Ч.Бямбажаргал:Өнөөдөр хүн бүрийн олзын үүд нээгдэж, туяаран гэрэлтэх онцгой сайхан өдөр тохиож байна
Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр Гандантэгчилэн хийдэд сүсэгтэн олон их байна. Сүсэгтэн олныг нэгдсэн зохион байгуулалтад оруулан ном бичүүлэх, унших дарааллийг цагдаагийн алба хаагч, хийдийн зохицуулагч нар гарч ажиллаж байна. Хамгийн их оочир, дугаартай байгаа нь алтан ганцуур, арц хүч авах дээр иргэд ихээр оочир үүсгэж байгаа юм байна.
Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны лам Ч.Бямбажаргал:
Жилийн өнгийг үхэр, үхэр хариулагчаар шинждэг гахай жилийн өнгийг үхрээр шинжихэд хөх эвэртэй, хөх нуруутай шар ногоон гэдэстэй, сүүлээ зүүн тал руугаа шарвасан байдалтай байсан. Үхэр хариулаач нь цагаан царайтай, настайвтар хүн баруун гутлаа бүсэндээ хавчуулсан үхрийнхээ хажууд явж байгаа зураглал гарсан. Энэ нь ямар учиртай гэвэл 2019 оны жилийн эхээр ширүүн салхитай, дунд үеэр бол бороотой, хааяа мөндөр буух магадлалтай. Ард иргэдийг үхэр хариулагчаар шинжиж үзвэл өтгөс өвгөдөд амар амгалан, залууст хатуу, нялхаст бүр хатуу гэсэн өнгө харагдаж байна. Энэхүү зурхайг хүн болгон дээр авч үзэхэд бас хэцүү яагаад гэвэл хүн өөрөө л зөв сайхан явж чадвал тэр бүр хорлол ирдэггүй.
Сарны тооллоор хүн бүрийн зурхай хувь төөрөг өөр тухайн жилдаа туулай жилтэй, гахай жилтэй хүний ерөнхий зурлага гарахаас биш хүн бүрийнх адил гэсэн үг огт биш.Хүн өөртөө буруу үйл хийж нүгэл хилэнц хураасан хүмүүс бол жаахан өвдөх, хийморь доройтох гэсэн сөрөг үр дагаврууд гарч болзошгүй. Бусдад сайн үйлс, ажил хийж байгаа тэр нь хүмүүст тустай үр өгөөжтэй буянаа өгнө.
Шинийн 1-ээс 15-ны өдрүүдэд бурханы шашныг дэлгэрүүлэн буян ном хураахад хэд дахин аривждаг гэж үздэг учраас энэ өдөртөө багтаад заслаа хийлгэх хэрэгтэй.