Улаанбаатарын уугуул иргэдэд хотоо хөгжүүлэх сэтгэл байдаг уу?
Хичээл, сургууль цуглах намар цагт Улаанбаатарынхны онлайн дахь яриа ёс юм шиг орк гэсэн сэдэв рүү хальтардаг. Сэдэв ид өрнөх үед сургуулиа зорьсон оюутан, хөдөөнөөс хотод ирж суурьшсан иргэд энэ хэлэлцүүлгийн гол дүр болж орхидог.
Тэр бол орк, энэ бол хотын уугуул иргэн гэсэн ялгарварлан хандах гажиг үзлийн шуурганд гэм буруутай, буруугүй хэн ч өртчихдөг гэмтэйг нийгмийн сүлжээг өөд уруугүй ашиглагчид ерөнхийдөө гадарлах байх.
Хотын иргэд “орк”-оосоо юугаараа ялгаатай вэ?
Хот бол зам тээвэр, харилцаа холбоо, орон сууцны хороолол, газар ашиглалт, хүрээлэн буй орчинд үзүүлэх үр ашиг, ариун цэвэр, инженер, дизайны хослол. Хотын тухай дэлхий нийтийн нэгдсэн ойлголт нь энэ.
Улс орнууд хүн ам төвлөрсөн хотоо, ялангуяа хотын төвөө өдөр, шөнө ч ялгаагүй өнгө үзэмжтэй, гэрэл гэгээтэй байлгаж, жуулчдыг татаж, хөрөнгө оруулалт татахаар чимээгүй өрсөлдөцгөөдөг.
Нөгөө талдаа оршин суугчдынхаа тав тух, аюулгүй байдлыг сахин, нийтийн талбай, орон сууцны байрууд дундаа хөгшид тухлах саад цэцэрлэг, хүүхэд тоглох ногоон талбай бэлдсэн байдаг.
Харин Улаанбаатарт…
Харин Монголын нийслэл Улаанбаатарын тухайд бол орон сууцны хороолол аюултай цэг, хүүхэд хөгшдөд халтай орчин юм. Энэ тухай сэдэв хөндөгдсөн ч савангийн хөөс шиг замхардаг.
Учир нь оршин суугчид өөрсдөө орчныхоо аюулгүй байдал, амар тайван байх баталгаандаа халдаж, өөрсдөдөө дайсагнаж байгаа. Тэд хүүхэд хөгшид тухалж байх газартаа өөрсдөө халдаж, стресс дарамтгүй амьдрах боломжоо өөрсдөө алддаг.
Хэрвээ та гэртээ байгаа бол цонхоороо орон сууцныхаа үзэгдэх орчныг гүйлгээд нэг хараарай. Талбай дүүрэн таны болон хөршүүд, зэргэлдээ байрны иргэдийн машин эгнэн байршсан байгаа.
Орц руу орох явган хүний хариугүй нарийн замаар хүүхдээ хөтөлсөн ээж аавууд, сургуулиас ирж очсон хүүхдүүд алхаж, гол дунд ёс төдий босгосон нэг муухан царайтай цэцэрлэгт ганц хоёр эмээ, өвөө, хүүхдээ тэвэрсэн ээж, хэдэн тооны бага насны хүүхэд яг хэмжээд өгсөн шиг тийм жижигхэн талбайд хараа хяналттай тоглож байх вий.
Түргэн тусламж дуудахаар бол, гал гарвал яах вэ?
Ийм ерөнхий дүрслэлтэй хороолол, тэр тусмаа олон зуун айл зэрэгцэн орших орон сууцны айлуудад өдөр тутам биш ч түргэн дуудах хэрэгцээ гарна. Санаатай санамсаргүй алдсан галын дуудлага ч хааяадаа гарахыг үгүйсгэхгүй.
Гэнэтийн ийм дуудлага, цаг хугацаатай уралддаг өвчин зовлон, осол аваарын үед галын машин, түргэний тэрэг орон сууцны хороолол дундуур явах шиг хүндрэлтэй зүйл байхгүйг онцгой албаныхан хэлдэг. Ийм онцгой дуудлагыг харин орон сууцны байрууд дунд засваргүй зогсоосон машинууд хаадаг. Оршин суугчдын өөрөө өөрсдөдөө тээг учруулдаг том аюул яг энд л нуугддаг.
