Хөдөлмөрийн насныхны 79 хувь нь Монголд амьдрах хүсэлгүй

2019 оны 2 сарын 12

Arslan.mn

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 543 ХҮН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАТААС ГАРЧЭЭ

Гадаад хэргийн яамны Консулын газрын мэдээлснээр өдгөө дэлхийн 75 улсад Монголын 144 мянган иргэн амьдарч байна. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй иргэдийн судалгаа гэдгийг сануулах нь илүүц байх. Харин албан ёсны зөвшөөрөлгүй буюу “хараар” ажиллаж буй хүний тоог нэмбэл 200 мянгаас хол давна. Бараг Монголын 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үзсэн гэсэн үг.

Хамгийн эмгэнэлтэй нь Монголдоо үлдсэн 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээн хариулжээ. Тэдний хувьд явах боломжгүйдээ л Монголд хорогдоод байгаа хэрэг. Хэрэв боломж нь олдоод виз нь гарчихвал бөөндөө нутгаа орхиод явахад бэлэн гэсэн үг. Харамсалтай хэдий ч өнөөгийн бидний бодит байдал ийм л байна.

Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тэрхүү тайланд дурдагдсан зарим тоо баримт төрсөн нутгаа харь орноор солих хүсэлтэй хүний тоо нэмэгдсээр байгааг давхар батлав. Тодруулбал, төрийн тэргүүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 543 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.

Бусад хүсэлтийг судалж байгаа гэнэ. Тэгэхээр бүр ч олон хүн эх орноосоо татгалзаж, өөр улсын иргэн болох хүсэлт гаргасан байж таарах нь. 500 гэдэг тоо бага мэт санагдаж магадгүй. Гэхдээ улсынхаа иргэншлээс татгалзах хүний тоо жил ирэх тусам эрс нэмэгдсээр байгааг ингээд харц, дээдэсгүй таг дуугүй өнгөрүүлсээр байх уу.

Өдгөөгөөс тавхан жилийн өмнө иргэншлээ солиулсан хүн ердөө 85 байсныг энд сануулья. Харин 2015 онд 129, 2016 онд 307 гэх мэт нэмэгдсээр 543 гэх тоонд хүрчээ. Энэ үзүүлэлт цаашид улам нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир нь энэ улсад амьдрахад улам бэрх болсоор буйг бид өдөр тутамдаа мэдэрч байна.

Монголд үлд гэж хүчлэх нь үхлийн ял оноож буй мэт сонсогдох боллоо

Иргэншлээсээ татгалзсан хүний тоо жилд хагас мянгаар хэмжигдэж байгаа бол иргэншил нь хэвээр хэрнээ харь улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо бүр талийж өгсөн. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2007 онд гадаадад зорчсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 990 мянга байсан бол 2017 онд 2.4 сая болж өсчээ.

Манайхан ажил болон хувийн шугамаар гадаадад их зорчдог болсон нь үүнд нөлөөлсөн байх. Нөгөө талаар, харь улсад ажиллаж, амьдрах, сурах хүний тоо нэмэгдсээр байгаа нь үүнд нөлөөлсөн гэдэг нь эргэлзээгүй.

Консулын газрын хийсэн судалгаанд анхаарлаа дахин хандуулъя. Гадагш явах хүсэлтэй гэж хариулсан 79 хувийн ихэнх нь “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн байна. Цалингаас цалингийн хооронд үлгэн салган амьдарч, авдаг хэд нь амьдралд хүрэлцдэггүй нийтлэг зовлон энэ бүхний үндэс гэдэг нь эндээс харагдана.

Мөн “Боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудал бухимдал төрүүлдэг”, “Хүрээлэн буй орчны бохирдол”, “Амьдрал одоогийнхоос илүү сайжирна гэсэн итгэл төрөхгүй байна” гэсэн хариултууд голлон зонхилжээ. Монголын өнөөгийн байдал ямар байгааг, хүмүүс яагаад улсаасаа гарч явахыг хүсээд байгааг ганц энэхүү судалгаанаас харчихаж болно.

