Түлээ, нүүрс зардаг 500 гаруй хүн хаачих вэ
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 50 ХУВИАР БУУРНА
Энэ оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Харин сайжруулсан түлшийг тодорхой цэгүүдээр борлуулахаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар төлөвлөж буй. Харин өнөөдрийг хүртэл түүхий нүүрс, түлээ мод зарж, борлуулдаг иргэд энэ ажлыг хариуцах уу? Ажлын байр, орлогын эх үүсвэргүй болсон түлээ, нүүрсний худалдаачид хаачих вэ? Энэ талаар тодруулахаар манай сонины сурвалжлах баг албаны хүмүүс болон түлээ, нүүрсний худалдаачидтай уулзлаа.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ БОРЛУУЛАХДАА ТЭДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2019.01.29, Цайз зах. Биднийг 11.00 цаг өнгөрөөгөөд тус газарт очиход нүүрс ачсан портер машинууд ар араасаа урт эгнээ үүсгэн зогсож байлаа. Харин худалдаачид нь “Налайхын нүүрс байна, ямар нүүрс сонирхож явна” хэмээн бүчээд ирэв.
Ирсэн зорилгоо тайлбарлатал, түлээ нүүрсний борлуулагч Баянзүрх дүүргийн иргэн Д.Ганболд “Энэ жил ч яахав, дөрөвдүгээр сараас зарахаа болино.
Харин ирэх жилээс юу хийнэ дээ л гэж бодож байна. Бид чинь нүүрс зарж, хоолоо олж иддэг хүмүүс шүү дээ. Нүүрс, түлээ зараад, хамт ажилладаг хүмүүсээ цалинжуулаад үлддэг ашиг нь ердөө 30 мянган төгрөг л байдаг” хэмээн ярилаа.
Харин иргэн С.Алтан-Од “Би зургаан хүн ажиллуулдаг. Нэг хүнд өдөрт 30 мянган төгрөгийн цалин олгоно. Нүүрс хот руу оруулахыг хориглочихвол зургаан айлын амьдрал зогсоно. Манай ажилчид зун нь барилгын ажил хийдэг. Харин өвөл бол тэр бүр ажил олдоод байхгүй учраас эндээ ирж түлээ, нүүрс зарцгаадаг” хэмээв.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 533 иргэн түүхий нүүрс борлуулдаг гэсэн дүн байна. Тэгвэл ирэх өвөл энэ 500 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг үү? тэдгээр иргэний зарим нь “Сайжруулсан түлшийг борлуулахдаа бидэнтэй хамтран ажиллана гэж байсан. Гэвч сүүлийн үед энэ асуудлыг ярихаа больсон” хэмээн мөрөө хавчин сууна.
Тиймээс энэ мэдээллийг тодруулахаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрыг зорилоо. Тус газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Сайжруулсан түлш түгээх, борлуулах, нөөцлөх ажилд түүхий нүүрс борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулна. Одоо байгаа борлуулалтын сүлжээг хэрхэн, яаж ашиглаж иргэдэд хүртээмжтэй, чирэгдэл багатайгаар үйлдвэрлэх болон шахмал түлшээ хэрхэн түгээх талаар ажлын хэсэг гараад судалж байна” хэмээв. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна гэсэн юм.
-Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн, хаагуур борлуулах вэ?
-Сайжруулсан түлшний борлуулалт болон түгээлтийн ажлын хүрээнд салбар салбарын байгууллагууд хариуцсан ажлуудаа зохион байгуулж байна.
Нийт 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа
Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс сайжруулсан түлш түгээх, нөөцлөх, борлуулалт хийх зориулалт бүхий агуулахуудыг төвийн зургаан дүүрэгт байгуулахаар ажиллаж байна.
-Үнийн хувьд ямар байх бол?
-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд сайжруулсан шахмал түлшийг борлуулахдаа түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байхаар заасан учир нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулахаар тооцоолж байгаа.
-Гэр хорооллын хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?
-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хороололд 202 мянга орчим өрх бий. Үүний 6000 орчим нь халаалтаа цахилгаанаар шийдсэн. Үлдсэн нь 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн урьдчилсан судалгаа гарсан юм. Тавантолгойн түлшний үйлдвэр есдүгээр сарын 15 гэхэд нийт 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Үйлдвэрийн хүчин чадлыг дэс дараалан нэмэгдүүлж, гэр хорооллын хэрэгцээг бүрэн хангана.
-Агаарын бохирдол хэдэн хувиар буурах вэ?
-Гэр хорооллын яндангаас гарах утаа агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлдэг. Сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэсэн судалгаа бий.
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа түлшний агаарт хаягдаж байгаа хаягдал утааны хийн хэмжилтийн дүнгээс харахад сайжруулсан түлшний илчлэг Багануурын нүүрснээс хоёр дахин өндөр, дулаан хадгалалт болон шаталтын хугацаа хоёр дахин урт. Мөн тухайн түлшний агаарт хаяж байгаа зарим бохирдуулагч бодис Багануурын нүүрсний шаталтаас ялгарч байгаа бохирдуулагч бодисоос харьцангуй бага байсан.
-Түүхий нүүрс заруулахгүй байх хяналтыг хэрхэн тавих вэ. Ил задгай нүүрс зарж байгаа иргэдийг цэгцлэх боломж бий юу?
-Улаанбаатар хот руу чиглэсэн түүхий нүүрсний тээвэрлэлт болон хяналт тавих ажлыг НМХГ, НОБГ, НЦГ зэрэг газруудтай хамтран хийнэ. Цаашид шахмал түлшийг битүү байгууламжид борлуулах, зарах талаар ярьж байгаа.