20.4 тэрбумын тусламж хаачив, Д.Ганхуяг сайд аа?
“АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж ирсэн хандив тусламжийг хүлээн авах, хуваарилахад ажлын хэсгийг ажиллуулаагүйгээс хандив, тусламжийн хөрөнгийн бүртгэл будлиантаж, зарим хандивыг бүртгэсэн эсэх нь ч тодорхойгүй байна.
Аудитын дүгнэлтээр “АСЕМ”-д зориулж ирсэн хандив, тусламжийн хөрөнгийг нарийн тооцоолж, зарцуулсан бол тэр хэмжээгээр төсвийн хөрөнгийг хэмнэх боломж байсан гэжээ.
Тухайлбал, зөвхөн БНХАУ, БНСУ-ын Олон Улсын “Койка” зэрэг байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн ирж, Сингапур, Тайланд, Бельги улсуудаас биет бус тусламжууд авч, иргэд зарим хуулийн этгээдээс гэхэд 1,8 тэрбум төгрөгийн мөнгөн болон бусад хэлбэрийн хандивыг өгсөн байх юм. Мөн БНХАУ-аас 17.9 тэрбум төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж бараа материал, БНСУ-аас 2.3 тэрбум төгрөгийн бараа хандивласан байна. Харамсалтай нь эдгээр тоног төхөөрөмж, материалыг үр ашиггүй ашигласан, бүртгэлийг будлиантуулсан учраас хэн хэрхэн зувчуулсныг харах боломжгүй нэлээдгүй баримт аудитад байна.
Тухайлбал, БНХАУ-ын тусламжаар ирсэн дуу, орчуулгын “ТАIDEN” брэндийн тоног төхөөрөмжийг Гадаад хэргийн яам хүлээж авч, үнэлээгүйгээс болж “Нью Терравокс” гэгч компани өнөө хэр өөрийн мэт ашигласаар байгаа аж. Түүнчлэн “АСЕМ”-ын гэрээт няраваар ажилласан Д.Амгалан нь ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг хувь хүн, компанид 1.1 тэрбум төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр, зочид буудлын 103 ком тавилгыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг төсвийн болон ТӨҮГ-уудад үнэ төлбөргүй шилжүүлжээ.
Өөр бусад газруудад ч хуваарилсан бараа, бүтээгдэхүүнийг бүртгэлд тусгаагүй байгаа зэрэг олон зөрчил илэрчээ. Одоогоор БНСУ-ын олон улсын “Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн тодорхойгүй байгаа тул хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа юм байх. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ бүгдийг хариуцан ажиллаж байсан буюу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга байсан Д.Ганхуяг нь шалгуулах бүү хэл БНХАУ-д Монголыг төлөөлөн сууж байна.
Улс, эх орныхоо төсөв, санхүүг хайрлах сэтгэлгүйгээр ийнхүү захиран зарцуулж, тамтаггүй өр ширэнд оруулсан нөхөр яахаараа Элчин сайд болоод дэвшин зайлсан байдаг юм. Ийм хүнээс хилийн чинад дахь иргэддээ ижий, аав, эх орныг нь орлох сэтгэл гарна гэж итгэж хүлээсээр байх уу. Харин ч яаралтай эргүүлэн татаж, ““АСЕМ”-ыг шалгадаг та нар хэн бэ” гэх нь холгүй бухимдан эгдүүцсэн Ц.Элбэгдоржтой нь хамт шалгаж, хариуцлага асуух ёстой биш үү. Хамгийн ичмээр нь, гадны улсуудаас ирсэн хандив, тусламжийг хаачуулсан нь мэдэгдэхгүй самарчихаад суугаа Д.Ганхуягт гадны улс нь итгэсээр байгаа юу…,
niigmiintoli.mn