Ажиллаад байгаа атлаа авдаг цалин нь амьдрахад хүрэлцдэггүй, эмнэлэгт үзүүлэх гэж үүрийн дөрвөн цагт очиж дугаарладаг, агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч, балчир үрс нь хэдэн мянгаараа эмнэлэг бараадсан ийм өрөвдөлтэй улсад хэн амьдрахыг хүсэх юм бэ. Төрийн эрхэнд байгаа хүмүүс нь улсаа хөгжүүлэх бодлого ярихын оронд эрх мэдэл, албан тушаал булаалдан зодолдож байхад энэ улс өөдлөн дэвжинэ гэж хэн итгэх билээ.

Үнэнийг хэлэхэд иргэншлээсээ татгалзаж буй, өөр улсад ажиллаж, амьдарч буй, улсаасаа явахыг хүсдэг гэж хариулсан хэн бүхнийг буруутгах аргагүй. Алхам тутамд нь аюул нүүрлэсэн, амьдралын баталгаа огт байхгүй, уур бухимдал дүүрсэн, хорт утаанд утуулсан, авлигад идэгдсэн энэ улсад заавал амьдар гэж хэн нэгнийг хүчилж болно гэж үү. Ингэж хүчлэх нь бараг л үхлийн ял оноож буй мэт сонсогдох боллоо.

Улс нэгэнт иргэдээ тэжээж чадахгүй, хангалттай цалинтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж хүчрэхгүй, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлэхгүй байгаа болохоор ядаж гадагш чөлөөтэй гарах үүд хаалгыг нь нээгээд өгчихмөөр юм. Тэднийг заавал Монголд үлд гэж албадаж болохгүй биз дээ.

Нийтлэлтэй холбоотой өөр статистикт анхаарлаа хандуулъя. Гадаадад амьдарч буй иргэдийн дийлэнх нь эрчүүд байгаа. Энэ талаарх албан ёсны тоо баримт байдаггүй ч 60-70 орчим хувь нь эрэгтэйчүүд гэсэн багцаа бий.

• Хөдөлмөрийн насны залуусаа харь орон руу бөөнөөр нь явуулчихаад Солонгос, Хятад, Вьетнамаас эрэгтэй ажилчдыг хэдэн мянгаар нь авч буй улс Монголоос өөр байдаг болов уу.
• 2018 оны зургадугаар сарын байдлаар Монголд 92 орны 9600 орчим гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буйн 93.1 хувь нь эрчүүд.
• Гадагш явах хүсэлтэй гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” хэмээн хариулжээ.

Гэтэл зөрөөд Монголд ажиллахаар ирж буй харийнхны дийлэнх нь эрчүүд байна. 2018 оны зургадугаар сарын байдлаар Монголд 92 орны 9600 орчим гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буйн 93.1 хувь нь эрчүүд байгаа аж. Хөдөлмөрийн насны залуусаа харь орон руу бөөнөөр нь явуулчихаад Солонгос, Хятад, Вьетнамаас эрэгтэй ажилчдыг хэдэн мянгаар нь авч буй улс Монголоос өөр байдаг болов уу.

Бүсгүйчүүдээ харийнхантай дэр нэгтгэ гэж буйгаас өөрцгүй байгаа биз. Энэ янзаараа бол ажлын чадваргүй хэдэн хүүхэд, хөгшид бууриа сахин үлдэж, гадагш явсан эрчүүдийнх нь оронд харь орны харчууд бөөндөө орж ирээд хоймор эзлээд суучих нь. Угаас иймэрхүү дүр зураг эхнээсээ харагдах боллоо. Харин улс нь эзгүйрч үлдсэн эмгэнэлтэй тэр цагт их хуралд суусан хэдэн цэцэрхэгчид юу гэж ярьж өөрсдийгөө өмгөөлөх бол?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600114
0 эможи

keyboard_arrow_up