Баатар найруулагчийг эргэн дурсаж байна
БАЯРЦАГААНЫ БААТАР
/1959-2018/
Баярцагааны Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Б.Баатар 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монгол телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллаж байлаа.
Б.Баатар нь театрын тайзнаа:
В.Ёжов “Гургалдайн дуут шөнө”
Э.Оюун “Гарваа”
А.Дударев “Босго”
А.Дударев “Цэргүүд”
Ш.Гүрбазар “Сэрүүн зүүд”
Б.Лхагвасүрэн “Дутуу хээтэй тооно”
Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”
Б.Лхагвасүрэн “Атга нөж”
Д.Урианхай “Хүн бүгд би”
Д.Урианхай “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”
Д.Мэндсайхан “Ээжээ”
Д.Мэндсайхан “Мануухай”
Д.Мэндсайхан “Худалч эгч”
Ц.Хулан “Монгол ардын суут”
А.П.Чеховын “Цахлай”
В.Н.Гоголийн “Амьгүй албат”
М.Сервантесын “Кихот ноён”
Лев Толстойн “Адууны түүх”
зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд,
“Маш нууц”
“Бид ингэж ялав”
“Рин авгай ба аюул”
“Шөнийн сүүдэр”
зэрэг 20 гаруй радио жүжиг
“Хүннү”
“Шагай” зэрэг теле жүжиг
“Икар”
“Соёо”
“Хүйтэн цуст”
“19”
“Тэнгэрийн андгай”
зэрэг дэлгэцийн бүтээлүүд нь ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авъяаслаг уран бүтээлч байсан юм.
Тэрбээр тайз, дэлгэц, телевиз радиод бүтээсэн шилдэг бүтээлүүдээрээ олон улсын болон өөрийн оронд зохион байгуулагдсан фестиваль наадмуудад амжилттай оролцож 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээр “Драмын шилдэг найруулагч”, 1992 онд “Шөнийн сүүдэр” жүжгээр Япон улсад зохион байгуулагдсан Радио жүжгийн наадамд “Шилдэг найруулагч”, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Коссова улсад зохион байгуулагдсан Моно жүжгийн фестивалиас “Гран при” шагнал, 2001 онд “А.П.Чехов XXI зуун” олон улсын наадмаас “Цахлай” жүжгээр “Шилдэг найруулагч”, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, “Кихот ноён” жүжгээр БСШУЯ-ны “Мөнгөн мод” шагнал, “Гэгээн Муза” III, IV,X, XI наадмуудаас “Шилдэг найруулагч”-ийн шагналыг тус тус хүртсэн.
Б.Баатарын Монголын соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг төр засаг, олон нийтийн байгууллагуудаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Э.Оюуны нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.