Төсвийн мөнгийг өөрийн юм шиг хайрлаж, гамнахсан
Уул уурхайн салбараас хэт их хамааралтай Монгол Улсын эдийн засаг сэргэхдээ амархан. Уналтад орохдоо бүр ч амархан. Яг одоо өсөлтийнхөө үед явж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан Төрийн ордонд болсон “Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэгт оролцохдоо “Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэгэнд зүй ёсоор орсон. Өөрөөр хэлбэл, 2018 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт” гэсэн юм. УИХ-ын даргын “Монгол Улсын эдийн засаг сүүлийн найман жилд байгаагүй хэмжээгээр өссөн” гэдэг үг найман жилийн өмнө юу болж байсныг эргэн сануулав. Найман жилийн өмнө манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч рекорд тогтоож байлаа. Одоогийнхоос бараг гурав дахин их өссөн гэсэн үг. Ингэж их хэмжээгээр өссөн шалтгаан нь мөн л уул уурхайн салбарын түүхий эдийн үнэтэй холбоотой. “Тухайн үеийн тэр их өсөлтөөс монголчууд юутай үлдсэн бэ” гэсэн асуултад тодорхой хариулт бараг олдохгүй. Барилгын салбар идэвхжиж нэлээд олон айл өрх ипотекийн зээлд хамрагдсан нь л хамгийн том үзүүлэлт байх. Гэхдээ 20 жилийн хугацаанд хоёр дахин нугалж төлдөг зээлд хамрагдсаныг амжилт гэхэд хэцүү. Гэвч энэ зээлийг авч чадсаныхаа төлөө баярладаг нийгэмд бид амьдарч байна.
Манай улстөрчид найман жилийн өмнөх эдийн засгийн өсөлтөөс олсон орлогоо сонгуулийн амлалтаа биелүүлэх, дараагийнхаа сонгуульд ялалт байгуулах зорилгоор тараагаад дуусгасан. Уг нь хуримтлал үүсгэх, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт ирээдүйд илүү үр дүнтэй байдлаар тэр мөнгийг удирдсан бол сайн байх байлаа. Харамсалтай нь ингэж чадаагүй нь алдаа болсон. Алдаа болсон гэдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Харин одоо тэр алдаагаа давтахгүй байх нь чухал. Гэвч төрийн эрхийг эрх барьж буй хүмүүс өмнөх хүмүүсийнхээ алдааг давтах гээд сууж байна.
Эдийн засагт өсөлт бий болохтой зэрэгцэн улстөрчид төсвийн мөнгийг хайрлаж гамнахаа умартан бэлэн мөнгө тараах, халамжийн бодлогыг хавтгайруулах санал санаачилга гаргаж эхэлдэг. Энэ процесс яг одоо үргэлжилж байна. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллаад эхлэнгүүт хувьцаа тараах тухай ярьж эхэллээ. Уг нь одоо хувьцаа тараах бус эхлээд дэлхийн зах зээл дээр гарч илүү их ашигтай ажиллах, өөр үр ашигтай төслүүдээ санхүүжүүлэх гэх мэтэд ашгаа зарцуулах нь чухал. Иргэд ч 1072 хувьцаандаа ногдох багахан хэмжээний мөнгө авахын оронд нийгэмдээ ашигтай зүйлд зарцуулаасай гэж хүсч байгаа.
Эдийн засгийн өсөлтөөс бий болж буй төсвийн орлогыг халамж болгон хувиргах нэгэн санаачилгыг саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан. Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзэн дээрх төслөө санаачилжээ. Уг хуулийг батлан хэрэгжүүлснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний нэг сард авах тэтгэвэр 50-70 төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэхүү хуулийн төслийг батлан хэрэгжүүлбэл, тэтгэврийн зардал сард дунджаар нэг тэрбум 278 сая, жилд 15 тэрбум 336 сая төгрөгөөр нэмэгдэх нь.
Тэтгэврийн насны иргэдээ халамжлах нь монгол төрийн үүрэг ч гэлээ дөнгөж эдийн засаг сэргэж эхлэнгүүт ийм шийдвэр гаргах нь хэр зөв бэ. Халамжаас илүү хуримтлал чухал гэдгийг хатан ухаант УИХ-ын гишүүд мэдэж л баймаар. Улсын эдийн засаг сэргэж байгаа ч ирэх жилүүдэд бондын өр төлбөр нэхэгдэхээс эхлээд хуримтлалтай байх шаардлага их. Монгол Улсаа хувь хүн гэж тооцвол бусдад өглөг барьц өгөхөөсөө өмнө өрөө дарахыг чухалчлах нь ойлгомжтой. Тиймээс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс төсвийн мөнгийг өөрийн юм шиг гамнаж, удирдах нь чухал байна.
Эх сурвалж: EAGLE.MN
|