Их, дээд сургуулиуд бүртгэлийн хураамжаар мөнгө 'босгодог“ уу?
Сүүлийн үед олон нийт Монгол Улсын боловсон хүчнийг бэлтгэж буй их, дээд сургуулиудад шүүмжлэлтэй хандах болов. Их, дээд сургуулиудын чанар, багшлах боловсон хүчин, сургалтын төлбөр, орчин нөхцөл, босго оноо, оюутны тоо, бүртгэл, мэргэжлийн чиглэл зэрэг тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудпыг нэлээд хүчтэй хөндөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн салбар яамнаас шаардаж байгаа. Эдгээрээс юуны түрүүнд чанаргүй их, дээд сургуулиудыг татан буулгах, мөн бүртгэлийн хураамжийн асуудалд анхаарал хандуулахыг нийгэм шаардаж буй. Тийм учраас салбарын сайд ч энэ асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсоныхоо дараа төрийн өмчит 12 их, дээд сургуулийн захирлыг хүлээн авч уулзан тэдний саналыг сонсч, хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу холбогдох шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулахаа мэдэгдлээ. БСШУСЯ-наас энэ оныг “ЁС зүйн боловсролын жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагуудтай нэлээд нягт ажиллаж, багш нарын сахилга хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэх түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц арга хэмжээг санаачлах үүрэг чиглэл өгсөн юм.
Харин их, дээд сургуулийн захирлууд салбарын сайддаа хэд хэдэн саналыг танилцуулсан. Тэд Боловсролын тухай хуульд “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон норматив зардлаар санхүүжүүлнэ” гэж тусгасан ч энэхүү заалтыг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон. Мөн их, дээд сургуулийн элсэлтийг орон нутагт зохион байгуулах, босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах асуудлыг ч тэд дурдсан билээ. Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн төгсөгчдийн тоо энэ жил 18000 орчим буюу өнгөрсөн оныхоос 2.5 дахин буурч байгаатай холбогдуулан дээр дурдсан асуудалд өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзжээ.
СУРАЛЦАГЧДЫГ 5000-15000 ТӨГРӨГӨӨР БҮРТГЭДЭГ
Хэдхэн сарын дараа элсэлтийн ерөнхий шалгалт болж, их, дээд сургуулиудын бүртгэл эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Өмнө нь босго оноогүй байсан эх хэлний шалгалтыг энэ жилээс 400 байхаар тогтоосон. Шалгалтыг энэ сарын 23-ны өдөр авах бол хоёр дахийг нь дөрөвдүгээр сарын дундуур зохион байгуулна. 2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээний ЕБС-иудын XII ангид 18000 гаруй сурагч суралцаж байгаа. Эдгээр суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их, дээд сургуульд бүртгүүлнэ гэсэн үг. Элсэлтийн босго оноог БСШУС-ын сайдын тушаалаар тогтоодог. Тодруулбал, их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэх үндэсний хэмжээний босго оноо 400 юм. Тиймээс дийлэнх их, дээд сургууль суралцагчдыг бүртгэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400 болон түүнээс дээш оноо авсан байх гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, олон улсын харилцааны мэргэжпээр сурах гэж байгаа суралцагч шалгалтдаа 460 оноо авсан бол энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа 2-3 их, дээд сургуульд бүртгүүлнэ. Бүртгүүлэх бүртээ дунджаар 5000- 15000 төгрөг төлдөг. Ийм байдпаар 400 болон түүнээс дээш оноо авсан 200-300, зарим тохиолдолд түүнээс ч олон суралцагч тухайн ангид бүртгүүлдэг юм. Гэтэл эцэст нь сургуулиуд 500, 600-аас дээш оноотой цөөн тооны суралцагчийг элсүүлдэг нь харамсалтай. Нэг ёсондоо оноо нь хүрч байгаа суралцагчид горьдлого тээж, мөнгө төлж бүртгүүлдэг ч үнэн хэрэгтээ сургуулиуд хэдэн оноотой, хэчнээн хүүхдийг элсүүлэхээ аль хэдийнэ шийдчихсэн байдаг. Тухайн ангид босго оноо нь хүрч байгаа дунджаар 200 сурадцагч бүртгүүлэхэд 1000 000-3 000 000 төгрөг болно. Гэтэл бүртгүүлсэн 200 суралцагчаас 20-30, хамгийн дээд тал 40-ыг авах жишээтэй. Журамдаа бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй гэж бичих нь ч бий. Их, дээд сургуульд элсэх гэж буй хүний хувьд бүртгэлд 20-30 мянган төгрөг зарцуулах нь их биш байж болох ч сургуулийнх нь хэмжээнд, олон зуун оюутнаар тооцвол ихээхэн хэмжээний мөнгө цугларч байгаа юм. Ийм байдлаар их, дээд сургуулиуд бүртгэлийн хураамжаар мөнгө “босгодог” уу.
Их, дээд сургуулиуд маш олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тухайлбал, Хүмүүнлэгийн ухааны их сургууль өнгөрсөн жил нийт долоон чиглэлийн 30 гаруй мэргэжлээр элсэлт авсан бөгөөд босго оноо 480-аас доошгүй байхыг шаардаж, бүртгэлийн хураамж нь 5000 төгрөг байв. Тэгвэл Санхүү, эдийн засгийн дээд сургууль 500-650 оноотой суралцагчийг арван чиглэлд. 15000 төгрөгөөр бүртгэсэн байна.. Элсэгчдийн хүсэлт бол тухайн их, дээд сургуулиуд элсүүлэх тоондоо тааруулж суралцагчийг бүртгэх, аль эсвэл ямар нэгэн хураамжгүй бүртгэх явдал юм. Босго оноогоо бага тавьж, суралцагчид горьдлого төрүүлэн олныг бүртгэх шаардлагагүй гэж үзэж байгаа нь зүйн хэрэг.
ЭЛСЭХ ОЮУТНЫ ТООГ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТОГТООЖ БИЗНЕС ХИЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Их, дээд сургуулиудад сайн жишиг байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сайнаасаа саар нь илүү давамгайлдаг учраас үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Сүүлийн жилүүдэд зарим их, дээд сургууль авьяастай сайн элсэгчдийг татах, дэлхийн шилдэг их сургуулийн түвшинд хүрэх, өөрсдийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч элсэлтийн бодлогодоо өөрчлөлтийг оруулж байгаа нь авууштай. Гэвч элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байгааг дээр дурдсанаас гадна олон жишээнээс харж болно. Тухайлбал, орон нутаг, хотын болон Монголын их, дээд сургуулиудын консерциум /МИДСК/, зарим их, дээд сургуулийн орон нутгийн элсэлтийн үйл ажиллагааны зөрүүтэй байдал, элсэлтийн үйл ажиллагааны үе дэх элсэгчдийн мэдээллийн ил тод байдал хангалтгүй, элсэлтийн хугацаа багаас шатгаалсан суралцагчийн оновчтой бус мэргэжил сонголт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Дээд боловсролын хуулийн өөрчлөлтийн дагуу их, дээд сургуулиудад элсэх оюутны тоог тухайн сургуулийн удирдах зөвлөл тогтоодог болсон нь тухайн жилд төгссөн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тооноос хэтэрсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй бодит бус, боловсролоор бизнес хийх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг сөрөг асуудлыг үүсгээд байна. Зарим их, дээд сургууль элсэгчдээ цахимаар бүртгэж, баталгаажуулдаг болсноор боловсролыг ялгаваралгүй, нээлттэй хүртээмжтэй зохион байгуулах боломжийг бий болгожээ. Тиймээс цаашид энэ туршлагыг улс орон даяар нэвтрүүлж бүх их, дээд сургууль нэгдсэн нэг цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй. Энэ тохиолдолд хот, орон нутаг гэсэн ялгаатай элсэлтийн үйл ажиллагаа явуулах шаардлагагүй болох бөгөөд хуваарь сонголтын давхардал, мэдээллийн ил тод бус байдал гарахгүй юм. Нэгдсэн системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа төгсөгчдөд сонголт хийх хангалттай хугацааг гаргаж өгөх боломжтой бөгөөд сурагчдын сонголт илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ.
39 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХГҮЙ БАЙХЫГ ҮҮРЭГДЖЭЭ
Дараагийн асуудал бол чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй олон их, дээд сургуулийг цэгцэлж, заримыг нь нэгтгэх явдал юм. Энэ асуудлыг одоогоос дөрөв, таван жилийн өмнө хөндсөн ч үр дүнд хүрээгүй. Учир нь, асуудлыг бүхэлд нь шийдэх бус олон нийтийг аргацаах байдалтайгаар хагас дутуу өөрчлөлт оруулаад орхисон. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа ч дийлэнх нь оюутнуудад хангалттай мэдлэг боловсрол, ур чадвар олгож чадахгүй, мөн сурах орчин нөхцөл бүрдүүлдэггүй. Магадлан итгэмжлэгдсэн гэдэг нэр томьёо бол хахуулийн халхавч гэж үзэх нь ч бий. Иймд чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлагаар огт магадлан итгэмжлэгдээгүй 14, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг салбарын сайд үүрэг болгосонд олон нийт ам сайтай байна. Энэ эрчээрээ чанаргүй их, дээд сургуулиудыг татан буулгах, заримыг нь нэгтгэх, сургалтын төлбөрийг нь эргэж харах,элсэгчдийн тоонд хязгаар тогтоох, бүртгэлийн хураамжгүй болгох зэргээр асуудлыг зохистойгоор шийдвэрлэхийг олон нийт хүлээж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|