Гэвч хөдөөгийн иргэдийг орк хэмээн тохуурхаж суудаг хотынхон үүнийгээ олж харахыг ч хүсдэггүй. Харин ч эсрэгээр машинаа орцныхоо үүдэнд тавьчихаад хот төлөвлөлтийн дагуу баригдах ёстой барилгуудад саад учруулж, төрийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг уландаа гишгэж байна.
Улаанбаатарын уугуул иргэдэд хотоо хөгжүүлэх сэтгэл байдаг уу?
Яг ийм жишээ Улаанбаатарын төв хэсэг 40, 50 мянгатад давтагдаад 15 жил болжээ. Их дэлгүүрээс чанх урагш Цирк рүү явах замын зүүн талын дөрвөн давхар орон сууцны барилгын бөөрөнд жижигхэн гэр баригдсан байгаа.
ХААН банкны салбар, баар ажиллаж байсан энэ байрны зоорийн давхарт одоо япон барааны дэлгүүр байрлаж байгаа. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Угтаа бол Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгантын 44, 45 -р байр мөн 60, 68-р байрыг холбон хот төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан, УМХГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, барилга босох ёстой.
Гэвч хотын төвийн оршин суугчид эсэргүүцсээр хотын хөгжлийн 15 жил царцаачихаад байгаа нь энэ. Улаанбаатарын уугуул хорооллын иргэд хэмээн бахархдаг тэдэнд хотын хөгжлийг бодох, хот төлөвлөлтийг дэмжиж, хотоо, хорооллоо хөгжөөсэй гэсэн бодол байдаггүй нь гайхмаар.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хотын захиргаа, шүүх, цагдаа, МХЕГ, Онцгой байдлын ерөнхий газар гээд төрийн захиргааны бүхий л байгууллагууд эндхийн оршин суугчидтай ойлголцох гээд чадаагүй.
Орон сууцаа тойруулан тавьсан машинууд хамгийн том саад
Орк гэсэн үгэнд жигтэйхэн дургүй хэрнээ энэ хавийн иргэдээс таатай авир гардаггүй гэнэ. Оршин суугчдын түрэмгий авир, ёс бус харьцаанаас энэ байгууллагуудын төриин албан хаагчид хүртэл эмээхдээ тулсан байна.
Ийнхүү жижиг газарт барих байшин улстөржилтийн сэдэв болж, төрийн албан хаагчид нь эмээж, төр нь хүчгүйдсэн учраас хотын төв халтайгаад 15 жил болж байгаа хэрэг.
Иргэд эсэргүүцэл үзүүлж буй шалтгаанаа байрны айлуудын цонх хаагдана бас гал гарахад орж гарах гарцгүй болно гэдгээр тайлбарлаж байгаа юм билээ.
Айлуудын бүх цонх биш, ганц нэг цонх хаагдах учраас цөөн тооны тэр айлууд барилгын зөвшөөрөл авсан компаниудтай зөвшилцөөд тус бүртээ багагүй хэмжээний нөхөн олговор, мөнгө ч авч байсан гэдэг.
Одоо бол тэд галын машин орохгүй байна гэцгээж байгаа. Гэхдээ тэд байрныхаа эргэн тойронд битүү байршуулсан машинаа олж харахыг хүсэхгүй байгаа бололтой.
Хот цаг үеэ даган хөгжих ёстой. Харин хотын уугуул иргэдийн орон сууц гэгддэг 40, 50 мянгатынханд хотоо гэсэн сэтгэлгүй байдаггүй бололтой. Тийм бишсэн бол тэд энэ тал дээр бусдыг харин ч манлайлж байх ёстой биш үү?
Өнгө үзэмжгүй, хэв загвар нь янз бүрийн өргөтгөлүүдийг нэгдүгээр давхрын айл бүхэн зөвшөөрөлгүй, хууль зөрчин барьж, орон сууцны тоог багасгаж, хуучны барилгад ан цав үүсгэж байгаа нь хэний буруу вэ?
Цаашлаад зориулалтыг нь өөрчилсөн хоолны газрын үнэр, тос, шугамын бөглөрөлт энэ бүхэн хэний буруу байж таарах уу. Ингээд өөрсдөө буруутаад ирэхийн цагт төр засаг руу буруугаа тохож улс төржин шийдвэрлэсэн ажлын эсрэг үйлдлүүд гарч ирдэг нь хотын соёл, нийслэлийн соёл биш баймаар.
Гадны том хотуудын арктай орон сууцууд…
Белгийн нийслэл Брюссель хот
Германы нийслэл Берлин хот
Улаанбаатарын төв 40, 50 мянгат