“Улсын их дэлгүүр” ХК-ийн ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ-II
...Хэдүүлээ маш энгийн тоо бодъё. Нэгэн амраг хос байр худалдаж авчээ. Энэ байрны 60 хувийг найз залуу нь, 40 хувийг найз охин нь эзэмшихээр болж. Ингээд тэд байраа түрээсэлж, орлогыг нь 60:40 харьцаагаар хувааж авахаар болсон байна. Гэтэл мань залуу найз охиныхоо гэнэн занг ашиглаж, өөрийн төрсөн дүүдээ байраа сарын 10 мянган төгрөгөөр түрээслэхээр боллоо гэж итгүүлэв.
Харин дүү нь өөр нэг хүнд байрыг нь 300 мянган төгрөгөөр түрээсэлж, орлогыг нь ахтайгаа хувааж авдаг болжээ. Хууртагдсан хөөрхий охинд 4,000 төгрөг очих ёстой ч цэвэрлэгээний зардалд зарцуулна гээд мань залуу дундаас нь булаагаад авчихдаг байна. Ингээд охин юу ч үгүй хоцорч, бүх мөнгийг нь ах, дүү хоёр завших болов. Энэ бол “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээ дээрэмддэг арга. Нэг ёсондоо найз залуу нь “Улсын их дэлгүүр” ХК, дүү нь “Номин реалтор”, найз охин нь жижиг хувьцаа эзэмшигчид гэж ойлгож болно.
Ичих ч үгүй “Бид 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан” гэж хэлээд сууж байгаа “Улсын их дэлгүүр” ХК-ийн ашгийг хар ухаанаар тооцъё. Бид тус дэлгүүрийн нэгэн түрээслэгч рүү утас цохилоо.
-Улсын их дэлгүүрийн талбайн түрээс хэд вэ. Энэ жил түрээсийн зардал нь нэмэгдсэн гэсэн үнэн үү?
-Түрээсийн зардал хоёр давхрынх 30 хувь, зургаан давхрынх 18 хувь нэмэгдсэн. Дээрээс нь бидний борлуулалтын орлогоос хувь тооцож авдаг. Хоёр давхар нь 105 мянга, зургаан давхар нь 70 мянга болсон. Гэхдээ орлогын хувиар тооцохоор эдгээр зардал замбараагүй өсдөг.
-Тэгээд хэд болох вэ?
-Жишээлбэл, манайх өндөр борлуулалт хийсэн учраас өнгөрсөн сард түрээсэндээ 300 мянган төгрөг төлсөн гэж хариуллаа.
Ингээд тооцоод үзэхээр Хонг Конг Улсаас үнэтэй хөрөнгө оруулалт татаж, тансаг зэрэглэлийн зориулалтаар боссон “Шангри Ла” түрээсэндээ 60 мянган төгрөг авч байхад социализмын үед баригдсан Улсын их дэлгүүрийн түрээсийн орлого, борлуулалтын орлоготойгоо нийлээд дунджаар 300 мянган төгрөгийг түрээслэгч нараасаа авч байх жишээтэй. Энэ 300 мянган төгрөгийн ядаж 100 мянга нь жижиг хувьцаа эзэмшигчдэд очих ёстой байтал бараа сураг нь харагдахгүй олон жилийн нүүр үзэв. Тодруулбал, “Улсын их дэлгүүр” ХК “Жил бүр ашиггүй ажиллаж, алдагдал хүлээдэг. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх боломжгүй” гэдгээ зарладаг. Түүхэндээ хоёрхон удаа ногдол ашиг тарааж байсан нь 50 мөнгө, нөгөөх нь нэг төгрөгөөр хэмжигдэнэ.
Д.АНГАР: СЗХ-ЫН ДАРГА С.ДАВААСҮРЭНГ “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР АТГ-Т ШАЛГУУЛНА
Бид “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, хөрөнгийн зах зээл шинжээч Д.Ангартай уулзаж, дээрх асуудлын хүрээнд ярилцлаа.
-Та хэзээ “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч болсон бэ. Өгөөж хүртэж байв уу?
-Миний хувьд “Улсын их дэлгүүр” ХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч. Өмнөх хувьцаа эзэмшигчдийн түүхийг сонсоход ичмээр л зүйл ярьдаг юм билээ. 50 мөнгө болон нэг төгрөгийн ногдол ашиг тарааж байсан удаа бий. Одоо тэгээд нэг төгрөгийн ногдол ашиг авахын тулд 5,000 төгрөгөөр таксидаж очоод 10,000 төгрөгийн ажлаа алдах гээд байна шүү дээ. “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьд ашигтай ажилласан жил байдаггүй.
Гэхдээ тоон үзүүлэлт талаас нь авч үзвэл Монголын хамгийн зөв бүтэцтэй компани. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь 60 хувь, жижиг хувьцаа эзэмшигчид нь 40 хувийг нь эзэмшдэг. 40 хувь дотор 40 мянга гаруй иргэн багтана. Энэ бол бага тоо биш. Бүтэц талаас нь аваад үзвэл, Эрдэнэт хотын ихэнх иргэд “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигч юм билээ. 1990-ээд онд Монголын хамгийн гоё дэлгүүр байлаа шүү дээ.
Хөдөөнөөс болон гадаадаас ирсэн хүн болгон энэ дэлгүүрээр заавал ордог байсан. Тэр өнцгөөс хүмүүс хараад ягаан, цэнхэр тасалбараа “Улсын их дэлгүүр” ХК-д шилжүүлсэн юм билээ. Өнөөдөр Улсын их дэлгүүрийн түрээс нь маш өндөр. Хоосон талбай гэж байдаггүй. Хотын төв цэгт байрладаг. Миний хувьд хэдэн жилийн өмнөөс Улсын их дэлгүүрийн хувьцааг авч эхэлсэн.
-Яагаад ногдол ашиг тараадаггүй, алдагдалтай ажилладаг компанийн хувьцааг аваад байгаа юм бэ. Харин ч зарах ёстой юм биш үү?
-Ногдол ашиг тараахгүй, алдагдалтай ажиллаж байгаа нь зүгээр нэг төртэй нийлсэн жижиг луйвар гэж би харж байгаа. Одоогийн Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн гэдэг хүн дөнгөж дарга болж ирээд “Улсын их дэлгүүр” ХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулсан. С.Даваасүрэнгийн үед “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа өснө гэж байхгүй.
Харин С.Даваасүрэнгийн дараа асуудлыг зөвөөр хардаг, зах зээлээ хөгжүүлэх сэтгэлтэй, буруу зүйлийг засах зоригтой хүн ирнэ гэж итгэсэн учраас “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааг худалдаж авсаар байгаа. Авах авахдаа нэлээд их хэмжээгээр авсан. Би бусад хүнд “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааг ав гэдэг зөвлөгөөг өгдөг. Ер нь бол Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийж чадахгүй байгаагаас өнөөдрийн энэ асуудал үүсээд байгаа юм.
Хэрвээ аливаа зүйлийг засаж, залруулахын төлөө ажиллаж чаддаг дарга ирээд энэ бүх зүйлийг эергээр өөрчилбөл, “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа хэд дахин өснө. Яагаад гэхээр үнэлгээг нь томоор харж байгаа юм. Зарим бизнес эрсдэлтэй. Нэг үе ашиг орлого нь өсөлттэй байж байгаад унадаг, эсвэл хүмүүсийн сонирхлыг татахгүйгээр борлуулалт нь буурдаг ч юм уу асуудал зарим компанид гардаг.
Гэтэл “Улсын их дэлгүүр” ХК дараагийн 50-100 жилд тогтчихсон бизнес юм. Хотын хамгийн төв цэгт байрлалтай үл хөдлөх хөрөнгө гэдэг бол хамгийн ашигтай, найдвартай хөрөнгө оруулалт байдаг. “Улсын их дэлгүүр” ХК-ийн үнэлгээ буурахгүй, эрсдэлд орохгүй. Хуучин барилга нь элэгдэж, муудлаа гэхэд газар нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх юм. Өнөөдрийн “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа 500 төгрөг байна. Нийт хувьцааных нь тоог бодохоор 18 тэрбум төгрөг болж байгаа юм.
-Хэрвээ энэ хууль бус байдал засагдахгүй бол яах вэ?
-Засагдана гэж найдаж байгаа. Арай ч дээ, төр нь цэвэрших байх. Ерөнхий сайд хүртэл “Хулгайч луйварчин төртэй болчихлоо. Би эд нарыг зайлуулна. 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь болно” гэх мэтээр асуудал ярьж байна. Том зургаар нь аваад үзвэл манай төрийн алба, нийгэм тодорхой хэмжээгээр цэвэрлэгдээд л байгаа. Дандаа С.Даваасүрэн шиг хүн ирэхгүй байлгүй дээ. Хувьцаа эзэмшигчдэдээ хэлэхэд яарч 500 төгрөгөөр зараад хэрэггүй. Хувьцаагаа байлгаж байгаарай, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийгээд эхэлсэн цагт наад хувьцаа чинь хэдэн мянган хувиар өснө гэж зөвлөмөөр байна.
