгүй хүнтэй найз болохгүй байх хэрэгтэй гэсэн байдлаар ижил ойлголттой байгааг дүгнэж болохоор байв. Харин цахим гэмт хэрэг 50-60 дахин өссөн харамсалтай тоо байна.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 онд 362 байсан бол 2018 онд 625 болж өсчээ. Уг гэмт хэрэг ийн бараг хоёр дахин өссөн шалтгааныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган “ Энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг, ойлголт бага, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, боловсон хүчин дутмаг байна. Ялангуяа хүүхдийн эсрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ердөө нэг жил байгаа нь том дутагдал” гэж тайлбарласан юм.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Цахим орчинд хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан бичлэг үзэх, гэмт хэргийн үйлдэл, аргачлал заасан мэдээ мэдээллийг үзэж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг авч байна. Нөгөө талаас гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө цахим сүлжээний мэдлэг мэдээлэлтэй байж, тэдний цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай” гэж ярьсан юм. Тиймээс сурагчдын цахим гэмт хэрэг, мэдээллийн үнэн худлыг ялгах чадвар олгох сургалтыг зохион байгуулах, цахим орчныг хэрэглээнд нь хяналт тавьж чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхдээ зарцуулах боломжийг олгох хэрэгтэй байх нь.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин