Интернэт худалдаа цаг хэмнэдэг ч илүү зардал гаргаж болзошгүй
Үүргийн худалдаа, пүүс, мухлаг хөгжсөөр агент, ардын хоршоо, дэлгүүр, зах болсон бол одоо тэдгээрийг хоёрхон үгэнд багтаах боломж бүрдсэн. Тэр нь интернэт худалдаа. Дэлхий нийтийн 3.5 тэрбум гаруй хүн ашиглаж буй эл орчинд хүссэн бүхнээ борлуулж, худалдан авах боломжтой.
Тиймээс ч улс орнууд цахим талбараас мөнгө босгон, тэндээс төрөх баячуудын тоо өссөөр. Цахим худалдааны платформыг таниулж, хөгжүүлж, хүн төрөлхтнийг гарт баригдаж, нүдэнд харагдахгүй зах зээлд нэгтгэж чадсан хүчирхэг бизнесмэнүүд байхад, борлуулалт, зар сурталчилгааныхаа 70-80 хувийг онлайнаар гүйцэтгэн, дэргэдээ 4-5 хүн л ажиллуулж, гурван жилийн дотор компанийнхаа үнэлгээг 800 сая ам.долларт хүргэсэн залуу бүсгүй ч бий. Харин эл өргөн талбарыг бид хэрхэн ашиглаж байгаа бол.
Өнгөрсөн оны эцэст гаргасан судалгаагаар манай улсад компьютер эзэмшигчийн тоо 650 000-д хүрчээ. Бүртгэлтэй гар утас хэрэглэгч 4.2, интернэт ашиглагч 2.2 сая давав. Фэйсбүүк хэрэглэгч ч хоёр сая гаруй болжээ. Албан бусаар зах зээлийн судалгаа явуулж, маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг ECAT компанийн дүгнэснээр манай улсын интернэт худалдааны дийлэнх нь фэйсбүүк орчинд явагддаг байна.
Судалгаагаар фэйсбүүк хэрэглэгч 15-20 хүний нэг нь, жилд багадаа нэг удаа онлайнаар бараа борлуулж, эсвэл худалдан авдаг гэжээ. Энэ нь 100 000 хүн ямар нэг байдлаар үүнд оролцдог гэсэн үг. Харин цахим орчин дахь барааны чанар, үнэ, баталгаат байдалд өдөр тутам хяналт тавьдаг байгууллага үгүй гэхэд болно. Одоогоор интернэт борлуулалт, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж, хөгжүүлж буй 20 орчим платформ байгаа юм. Тэдгээрийг хариуцагчид нь дамжуулж буй барааныхаа чанарт баталгаа өгөхийг хичээдэг гэнэ.
Дээрх платформуудаар голчлон дэлхийн брэнд бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрлэгчийн барааг борлуулдаг аж. Тэнд бүтээгдэхүүнээ байршуулахыг хүсвэл үйлдвэрлэлийнхээ түүх, чанарыг баталгаажуулсан баримтаа үзүүлж, биеэр очин, гэрээ хийх хэрэгтэй юм байна.
Үйлчилгээнийх нь хөлсөнд заруулсан бараа бүрийнхээ үнийн дүнгийн 5-10 хувийг төлдөг. Үүнээс гадна хэрэглэгчид хүргэх хэлбэрээ борлуулагч тал сонгох боломжтой гэлээ. Олонд танигдан, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй онлайн талбараас бүтээгдэхүүн худалдаж авснаар иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирохоос сэргийлэх давуу талтай.
Учир нь тухайн платформыг нэвтрүүлэгчид байршуулсан барааныхаа чанарт хяналт тавин, өнгө, хэмжээг нь солих, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжийг үйлчлүүлэгчдэд олгодог байна. Харин захиалгаа буцаах, төлсөн мөнгөө эргүүлэн авах боломжгүйг дурдсан юм. Интернэт худалдааны платформ нэвтрүүлэн, хоёр жил гаруй болсон нэгэн компанийн менежер Ч.Содхүү “Бид 4-5 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол одоогоор 20 орчим хүнтэй болжээ. Энэ хугацаанд манай борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, нэр, төрөл хоёр дахин өссөн. Хандалтын тоо түүнээс ч илүүтэй нэмэгдсэн. Энэ бол худалдагч, худалдан авагч талуудын цаг, зарим зардлыг хэмнэдэг том зах зээл. Цаг хугацаа, орон зай харгалзахгүй сонголт хийх, дэлхийн аль брэнд, хэзээ, хэдэн хувиар хямдарсныг мэдэх, өвөл нь зуны, зун нь бусад улирлын хувцас, хэрэгсэл худалдан авах боломж бүрдүүлж байнга таны хажууд “явдаг дэлгүүр” бол цахим худалдаа. Үүгээр үйлчлүүлэгчийн тоо дэлхийд төдийгүй Монголд өдрөөс өдөрт нэмэгдэж буй.
Одоогоор авсан бараа, үйлчилгээндээ гомдоллосон хүн байхгүй. Манайх цахим худалдаандаа лизингийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Зургаан сарын хугацаатай, 500 000 төгрөг хүртэлх үнэтэй барааг зээлээр авч болно. Өрөө төлөхгүй “бултвал” Төвбанкны найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад орно” хэмээн ярилаа. Мөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй хамтран, цөөнгүй ажлын байр бий болгосон бөгөөд энэ талбар одоо ч “сэлүүхэн” байгаа гэв. Нийслэлд 10 кг хүртэлх ачааг 4000 төгрөгөөр хүргэдэг бол орон нутаг, уурхай, жуулчны баазуудад эл үйлчилгээг нэвтрүүлснээр илүү ашигтай ажиллах бололцоотойг тэрбээр хэллээ.
Монголын маркетингийн холбооноос гаргасан судалгаанд борлуулагч талаас хүний нөөц, ажлын байр, агуулах, зар сурталчилгааны зардлыг хэмнэн, илүү олон хүнд хүрэх боломж бүрдүүлдэг, худалдан авагч, үйлчлүүлэгч талаас цаг хугацаа, мөнгө хэмнэн, өргөн сонголт хийх боломж олгодог интернэт худалдааны бизнес ирэх таван жилд Монголд 40-50 дахин өсөх төлөвтэй гэжээ. Харин өдрөөс өдөрт өргөжиж буй эл зах зээлд хэрэглэгчийн эрх ашиг хэр зөрчигддөг бол.
Миний мэдэхээр нэгэн танил маань интернэт худалдаанаас биеийн тамирын хувцас захиалж, авсан юм. Угаалга, эдэлгээнд тэсвэртэй, сайн чанарынх хэмээн сурталчилсанд найдан, гэртээ хүргүүлсэндээ ч сэтгэл хангалуун байв. Гэтэл долоо ч хонолгүй хувцсаа угааснаар зарга эхэлж. 300 000 төгрөг зарцуулсан эд нь ганц угаалтаар будаг нь урсан, сунаж өмсөх аргагүй болчихож. Борлуулагчид нь гомдол мэдүүлбэл “Нэгэнт наймаа хийсэн тул яах ч аргагүй, угаалга цэвэрлэгээний үр дүнгээ өөрөө хариуц” хэмээн уурлажээ. Хорооныхоо цагдаад хэлтэл иргэн хоорондын маргаан тул нөлөөлж чадахгүй гэсэн байна. “Яах ч арга алга, ахиж л онлайн худалдаагаар юм авахаа больё” хэмээн бухимдаад үлдсэн юм.
Интернэтээр авсан бараандаа сэтгэл дундуур үлдсэн, хохирсон хүмүүс хэнд хандахаа мэдэхгүй, дэмий л өөр хоорондоо ярьж, цахим орчинд бухимдлаа илэрхийлээд өнгөрдөг. Энэ талаар хийж буй ажил бий, эсэх үйлчлүүлэгчдээс гомдол хэр ирдэг талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тодрууллаа. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Он гарсаар энэ төрлийн гомдол цөөнгүй ирсэн. Захиалсан барааных нь хэмжээ таараагүй, чанаргүй бүтээгдэхүүн ирүүлсэн, сольсон ч дээрдээгүй гэсэн гомдлыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу зохицуулж, үйлчлүүлэгчдийг хохиролгүй болгосон. Гэхдээ манайд цахим худалдааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тусгайлсан хууль, журам байхгүй. Бид гомдол хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй боловч цахим худалдаачдын олонх нь хувь хүн учир тэднийг нэгбүрчлэн олж, хариуцлага тооцох боломжгүй. Энэ төрлийн худалдан авалт хийхэд цаг хэмнэж, сонголт нэмэх боловч илүү зардал гаргах эрсдэлтэй. Ялангуяа хувь хүнээс бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаараарай. Шинээр боловсруулж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд холбогдох байгууллагуудтай нь хамтран, цахим худалдааг зохицуулах, интернэтээр үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт бүртгүүлэх тухай журам оруулна. Энэ жилдээ багтаан шийдэлд хүрэх болов уу” гэлээ.
Иргэд интернэтээр бараа худалдан авахдаа нэр хүндтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, интернэт худалдааны сувгуудаар үйлчлүүлбэл буух эзэн, буцах хаягтай гэдгийг ойлгохоос гадна асуудал тулгарбал ШӨХТГ-т хандаж болох нь.