Гар цайлгахын зовлон
Үндэсний уламжлалт Цагаан сарын баяр болоход цөөхөн хоног үлджээ. Монголын 10 өрх тутмын 9 нь сар шинийн баярыг тэмдэглэдэг бөгөөд эдгээр өрхүүд баярын бэлтгэлээ базааж эхэлсэн биз.
Наяас дээш, наймаас доош насныханд хувь хүртээнэ гэдэг эртний ёс нь эцэг, эх нь үр хүүхдүүддээ, ах дүүс хоорондоо хувь өгч авалцдаг, ерөнхийдөө гар цайлгах гэсэн утгатай байсан зүйл гэдгийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам тайлбарласан байдаг. “1207 онд цагаан сарын шинээр Чингис хаан барс цагт дээшилж өндөр мандалд гараад “Миний харьяат 892 хот, балгадын сангаас шар алт, бөс торгомсог гаргаж 60 настанд нэгэн хувь, 70 настанд хоёр хувь, 80 настанд гурван хувь, 90 настанд дөрвөн хувь, 100 настанд таван хувийн хишиг хүртээ. 110 настанг надад бараалхуул, 120 настанг таяг тулуулж, 120-оос дээш настанг тэргээр залан ирж надад бараалхуулж хишиг өглөг хүртээ. 120- оос дээш настанд “Их өтгөс” гэсэн цол өргөнө гэж. Эндээс харахад цагаан сараар ахмад настныг ихэд хүндлэн залж, бэлэг сэлт өгдөг байжээ” гэдгийг тэрээр нэгэн ярилцагадаа дурдсан нь бий.
Нууц товчооноос эхлэн судлахад бэлэг гэдэг үг байхгүй, хувь гэдэг үг нь байсан тухай, Хувь гэдэг нь өөрийнхөө төрсөн үр хүүхэд, ахан дүүс хоорондоо өмч хөрөнгөөсөө өгдөг зүйл, харин түүнээс гадуурх хүмүүст өгдөг юм нь бэлэг буюу ихэвчлэн харь гаралтай эд барааны зүйл байжээ гэж МУИС-ийн профессор Г.Нандинбилэгийн судалгаанд бий.
Хүнийхээ хөрөнгө чинээгээр хувь хүртээж, бэлэг өгдөг ёс өдгөө их, бага бэлэг гэдэг өрөөсгөл ойлголт болон хувирсан нь үндсэндээ тооны болон өнгийн бэлгэдлээ мартсантай холбоотой гэдгийг С.Дулам профессор онцолжээ. Тиймээс ураг удмаа таньж мэдэн (эрт цагт энх мэндийн баярын зэрэгцээ хүн амын багахан тооллого маягтай байсан гэж тайлбарлах судлаачид ч бий) шинэлдэг байсан сар шинийг баяр өдгөө үндсэн утгаа алдаж, хөрөнгө чинээгээ гайхуулж, санхүү мөнгөний хүндрэл, сэтгэл санаа, эрүүл мэндийн стресст нэрвэгддэг өдрүүд болсон нь харамсалтай. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нэг өрх цагаан сарын бэлтгэлд дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг, үүнийх нь 60 орчим хувийг зочдын гарын бэлэг бэлдэхэд зориулдаг гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн оны хүн ам, орон сууцны тооллогоор манай улс 895.1 мянган өрхтэй гэж гарсан бөгөөд 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлын 25 хувь, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн 95 хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг хэмээн таамаглан тооцжээ. Тэгвэл цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг өрх 64 хувь буюу 572.6 мянга өрх зочдынхоо гарыг цайлгах бэлгэнд 357.3 тэрбум зарцуулна гэдгийг ҮСХ-ноос танилцуулсан. Гарын бэлгийн дийлэнх хувийг буюу 357.3 тэрбум төгрөгийн 80-иас багагүй хувийг гадаадын, тэр тусмаа урд хөршийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, гадаадын үйлдвэрлэгчдийг “дэмжихэд” зориулдаг. Жил жилийн цагаан сараар иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн уриалга гаргаж, сошиал сүлжээгээр түгээдэг ч уриалсан чинээгээр бүтэх нь ховор байдаг. Юм бүхэн учиртай. Mongolian Marketing Consulting Group-ээс 2016, 2018 онд хийсэн “Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт хандах хандлагын судалгаа”- ны дүнгээс үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн яагаад хэрэглэгчдийг бүрэн татаж, олон зуун тэрбум төгрөгийг эх орондоо авч үлдэж чаддаггүйн учрыг тайлав. MMCG-ийн 2016 онд анх хийсэн “Цагаан сарын баярт хандах хандлагын судалгаа”-гаар тус баяраар санхүүгийн хувьд хамгийн их тулгамддаг асуудлуудын нэгт 54 хувиар зочдод өгөх бэлгийн асуудал орсон бол энэ тоо 2018 онд 60 хувь болж өсчээ.
Монголчууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сонгон авдаггүй шалтгаанаа өндөр үнэтэй гэж 74 хувь, чанаргүй гэж 19 хувь нь үзсэн бол 16 хувь нь олдоц муутай, 19 хувь нь сонголт муу, 13 хувь нь өнгө дизайн нь гологддог гэж, харин 11 хувь нь хүмүүс тааламжтай хүлээж авдаггүй гэж хариулжээ. Үүний нөгөө талд 10 хүн тутмын 6 нь цагаан сараар авсан бэлэг нь хэрэгцээгүй зүйл байдаг гэж хариулсан байх аж. Хүндэт зочиддоо хэзээ ч хэрэглэхгүй зүйлийг нь хамаг зардлынхаа 60 гаруй хувийг зарцуулан байж авсаар байх уу?
Үнэхээр ч үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авья гэхнээ өрхийн төсөв, нэг хүнд өгөх бэлгийн дундаж зардлыг 3000-8000 гэж тооцоолбол энэ үнэд багтах чанартай, хэрэгцээтэй, өнгө үзэмж сайтай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэр олон билээ. Монос косметикийн санал болгож буй хүүхдийн бэлгийн багц гэхэд үндсэн үнээсээ 13 хувиар хямдраад 20000 төгрөг болсон бол Лхамур брэндийн бүх насныханд зориулагдсан органик бэлгийн багц 14000, Хур брэндийн бэлгийн багцийн дундаж үнэ 15900 байгаа бол номтой бэлэг 8900 төгрөгөөс эхэлж байх аж. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нэг айлд дунджаар 60 зочин хүлээн авна гэж тооцоод, тэдэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс нас, хүйст нь тааруулан сонгож авна гэвэл зардал бүр өсөх болно. Импортын бараа бүтээгдэхүүн 1500 төгрөгөөс эхэлж, сонголт ч арвин байгаа нь чанараас илүү тоонд, нийт үнийн дүнд баригдаж байгаа цагт татгалзах аргагүй санал болж буй. Хүүхэд хөгшид, залуу идэр гэлгүй ирсэн зочдынхоо гарыг цайлгах хүсэл өрх бүрт бий ч гэлээ үүнийгээ хүндрүүлэлгүй авч үлдэх боломж бидэнд бий. Гарын бэлэг өгөхийг улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийнх нь ач холбогдлоор жагсаавал нэн тэргүүнд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч жижиг, дунд гэлтгүй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин тэдэндээ хөрөнгө оруулах явдал орно. “Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө” гэсэн сонголт импортын бараа бүтээгдэхүүн авч мөнгөө гадагш урсгахын оронд дотооддоо үлдэж эргэлдүүлэх гэдэг утгаараа хоёрдугаарт, эцсийн бүлэгт өрх гэртээ санхүүгийн дарамт, өр зээлд орохгүй байхаар шийдэж чадвал гаднын бараа бүтээгдэхүүн худалдан авахыг шууд буруутгах аргагүй гэдгээрээ эцэст нь жагсах юм даа.
Эх сурвалж: EAGLE.MN
|