-“Улсын их дэлгүүр” ХК-ийн луйврыг засаж, залруулах эрх зүйн орчин нь хангалттай юу. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс компанийн дотоод асуудалд оролцох эрхгүй. Тиймээс энхийн замаар тайвнаар асуудлыг шийднэ. Шалгаж байгаа гэсэн хариулт өгөөд байгаа?
-”Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 21.2. Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага нь хуулиар жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Өөр ямар ч эрх байхгүй.
Том хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө ТУЗ, гүйцэтгэх захирлаа томилдог. Өөрсдөө гэрээгээ байгуулна. Ногдол ашиг тараах уу, үгүй юү гэдгээ бүгдийг нь шийддэг. Тиймээс тэд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Яагаад Санхүүгийн зохицуулах хороог байгуулж, тэр олон хүнийг татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинжуулаад байна вэ гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдээ харж, хамгаал л гэж тэр шүү дээ. Энэ хуулийн үүргээ биелүүлэхгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт руу ороход энэ, тэр улсад туршлага судалж байна гэж гадаад, дотоодгүй тэнэсэн л хүмүүс байна лээ.
-Эвлэрлийн гэрээ байгуулснаар асуудлыг шийдэхгүй байгаа нь үнэн л дээ. Гэхдээ С.Даваасүрэн гэх хувь хүн рүү хандаж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Эвлэрлийн гэрээтэй холбоотой ноцтой асуудал яригдана. Тэр юу вэ гэхээр 2016 онд “Улсын их дэлгүүр” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд өгсөн талаарх мэдэгдлийг тэр даруйдаа цахим хуудастаа олон нийтэд нээлттэй тавьсан байдаг. Тэр мэдэгдэл гарсан даруйд маш олон хөрөнгө оруулагчийн итгэл сэргэсэн. Хувьцааны үнэ огцом өсөж байсан.
Тухайн үед хувьцаа эзэмшигчид юу гэж бодсон гэхээр ”Энэ асуудлыг шүүх авч хэлэлцээд олон жил ногдол ашиг авч чадаагүй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах юм байна” гэсэн хүлээлттэй байсан. Хувьцааны үнэ хүлээлт дээр тогтдог. Гэтэл яг үнэндээ “Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Улсын их дэлгүүр” ХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, өмнөх даргынхаа гомдлыг шүүхээс татсан” гэдэг мэдээллийг албан бусаар мэдсэн.
Өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны вэб сайт дээр энэ талаарх нэг ч мэдээлэл тавигдаагүй. Энэ нь “Хувьцааны үнэд нөлөөлөх мэдээллийг олон нийтээс нуусан” гэдгээр эрүүгийн хэрэг үүсэхээр асуудал. Үүнийг нь жирийн хувьцаа эзэмшигчид мэдээгүй учраас “Улсын их дэлгүүр” ХК-ийн асуудлыг шүүх шийдсэнээр хувьцааны үнэ өснө” гэсэн хүлээлттэй байгаад байсан.
Мэдээж Монгол жижиг учраас С.Даваасүрэнгийн ойр орчны хүмүүс, Санхүүгийн зохицуулах хорооны зарим ажилчид шүүхээс гомдлоо татсаныг нь мэднэ биз дээ. Тэгээд жижиг хүрээлэлд цацагдсан мэдээллийг авсан хүмүүс хувьцаагаа аажмаар зарсан байгаа юм. Гэтэл жирийн хувьцаа эзэмшигчид, над шиг хөрөнгийн зах зээлийн шинжээчдэд “Шүүхээс асуудлыг шийднэ” гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл гаргаагүй. Энэ нь эцсийн дүндээ “Хувьцааны үнэ ханшид нөлөөлөх мэдээллийг олон нийтээс нуусан, дотоод мэдээллээ ашиглаж арилжаанд орсон гэдэг” үндэслэл үүсэж байгаа юм.
Нэг ёсондоо хөрөнгийн зах зээлийг урвуулан ашиглах бодит жишээ. Би өөрөө бизнес эрхлэгч хүн. Тиймээс би “Номин” гэдэг компанитай асуудал ярихгүй. Харин үүнийг засаж, залруулах ёстой хуулийн үүрэг хүлээсэн, татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчидтай энэ асуудлыг ярина. Тиймээс би Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг тодорхойгүй үндэслэлээр шүүхээс гомдлоо татсанаа өнөөдрийг хүртэл олон нийтэд танилцуулаагүй гэдгээр нь АТГ-т шалгуулна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|