Дэлхий нийтээр түргэн хоолноос татгалзаж байхад Монголчууд дурлах боллоо

2019 оны 2 сарын 18

Дэлхийн олон оронд сүлжээ дэлгүүртэй түргэн хоолны “KFC” сүүлийн үед хэл амнаас салахгүй байгаа. Учир нь хурдан шуурхай гээд байсан түргэн хоол нь хүний биед хортой болох нь илэрсэн явдал юм. Саяхан гэхэд АНУ-ын иргэн тус хоолны газрын байнгын үйлчлүүлэгч эмэгтэй хэт таргалалтын гол бурууг тэдэнд өгсөн. Нэлээн удаан шүүхээр явсны эцэст тус газар буруутай болох нь тогтоогдож мөнгөн төлбөр төлөхөөр болсон юм. Ер нь АНУ-д сүүлийн 30 жилийн хугацаанд хүн амын дунд хэт таргалалт газар авснаас зүрх судас, хавдарын өвчлөл ихэсч байна хэмээн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн нь мэдэгдээд байгаа. Тиймээс хүний биед ороод задардаггүй хуурсан шарсан төмс, бэлэн хавчуурган талх, хагас боловсруулсан түргэн хоолноос аль болох татгалзахыг ард иргэдэдээ уриалаад байгаа.
Тиймээс л дэлхий нийтээрээ түргэн хоолноос татгалзахыг уриалсаар байхад бид улам ихээр донтох болсон нь эмгэнэл. Манай урд хөршид ч өсвөр насныхан таргалж байгааг эрүүл мэндийн байгууллагынхан анхааран судалж үзсэнээр “KFC” газраар үйлчлүүлдэг хүүхдүүд ихэвчлэн хэт таргалалт өвчтэй болж байна гэж үзжээ. Иймд мөн л түргэн хоолоос аль болох татгалзахыг уриалаад байгаа юм. Ер нь аль ч улсад түргэн хоол нь хамгийн хямдхан хоол байдаг. Тиймээс орлого багатай, хараар ажиллаж амьдардаг хүмүүс иддэг аж. Гэтэл манайд түргэн хоолны газар эсрэгээрээ үнэтэй хоолтой, үйлчилгээ муутайд тооцогдоно. Өнөөдөр Монголд нийт 50 гаруй түргэн хоолны газар байдаг. Эдгээр газруудад түрүүвч зузаантай, ходоодоо баярлуулах дуртэй хүмүүс орж, үйлчлүүлдэг. 
Өдөр бүр л зурагтаар хуурсан шарсан ийм амттай, үнэртэй, сайхан хоол байна. Бушуу ирээрэй. Таныг алтан цагыг үрэхгүй. Учир нь бэлэн бүтээгдэхүүн учраас цаг алдаж та хүлээх шаардлагагүй хэмээн сурталчилж өгнө. Хүний анхаарлыг өөрийн эрхгүй татах сурталчилгааг нь хараад “За цалингаа буухаар хэдэн хүүхдэдээ сайхан хоол авч өгье. Энэ газар зүгээр юм байна” гээд ямар түргэн хоолны газар билээ гээд л хаяг утсыг нь тогтоож аваад цалин буусан өдрөө хэдэн хүүхэдээ дагуулан очино. Уг чанартаа түргэн хоолны газрын түргэн хоол нь хагас боловсруулсан, өмнө нь хийж бэлтгэсэн халаагаад л болдог бэлэн хоол, шарсан төмс, бялуу гээд олон нэр төрлийн хоолыг санал болгоно. Эдгээр бэлэн хоол бүгд л хүнийг таргалуулах холестрин ихтэй бүтээгдэхүүн.
Бид түргэн гээд сайхан өнгө алагласан хоолыг авч идээд л байдаг гэтэл бие организмд ямар хувирал явж байгааг мэдэхгүй. Хүйтэн хоол идлээ гэхэд гэдэс ходоод өвднө. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь жин нэмнэ. Өөрөө сайн дураараа очиж ходоодоо баярлуулсан ч гэлээ хүний биед хор нөлөөгүй хоол хийхээ түргэн хоолны газрууд мэддэг баймаар. 
Гадаадын улс оронд хамгийн хямдхан хоолыг Монголд түргэн гоё амттай хэмээн өндөр үнээр зарж хүмүүсийн эрүүл мэндээр тоглож, хөлжиж байгааг анзаарах эрүүл мэндийн байгууллага байна уу. Яахав үйл ажиллагаанд хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа ч хүн амын дунд нэмэгдсээр байгаа хэт таргалалт өвчтэй хожим яаж ЭМЯ тэмцэх юм бол. Хэдэн жилийн дараа гэхэд иргэд нь хэт таргалсанаас зүрх судасны өвчлөл нэмэгдэн бас л нэг шийдэхэд төвөгтэй асуудал нэмэгдэх юм биш байгаа.
Хоол гэдэг хүний ходоодоор орж гэдэс цатгалан мэдрэмж төрүүлэхээсээ гадна бие организмд хэрэгтэй амин дэм, эрдэс баялгийг өгч байх ёстой. Энэ талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төвөөс лавлахад “Сүүлийн үед хэт таргалалт манай улсад ихэсч байгаа. Таргалалтын гол шалтгаан нь хайрсан хуурсан хоол, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, бэлэн түргэн хоол. Тиймээс таргалсан хүмүүст туслах тураах төв, эм тан, тос, цай ч их байх болжээ. 
Гэхдээ зүгээр сууж байгаад өөх хуримтлуулсан юм чинь идэвхитэй хөдөлгөөнөөр турж болно. Хүмүүс тураах цай уучихаар л юу юугүй гоолиг болчих юм шиг санадаг. Иймд ямар ч хүн ходоодондоо захирагдах биш, ходоодоо захирч сурах ёстой юм” гэлээ. 
Ямартай ч түргэн хоолны газрын бэлэн хоол хүнд таргалалт гэх өвчнийг бэлэглэдэг гэдгийг дэлхийн олон улсын анагаах ухааныхан нотлоод анхааруулсаар байна. Дэлхий дээр олон мянган хүн таргалалт өвчнөөс ангижирч чадахгүй шаналж байгаагийн шалтгаан нь ердөө л энэ хагас боловсруулсан түргэн хоолны амт чанаргүй бэлэн бүтээгдэхүүн шүү дээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600315
0 эможи

keyboard_arrow_up